Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсчээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж буй гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеэс 10.4 дахин өсжээ.

11 дүгээр сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өссөн байна. Төгрөгийн харилцах 38.9 хувиар, валютын харилцах 49.3 хувиар, төгрөгийн хадгаламж 29.2 хувиар өссөн нь нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж буй гадаад цэвэр активын хувьд өмнөх оны мөн үеэс 10.4 дахин өсөхөд гадаад валютын албан нөөц бараг хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой аж.

Бодлогын хүү сүүлийн 12 сар дараалан 13 хувьд хэвээр хадгалагдаж байгаатай зэрэгцээд банкны салбараас аж ахуйн нэгжид олгох зээл олголт харьцангуй буурч байгааг Төв банк онцолж байлаа. Тодруулбал: 11 дүгээр сарын эцсийн байдлаар дотоод цэвэр актив 27.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна.

Хэдийгээр зээлийн жилийн өсөлт 18.5 хувьтай байгаа ч хувийн байгууллагад олгосон зээл 4.2 хувиар өсжээ. Харин иргэдэд олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.4 хувиар өссөн байна.

Арилжааны банкнуудын зээлийн төлөвийн түүвэр судалгаанаас харахад ирэх гурван сард зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үүнийг дагаад том болон дунд банкнууд нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх бол жижиг банкнууд хэвээр хадгалах төлөвтэй байгаагаа илэрхийлжээ.

2023 онд Төв банкны үнэт цаасанд байршуулсан эх үүсвэрээс хүнсний аж ахуй эрхлэгчдэд зээл олгож байгаа бөгөөд 2024 онд ч үргэлжлүүлэн олгох асуудал УИХ-аар яригдаж байна. Хэдий тийм боловч энэ нь арилжааны банкаар дамжиж буй тул зээлийн нөхцөл шалгуурын хувьд бизнесийн зарчмаар явагдаж байгааг Монголбанк онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *