Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Монгол орон танаас эхэлдэг

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 2014 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Монгол орон танаас эхэлдэг” уулзалт өдөрлөг боллоо. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй улс төр, нийгмийн албатнууд, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгээр ахлуулсан утга зохиол, урлагийн төлөөлөгчид Монгол Улсаас хүрэлцэн ирж, Вашингтон хот орчимд суугаа монгол иргэдтэйгээ санал бодлоо солилцон, мэдээлэл өгч, уран бүтээлээсээ толилуулав.

Бололцоо байна, эх орондоо ирцгээ залуус аа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гадаадад хөдөлмөрлөж байгаа монголчуудаа хүнд хүчир хөдөлмөрийн хамгийн доод шатнаас эхэлж, өндөрлөгт хүрсэн болохыг бахархан дурдаад Монгол Улсад хүний нөөц их хэрэгтэй байгаа, эх орондоо ирцгээ хэмээн уриаллаа. Тэрбээр мөн гадаадад байгаа монголчууд эх оронтойгоо холбогдож, шинэ технологи санаа оноогоо хүргэж эхэлснийг, мөн Нацагням зэрэг залуус гадаадаас эргэж ирээд амжилттай хөдөлмөрлөж байгааг жишээ болгон ярилаа.

Эх орноосоо хол ажиллаж буй хүмүүсээ харж үзэх бололцоо нээгдлээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар АНУ дахь монголчуудын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцах гол зорилготой ирснээ хэлээд саяхан дэлхийн 183 улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоод ажил олгогч нартай хамтран хуралдаад эх нутгаасаа хол, өөр улсад ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн эрхийг эдлүүлэх, хянах нэгдсэн шийдэлд хүрсэн тухай өгүүлэв. Мөн гадаадад байгаа монголчуудаа эх орондоо татах гол хүчин зүйл нь цалин болохыг, тиймээс цалинг нэмүүлэхийн төлөө ажиллахаа амлалаа.

Хятад ажилчдыг хоёр дахин бууруулсан

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар АНУ дахь монголчуудыг зах зээл ойлгодог, системтэй ажиллаж сурсан, хариуцлагатай хүчин болохыг онцлов. Өнөөдөр Монгол Улсад чухам яг тийм л ажиллах хүчин хэрэгтэй байгаа ажээ. Хувийн хэвшлийнхэн, ажил олгогч нарт хүний нөөц, ялангуяа ажил хийж сурсан хүмүүс хэрэгтэй байдаг, гэтэл тийм хүмүүс нь одоогоор Монголд харийнхан болчих гээд байдаг зовлон байдаг аж. Харин ч Хятад улсаас 60 мянган хүн авсан байснаа хоёр дахин цөөлж 30 мянга болгосон хэмээхэд алга нижигнүүлэн ташиж байлаа.

Шагнал гардуулав

АНУ-д амжилттай хөдөлмөрлөж буй зарим иргэнд төр засгийн шагнал гардууллаа. Вашингтон хотноо компани байгуулан амжилттай ажиллуулж, олон монгол иргэнээ ажлын байраар хангасаар ирсэн Дашийн Өлзийхуяг, Гомбосүрэнгийн Ганзориг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Чикаго хотноо оршин сууж буй яруу найрагч Пүрэвсүрэнг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнав. Мөн Хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлийн шагнал, “Хүндэт тэмдэг”-ийг арав гаруй хүнд олгосноос гадна компани байгуулан ажиллуулж буй иргэдэд ажил олгогч нарын хүндэт өргөмжлөлийг гардуулав. Ингэхдээ бас монголчуудыг олноор ажилд аван, ажлын байраар хангадаг америк эздийг ч орхисонгүй.

Монгол сурагчид тэтгэлгийн эзэд боллоо

Виржиниа мужийн Арлингтон хотод монголчууд олноор оршин суудаг. Тус хотын иргэдийн үндэслэсэн “Арлингтоны Хамт олны сан” хэмээх байгууллагын тэтгэлэг олгох үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрлөө. Тус байгууллага нь 1991 онд байгуулагдсан, Арлингтон хотыг хөгжүүлэх, оршин суугчдаа тэтгэн дэмжих, хүмүүнлэг, буяны үйл ажиллагаа явуулах зорилготой юм байна.

Тэдний нэг чухал үйл ажиллагаа нь Арлингтон хотын дунд сургуулиудыг дүүргэж байгаа шилдэг сурагчдад цаашид их дээд сургуульд сурахад нь тусалж, тэтгэлэг олгодог аж. Өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрвөн сая долларын тэтгэлэг олгосон тэд энэ жил 380 мянган долларыг хотынхоо шилдэг сурагчдад гардууллаа.

Тус хотын нийт дунд сургууль төгсөгчдөөс 64 шилдэг сурагч энэхүү тэтгэлгийг хүртэн, цаашид их дээд сургуульд суралцахаар боллоо. Бахархалтай зүйл юу хэмээвээс тэдний дотор авьяас сурлагаараа шалгарсан монгол хүүхдүүд маань ч бас багтаж, манлайлагчдын тоонд зүй ёсоор тооцогдлоо. Үүнд Түвшинзаяагийн Энхжин Жэймс Мэдисоны Их Сургууль, Баяндалайгийн Номин Жэймс Мэдисоны Их Сургууль, Энхболдын Жаргалмаа Виржиниагийн Их Сургууль, Эрдэнэболдын Туул Виржиниагийн Политехникийн Дээд Сургууль, Цэвээнсүрэнгийн Ачболд Денисоны их сургуульд суралцах тэтгэлгээ хүлээн авч, эцэг эх, улс орныхоо нэрийг сайнаар дуртгав.

Нийт тэтгэлэг хүртэгсдийг төлөөлөн Шалма Актер хэмээх охин үг хэллээ. Тэрбээр “Би долоон настайдаа АНУ-д ирсэн. Тэр үед би англи хэл огт мэддэггүй байлаа. Гэхдээ АНУ-ыг их хурдан, их сайн ойлгож чадсан. Сургууль, номын сан зэрэгтэй нь танилцуутаа боломж бол хангалттай байгаа юм байна гэдгийг мэдсэн юм. Ингээд л хичээн суралцаж эхэлсэн. Зүгээр нэг сайн сураад зогсоогүй, санаачилга гарган, араасаа ирсэн хүүхдүүдэд ч тусалдаг болсон.

Энэ бүхний эцэст амжилтад хүрэн, гэр бүлээсээ анх удаагаа их сургуульд сурч байгаа хүүхэд болсондоо их баяртай байна….” хэмээн ярив. Тэтгэлэг хүртсэн монгол хүүхдүүд ч мөн энэ улсад анх англи хэлгүй ирээд, үеийнхээ олон зуун хүүхдийн өмнө гартлаа сурч чадсан нь бахархалтай.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *