Categories
гадаад мэдээ

Мехико хотод хүчтэй газар хөдлөлт болжээ

Энэ сарын 8-ны 00:50 цагт Улаанбаатар хотод газар хөдөлсөн. Тэгвэл үүнтэй ижил байгалийн үзэгдэл Мексикийн зарим хотод болсон байна.

Мягмар гарагийн шөнө Мексикийн нийслэл болон өөр нэг хотод хүчтэй газар хөдлөлт болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Хүчтэй газар хөдлөлт Номхон далайн амралтын хот болох Акапулкогийн ойролцоо болж, тэндээс 200 милийн зайд орших Мехико хотод мөн мэдрэгдэж, байшин барилгууд чичирсэн байна. Энэ үеэр Мехико хотын зарим хэсэгт цахилгаан тасалдсан талаар орон нутгийн иргэд ярьжээ.

Мехико хотын оршин суугч Клаудиа Гуарнерос: “Гэртээ ээж болон нохдынхоо хамт байж байхад чичирхийллийн сэрэмжлүүлэг дуугарч эхэлсэн. Би нөгөө өрөөнд байсан, ээжийг дуудах зуур байшин чичирхийлж эхэлсэн. Эцэст нь тог тасарсан. Бидэнд өөр зүйлийг анзаарах сөхөө байгаагүй. Эд зүйлс унаж байгаа чимээ л сонсогдож байлаа” гэв.

Америкийн Геологийн судалгааны хүрээлэн энэхүү газар хөдлөлтийн хүч 7 магнитуд хүрсэн гэж мэдээлжээ. Голомт нь Герреро мужийн Пуэбло Мадеро гэх жижиг хотын зүүн өмнөд зүгт 8 километрийн зайд байжээ. Акапулко арлаас 48 километрийн зайд гэсэн үг юм. Харин Мексикийн мэргэжилтнүүд газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Өөр нэг мэдээллийг хүргэхэд, Мексик улсын төвийн Идальго мужид их хэмжээний бороо орж, эмнэлгийн барилга усанд автсан байна. Тула гэх жижиг хотын эмнэлэг усанд автах үеэр цахилгаан тасалдаж, 17 өвчтөн амиа алджээ. Хохирогчдын зарим нь коронавирусээр хүнд өвчилсөн, хүчилтөрөгчийн аппараттай байсан юм.

Аврагчид 40 өвчтөнийг тус эмнэлгээс нүүлгэн шилжүүлжээ. Идальго мужид нийт 30 гаруй хүн үерт өртсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *