Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй

Билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр хэмээн үзэж “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол бахархлын өдрөөр жилд нэг удаа хийсэн бүтээснээрээ шалгарсан нэг эрхэмд Төрийн тэргүүн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэжээ.

Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон. Дараа нь уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Үүнээс хойш тус одонгоор нийт 11 эрхмийг шагнаад байна.

“ЧИНГИС ХААН” ОДОНГ ХҮРТСЭН ЭРХМҮҮД:

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

-2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

-2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

-2016 онд Дуучин Г.Ариунбаатар

-2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хүртээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *