Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол адуучны тухай баримтат кино Ванкуверын Олон улсын наадамд шалгарчээ

Уулын сэдэвт олон улсын кино наадам болох “Vancouver International Mountain Film Festival” энэ сарын 19-нд онлайнаар эхэлж, шилдгүүдээ тодруулжээ. Vancouver International Mountain Film Festival нь 24 дэх жилдээ Канадын Ванкуверт зохион байгуулагдсан байна.

Тус баримтат кино Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт орших Дархадын хөндийд оршин суудаг нүүдэлчин аж ахуй, амьдралтай иргэд тэр дундаа адуучин залуугийн амьдралын талаар өгүүлдэг.

Тэр дундаа нутгийн уугуул иргэдийн адуу малыг хулгайлах гэмт хэргийн талаар болон адуучин залуус хэрхэн алдуул адуун сүргийнхээ араас явж буйг харуулдаг. Тус баримтат киноны товч агуулгад дурдсанаар бол малын хулгайчид нүүдэлчдийн адуун сүргийг хулгайлсныхаа дараагаар Оросын хилээр давуулан мал нядалгааны газарт үнэд хүргэн зарж наймаалдаг. Харин адуугаа алдсан адуучин буюу эмнэг сургагч малын хулгайчдын мөрөөр Монголын тайгаас Оросын Сибирь хүртэл цаг агаарын хүнд хэцүү бэрхшээлийг үл ажран мөшгөдөг аж.

Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар 75 минутын турш үргэлжилдэг тус баримтат киног бүтээхийн тулд эмнэг сургагч Шүхэрт нэртэй монгол залуугийн араас даган эрэлд гарч олон тооны баримт цуглуулжээ. Ийн тус кинонд адуугаа алдсан эмнэг сургагч хулгайчдын араас орчин үеийн нөхцөлд хэрхэн мөрдлөг хийж байгаа мөн алтны эрэлд явж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэж байгаа талаар ч давхар өгүүлдэг.

Канадын Ванкувер хотноо зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ сарын 28-ныг дуустал цахим платформ дээр үргэлжлэн зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *