Мьянмарын арми улсын бүхий л эрх мэдлийг гартаа авч, бүтэн жилийн турш улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Түүнчлэн томоохон хотуудад гар утас, интернетийн сүлжээ доголдсоноос гадна тус улсын үндэсний “MRTV” телевизийн дамжуулалт тасалдаж, армийн мэдлийн телевизүүд мэдээллийг дамжуулж байгаа аж.
Мьянмарын удирдагч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг өнөөдөр /2021.02.01/ тус улсын Зэвсэгт хүчнийхэн барьцаалсан талаар албаны хүмүүс мэдээлжээ. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцадмал болж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам ялалт байгуулсан юм. Гэсэн ч олон жилийн турш тус улсад дэглэмээ тогтоосон зэвсэгт хүчнийхэн уг сонгуулийг будилаантай болсон гэж үзсэний улмаас төрийн эргэлт гарч болзошгүй байдалд хүрээд байсан ажээ.
Ийнхүү тус улсын удирдагч Аун Сан Су Чи армийнханд баривчлагдсан тул Даваа гаригт хуралдах байсан Засгийн газрын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Ардчиллын төлөө үндэсний лиг намын хэвлэлийн төлөөлөгч Мио Ньюнтын хэлснээр хатагтай Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт болон бусад удирдагчдыг өнөөдөр үүрээр баривчилсан байна. Цэргүүд мөн хэд хэдэн хотын дарга нарыг гэрээс нь баривчлан авч явсан талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. Тус улсын нийслэл Найпитав болон хоёр дахь том хот болох Янгонын гудамжинд цэргүүд байрлаад байгаа ба утас, интернетийн шугамууд бүгд тасарсан байгаа аж.