Categories
гадаад мэдээ

Мерс вирусаар дахин нэг хүн нас барлаа


Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусаар дахин нэг хүн
нас барсан тухай Өмнөд Солонгосын эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ.
Одоогийн байдлаар тус улсад Мерс вирусын халдвар авсан хүний тоо 64, хөл
хорионд орсон хүмүүсийн тоо 1600-д хүрээд байна. Халдвар авсан
хүмүүсийн дунд өвчтөнүүдийг эмчилж байсан эмч багтсан нь олон нийтийг
ихээхэн түгшээж байгаа аж.

Тус улсад сая шинээр 14 тохиолдол бүртгэгдсэний 10 нь нэг эмнэлгээс
илэрчээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээр үйлчлүүлж байхдаа вирусын халдвар авсан
байх магадлал өндөр гэж албаны хүмүүс мэдээлж байна. Сөүл хотын
захирагч Пак Вон иргэдэд Мерс вирусын талаар хангалттай мэдээлэл
олгохгүй байна гэж Засгийн газрыг буруутгажээ.

Дашрамд, Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай
эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар
сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын
Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ
мэдээлжээ.

Мерс вирусын гол халдвар тээгчийг тэмээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харамсалтай нь уг вирус амьтнаас хүнд, хүнээс хүнд хэрхэн халдварладаг
нь тодорхойгүй байгаа юм. Харин халдвар авсан хүнд өндөр халуурах,
ханиалгах, амьсгалахд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *