Categories
мэдээ цаг-үе

Монгол ноолуурыг эрүүл технологиор гаргаж чадвал “Gucci”, “H&M” брэндүүд үнэ цохиж авахад бэлэн байна

Монголын ноолуурыг дэлхийд гаргах, тогтвортой хөгжлийг бий болгох, байгальд ээлтэй ноолуурын хөгжлийг дэмжихээр салбарын яам, олон улсын байгууллага, элчин сайдын яамд, үйлдвэрийн холбоод, боловсруулах үйлдвэр, дотоод, гадаад брэндийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид чуулж, хэлэлцүүлэг хурал хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.


-Хэлэлцүүлгээр ярьсан гол асуудал юу байв?

-Хамгийн гол нь ноолуураа хэрхэн тогтвортой бэлтгэх үү. Тогтвортой үйлдвэрлэл явуулах уу. Үүн дээр нь мөрдөх тогтолцооны платформыг хэрхэн ажиллуулах уу. Тогтвортой ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төслүүд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг зохицуулах гэх мэт асуудлыг хэлэлцэж байна.

-Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарах бол. Цаашид ямар ажлуудыг бодит болгох боломжтой гэж харж байна?

-Гол нь тогтвортой ноолуур гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгээ ойлгох ёстой. Тэгэхгүй бол тогтвортой гэдэг нь өөрөө параметр биш юм. Таван сантиметр үү, тавин сантиметр үү гэдгийг тогтоогүй. Монголын тогтвортой ноолуур гэдэг нь ийм юм аа, зуд гантай жил ийм байна. Өнтэй жил ийм байна гэдэг ч юмуу параметрээ гаргаж ирээд ярихаар тогтвортой гэх цэг нь хоёр өөр болдог. Түүнээс нөгөө ноолуур гэдэг чинь тогтвортой мөн юм байна. Биш юм байна гэдэг ойлголттой болно шүү дээ. Хуучин бол тийм зүйл байгаагүй. Одоо хамгийн гол нь тогтвортой ноолуур гэж юуг хэлээд байна. Үүнийг яаж ажиллуулах уу, мөшгих тогтолцооны платформыг хэрхэн хамтарч ашиглах уу, үүнийг яаж хөгжүүлэх үү гэдэг үндсэн асуудлуудыг ярилцаж, шийдэл олохоор чуулсан.

-Дэлхийн брэндүүд Монголд орж ирэхэд тулгамдсан асуудал бий юу?

-Тулгамдсан асуудал байхгүй. Өнөөдрийн ярих гол сэдэв нь ноолуур бэлтгэлийн ажлаа хэрхэн чанартай хийх вэ гэдэг асуудал. Бэлтгэлийн ажлаа улам сайжруулъя гэдгийг л яриад байгаа юм.

-Дэлхийн брэндүүд манайд хэрхэн орж ирэх ёстой вэ?

-Дэлхийн брэндүүд манайхаас түүхий эдээ худалдаж аваад бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм. Бид түүхий эдийг нийлүүлэх, цаашдаа самнасан ноолуур экспортолж байгаа бол ээрсэн утас экспортлох чиглэл рүү бодлогоо чиглүүлэх ёстой.

-Дэлхийн ноолуурын хэдэн хувийг манайх хангадаг вэ?

-Манайх 43 хувийг хангадаг. Түүхий эд бэлтгэлээр. Түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр итали, англичууд толгой цохидог. Тэгэхээр бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой. Үүн дээр хөрөнгө оруулалт чухал. Мөн ноолуурынхаа зах зээлийг хамгаалах бодлогын асуудал дутагдалтай байна.

-Монгол боловсруулж байгаа ноолуурынхаа хэдэн хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг вэ?

-2016 онд нийт ноолуурынхаа 9.8 хувийг л дотооддоо авч байсан. Өнгөрсөн жил бид 27 хувийг дотооддоо авсан. Тэгэхээр энэ нь маш том амжилт. 1.5 дахин өсгөсөн. Яг эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна уу. Анхан шатны боловсруулалт хийж байна уу гэдгээ ярилцах хэрэгтэй.

-Ноолуурын үнэ хэр тогтвортой байгаа вэ?

-Өнгөрсөн жил зүүн аймгийн ноолуур дээд тал нь 130 мянган төгрөг хүрсэн. Жил тутам инфляцитайгаа уялдаад 9-10 орчим хувиар ноолуурын үнэ нэмэгддэг. Энэ жилийн хувьд зүүн аймгуудад хөдөө аж ахуйн биржийн хийсэн арилжаан дээр Дорнод аймгаас худалдан авсан ноолуур 140 мянга хүрсэн. Ер нь бол дундаж үнэ 125 мянган төгрөг байдаг. Баруун аймгуудын ноолуурын үнэ 88-100 мянган төгрөгөөр үнэлэгдэж, зарагдаж байна. Зарим тохиолдолд 80 мянган төгрөгөөр ноолуур нийлүүлэгдэж байгаа. 80 мянгын ноолуурын хувьд чанар муутай, бүдүүн ширхэгтэй.

-Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаа хаагуур зарлагддаг вэ?

-Хэнтий, Сүхбаатар гэх голлох аймгуудад болдог. Мөн Говь-Алтай аймагт болсон.

-Малчид ноолуураа тушаагаад дууссан уу?

-Ноолуур бараг дуусчихсан. Арваад хоногийн дараагаас ноолуур самналт бүрэн дуусна. Яагаад гэхээр энэ жил цас ихтэй байлаа. Эрт ноолуураа самначих юм бол малын хорогдол үүснэ шүү дээ.

-Дотоодын үйлдвэрлэгчид хэдий хэмжээтэй ноолуур авдаг вэ?

-Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг төсөвлөөд энэ жил олгох ёстой байсан. Тэр нь 3000 гаруй тонн ноолуурыг дотооддоо бэлтгэх зорилготой байгаа.

-Зорилтдоо хүрсэн болов уу?

-Мэдэхгүй. Одоогоор үйлдвэрүүдээс мэдээллээ аваагүй байгаа болохоор тодорхой болоогүй байна.

-Ноосны худалдан авалт эхэлж байгаа юу?

-Ноос одоо хяргаж эхэлж байгаа.

-Хэдий хүртэл үргэлжлэх үү?

-Наймдугаар сарыг дуустал.

-Үнэ ханшийн хувьд хэдтэй байгаа вэ?

-Энэ жил ноосны үнэ нэлээд унах төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил бол 4000 төгрөг хүртэл өссөн. Дэлхийн ханшийн хэлбэлзлээс болдог. Түүнээс бид эцсийн бүтээгдэхүүний ханшийг мэдэхгүй шүү дээ. Түүхий эдээр ноос дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгийн ханштай байна түүнээсээ шалтгаална.

-Хонь, тэмээний ноосоо дотоодын үйлдвэрлэлд ашигладаг уу. Экспортлох уу?

-Сарлагийн хөөврийг бол манайхан бүгдийг нь авдаг. Тэмээний эм ноосыг бүгдийг нь авна. Хонины ноосны 70 хувийг угаагаад экспортолно.

-Самнах технологийн хувьд ямар байх ёстой вэ. Манайх технологийн шаардлага хангаж чадаж байгаа юу?

-Нийт самнах технологийн 90 орчим хувь нь Хятадын технологиор явж байгаа. 10 орчим хувь нь Итали, Германы сайн технологи бий. Дэлхий дахинаа ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж, бүтээгдэхүүн хийгдэх явцад байгаль орчин, амьтан үйлдвэрлэгчийн амьжиргаа зэрэг олон асуудлыг цогцоор нь харгалзах болсон. Олон зуун жилээр байгал орчин, таван хошуу малд ээлтэйгээр замнаж ирсэн уламжлалт мал аж ахуйн үнэ цэнийг дэлхийд таниулах боломж нь уг хэлэлцүүлэг болохыг НҮБ-ын Хөгжлийн хэлтсийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биати Транкман онцлон хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн алдартай бэлэн хувцасны брэндийн төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм. Тэд монгол ноолуурыг эрүүл технологиор гаргаж чадвал “Gucci”, “H&M” брэндүүд үнэ цохиж авахад бэлэн байгааг хэлж байв. “H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү “Манай брэнд дэлхийн бэлэн хувцасны үйлдвэрлэлээр гуравт жагсдаг. Сүүлийн үед дэлхий дахинд амьтны эрхийг зөрчиж, үйлдвэрлэл явуулж байгаа бол дэлхийн томоохон брэндүүд татгалзах хандлага гарч байна. Гэхдээ Монголын зах зээлд нэвтэрч, ноолуур худалдан авах сонирхолтой байгаа. Монгол ноолуур маш чанартай байдаг. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас монгол ноолуурыг хэрхэн самнадаг талаар видео гаргасан. Энэ видеоноос болж хэрэглэгчдийн зүгээс маш их дарамт шахалт ирсэн. Гэхдээ бүрмөсөн ноолууран бүтээгдэхүүнээс татгалзаж байна гэсэн үг биш. Монгол Улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал нь эрүүл, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн гэдгээ баталчихвал өндөр үнээр авахад бэлэн байгаа” гэсэн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ноолуурын тогтвортой өртгийн сүлжээ” төслийн менежер Б.Оюунтүлхүүр ярихдаа “Өнөөдөр бид Монгол Улсад ноолууртай холбоотой асуудлаар чуулж байна. Сүүлийн жилүүдэд ноолуурын тансаг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг том брэнд үйлдвэрүүд ноолуур түүхий эдэд шаардлага тавьдаг болсон. Бидний хэрэглэж байгаа ноолуур нь дэлхий нийтэд бэлчээрийг доройтуулдаг хэмээн яригддаг ямаанаас гардаг. Тэгэхээр бэлчээрээ доройтуулаад, байгаль орчинд хохирол үзүүлээд байгаа тохиолдолд энэ түүхий эдээр хийсэн хувцас хэрэглэлийг хэрэглэхгүй гэдэг хандлага бий болсон. Нөгөө талдаа нэгэнт ноолуур байх нь тодорхой. Монгол уламжлалаараа ямаагаа маллана, өсгөнө. Ноолуураа самнана, ашиглана, бүтээгдэхүүн хийнэ. Үүнийг яаж зөв голдиролд нь оруулах ёстой юм бэ гэдэг дэлхий нийтийн шаардлагад нийцүүлсэн байдлаар ноолуураа боловсруулах уу, яаж ноолуураа үйлдвэрлэх үү гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Гол тавьж байгаа шаардлага нь байгаль орчинд ээлтэй тогтвортой байдлаар боловсруулж, үйлдвэрлэсэн ноолуурыг бид авахыг хүсч байна. Дэлхийн зах зээл дээр ноолуурын түүхий эдийн 50 хувийг Хятад Улс хангадаг. Монгол Улс 40 гаруй хувийг хангадаг. Үндсэндээ Монгол, Хятад хоёр улс л дэлхийн зах зээлд ноолуурын түүхий эдийг хангаж байна. Гэтэл Хятад түүхий эдээ өөрсдөө 100 хувь ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болгоод зардаг. Дээрээс нь манай улсаас түүхий эдээ нэмж авдаг. Өөрийнхөө ноолуурыг манайхтай холиод гарал үүслийг нь хэлэхгүй Хятадын ноолуур гээд цааш нь зардаг. Бид Монголынхоо ноолуурын гарал үүслийг тодорхой болгож, олон улсын стандартад нийцүүлсэн байдлаар мал аж ахуйгаа эрхлээд байгал орчинд ээлтэй ноолуурыг нийлүүлэх нь зүйтэй. Энэ чуулганд төр засгийн төлөөлөлч нар ирсэн. Тогтвортой байдлаар ноолуур үйлдвэрлэх асуудлыг дэмждэг төсөл хөтөлбөрүүд цугласан байна. Олон улсад нэр хүнд бүхий ноолуурын бүтээгдэхүүн худалдаалдаг том брэндүүд ч чуулж. Чанарын стандартыг тогтоодог гадны байгууллагын төлөөлөл ирж. Тэгэхээр бид бүхэн хамтарч чуулаад Монгол Улсаас гарал үүсэл нь тодорхой ноолуурыг дэлхий нийтэд таниулъя, байгаль орчинд ээлтэй байдлаар нь үйлдвэрлэх тал руу монголчууд явах ёстойг таниулан хамтран ажиллах сувгаа илүү боловсронгуй болгохоор шийдлийг олох хэрэгтэй. Энэ чуулганы төгсгөлд цаашдаа Монгол Улсад тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй байлгах замын зураг, үйл ажиллагаагаа тодорхойлсон өртгийн сүлжээн дэх бүх талуудын оролцооны үүрэг хариуцлага нь тодорхой байх шийдлийг гаргах зорилготой” гэв.

Ноолуурын зах зээлд Монголын эзлэх хувь өндөр. Тиймээс энэ талаар Олон улсын Кренг компанийн тогтвортой эх үүсвэр ба инновацийн дарга Хелен Кроулигаас тодрууллаа.

-Монгол ноолуурын дэлхийд өрсөлдөх чанар хэр байдаг вэ?

-Өрсөлдөх чадварын хувьд шууд хэлэхэд амаргүй. Гэхдээ монгол ноолуурын хувьд боломж өндөр байгаа. Яагаад гэвэл ноолуурыг хэрхэн гаргаж авдаг нь эрт үеэсээ уламжлагдсан уламжлалт аргаар, уламжлалт соёлын хүрээнд, бэлчээрийн мал аж ахуйгаас гарсан ноолуур учир гайхамшигтай. Өрсөлдөх чадварын хувьд боломж бий гэж харж байна. Гэхдээ энэ түүхийн цаана үр дүн байх ёстой. Үнэхээр чанартай үйлдвэрлэхийн тулд байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэсэн хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болгосон үзүүлэлт байх ёстой.

-Хятад улс дэлхийн зах зээлийн 50 хувийг, Монгол Улс 40 гаруй хувийг хангадаг гэж байна. Тэгэхээр Хятадтай харьцуулахад манай улсын ноолуурын чанар хэр юм бол?

-Яг энэ талын асуултад хариулах мэргэжлийн хүн биш л дээ. Тогтвортой байдал тал дээр нь голчлон ажилладаг. Монгол, хятад ноолуурыг харьцуулахад хоёр өөр чанарын шугам дээр байгаа. Хятадынх нарийн, микрон багатай, цагаан голчилсон байдаг. Монголынх чанараа сайжруулахаар маш их ажил хийж байгаа. Монголын ноолуурын давуу тал нь олон төрлийн ширхэглэгтэй, олон төрөл гардаг. Ноолуурын чанар гэхээр хүмүүс ихэвчлэн өнгө, ширхэг, микрон зэргийг боддог. Монгол ноолуур дээр энэ бүх чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар үйлдвэрлэгдсэн, уламжлалт байдлаа алдаагүй зэргээс шалтгаалан үнэ цэнэ нь нэмэгдэх ёстой гэж бодож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *