Categories
мэдээ цаг-үе

Маяагийн түүхт Мексик нутгаар (II)

Түрүүч нь № 089(6190) дугаарт


САН КРИСТОБАЛ ДЕ ЛАС КАЗАСА

Мексикийн жижиг хотуудаар аялан явахад байгаль гэдэг гайхам сайхан. Манан буусан сүрдэм уулсын ойг хага яран хад хавцлын дундуур цагаан хөөс цахруулан унаж урсах цэнгэг уст гол, хүрхрээний хажуугаар өнгөрөхөд “Хүн гэдэг байгалийн сүр хүч, гоо жавхлангийн дэргэд ямар өчүүхэн юм бэ” гэсэн бодолд автаж явснаа нуух юун. Нуур тэнгисийнх нь усны өнгө тун сонин. Номин тэнгэрийн өнгө, эрдэс давстай нил ягаан гээд есөн эрдэнийн будаг асгасан мэт олон өнгөөр солонгорохыг хараад л баймаар хачин гоё.

Гватемал-Мексик хоёр улсын хилийг давах маш энгийн. Явган алхаад л хил орчихно. Замын нөгөө талд бараа маш хямд тул асгарах бороон дундуур Нарантайгаа хамт шаварт халтирч унахгүйн тулд гар гараасаа хөтлөлцөн гүйсээр, Гватемал орж жаал жуул зүйл худалдаж авчихаад буцаж гүйгээд Мехсик орчихов.

Хөдөөний хот Сан Кристобал Де Лас Казас гэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар Наран маань биднийг буулгаж, ажилдаа яарсаар Туксгла Гутиериз хот руугаа буцлаа. Уулын хөндийд, жижигхэн толгодоор хүрээлэгдсэн монгол хүнд ёстой л тохирсон сэвэлзэх салхитай, сэрүүн цэнгэг агаартай сайхан газар. Үлгэрийн номонд гардаг шиг улаан вааран дээвэртэй, испани загвартай, шар, хөх өнгө алагласан намхан байшингуудын шал нь хөх цахиур чулуу. Зуун жил болсон хад шиг хар хүрэн өнгөтэй модон тааз, ганган гэж янзтай хаалга нь хараа булаана.

Машин зөрөмгүй, чулуун шигтгээт гудамжаар хуучны гурван дугуйт мотоцикл унасан эр өглөө бүр “Агуа агуа – ус ус” гэж жигд хоолойгоор уянгалуулна. Энэ үед айлууд цонхны модон хаалтаа онгойлгож, төмөр түгжээг нь тор тор дуугаргасаар өглөөний нарны тунгалаг гэрэл, сэнгэнэсэн цэвэр агаар гэртээ оруулна.

Харин өдөр цайны цаг дөхөх үед дугуйтай хүн “Шинэ жимс”, “Шинэ ногоо” гэж жигд дуугаар чимээлнэ. Энэ агшинд айл бүрийн хаалганы хонх жингэнэж, оршин суугчид үүднээсээ ууттай ногоо жимсээ авцгаана.

Өглөө эрт уулнаас бууж ирсэн Цоизил индианчууд майхан асраа босгож худалдааны захаа нээж, урлаж хатгаж, оёж шидсэн гэр ахуйн болон бэлэг дурсгалын зүйлсээ давхарлан уул овоо мэт болгож тавиад зарцгаана. Цоизил хүүхнүүд цэцгэн хатгамалтай цамц өмсөх хэрнээ халуун зунаар тас хар үстэй юбка өмсөцгөөх юм. Хувцаснаасаа л анхаарал татах бүсгүйчүүд хүүхдээ үүрэн задгай галын утаагаа маналзтал сэвээд хулсан шороор хатгасан эрдэнэ шиш шарцгаана.

Хүнсний зах дээр халуун чинжүү, төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгөтэй шош буурцгийг овоо мэт босгон асгаж, төмөр хутгуураар уутална. Ууталсан чинжүү, шош, буурцгаа ихээ хуучин цагийн том, жижиг ширмэн туухайнуудаар сурамгай гэгч жинлэх нь өнгөрсөн, одоо сүлэлдэх шиг жигтэй содон мэдрэмж төрүүлнэ.

Хотын төв талбайд гэрэлтэж орших тод шар өнгөтөй Санто Доминго хэмээх том сүмээр хүмүүс байнга орж гарна. Өнөөгийн индианчууд христ, эртний маяагийн бөө мөргөлийн шүтлэгтэй. Эртний маяачууд биендээ шивээс хийлгэж, бурхан тэнгэртэй холбогдон, онцгой хүчин чадал авдаг гэдэгт итгэдэг байж.

Сан Кристобал дах “Хаш чулуу”-ны музей сонирхлоо. Маяачууд ногоон, цайвар, цагаан хашийг ихэд үнэлж эдэлж явсны зэрэгцээ “амьдрал-үхэл” гэх зан үйлд хэрэглэдэг байж. Язгууртан дээдсээ үхэхэд ахин төрөх бэлгэдэл болгон аманд нь хаш үрэл хийдэг байж. Энэ мэт сонин хачныг сонсонгоо үнэт хаш чулуугаар урласан аварга хөшөө, маск, сийлбэр үзсэн минь өнөө ч сэтгэлд тод, гайхам хэвээр байна.

Сэтгэлд үлдсэн өөр нэг үзвэр бол “Хув чулууны музей”. Түүхий хув, хамгийн үнэтэй хэмээх хар хүрэн хувны үүсэл гарал, олзворлох, үйлдвэрлэх явцыг харуулсан кино үзлээ. 300 гаруй төрлийн үзмэртэй энэ музей хүнд гүнзгий мэдлэг өгөхөөр газар юм. Аяллынхаа ихэнх хоногоо Сан Кристобалд өнгөрөөхдөө хатгамлын хичээл, хоолны сургалтад ч суугаад амжив. Ингээд жуулчдыг соронзон мэт татдаг үзэсгэлэнт Канкуныг зорин нислээ.


КАНКУН

Мексикийн зүүн хойд зүгт орших орчин цагийн гял цал Канкун бол жуулчдын олноороо зорьдог хот. Зочид буудлаас таксигаар 30 гаруй минут явж “Xcaret Park- Ксарт Парк”-т очлоо. Өглөө нээгдэхэд нь үзсээр орой харанхуй болтол яваад ч барахгүй үзэх зүйл ихтэй газар юм. Эртний маяачуудын тосгонууд ямар байсныг эндээс харж болно. Маяачууд ямаагаа хэрхэн маллаж, ноосоо яаж ээрч байсныг ч биеэрээ мэдэрч, үзэх боломжийг бүрдүүлжээ. Яг л эртний маяачууд шиг какоа, шоколад гарган суугаа жуулчид олонтаа таарах нь бас л хачирхам содон дүр зураг. Маяачууд ийм л байсан байх даа гэсэн зураглалыг харж болохоор учраас энэ газар жуулчдыг соронздон татдаг байх.

Жуулчдын зарим нь далайд дельфинтэй зэрэгцэн шумбангаа шүр, далайн морь, олон загас жараахай, жижиг амьтдыг сонирхох ажээ. Түмэн төрлийн өнгөт эрвээхэй, тоть шувууд, цоохор ирвэс, хавцал доогуурх завьтай аялал, Мексикийн оршуулгын газар, олон арван дэлгүүр, кофе, хоол цайны газрууд гээд сонин гайхам агшнууд тасралтгүй үргэлжилнэ. Өдрийн турш тусгай талбайд тодорхой цагуудад испани бүжиг, богино тоглолтууд жуулчдын нүдийг хужирлаж сонорыг мялаана. Хамгийн сонирхолтой нь лимбэний зөөлөн эгшиг дор амилах “Нисдэг эрс” хэмээх индиан бүжиг. 30 метрийн өндөр шонд авиран гарсан эрс хөлөө олсоор уяж, толгойгоо доош харуулан эргэлдсээр буух нь түгшүүртэй хэрнээ гайхам.

Хамгийн том Ла Кокина рестораны зэргэлдээ тусгай хайсалсан талбайд үзэсгэлэнт цагаан морь унасан царайлаг мексик эр хурдлан давхина. Ингэж салхи татуулан давхихдаа мориныхоо уран хөдөлгөөн, өөрийнхөө ухаан чадварыг гайхуулан үзүүлбэр үзүүлэх нь бахтай. Цагаан морьтой сайхан эрийн дуу алдам эрмэг үзүүлбэр тойрон суусан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ. Хуниатай өргөн хормойтой даашинзтай, уруулаа час улаанаар будсан, хөөрхөн бор хүүхнүүд эрхэмсэг, бас цаанаа л нэг донжтой. Тоглолтын төгсгөлд цагаан морьтой залуу, уламжлал ёсоор улаан цэцэг барин талбайгаа тойрон давхиж байснаа эхний эгнээнд сууж байсан миний өмнө ирж цэцгээ өгсөнд догдолсон үзэгчид алга ташицгаав.

Үдэш нь эртний маяагийн пирамид хэлбэртэй 6000 хүний суудалтай театрт, 300 дуучин бүжигчдийн хоёр цагийн нүсэр концертыг дуусгаад гарахад Мексикийн шөнийн тэнгэрт одод аль хэдийнэ түгж, эртний маяачуудын галын бамбар гэрэлтэн асаж байлаа.

Д.АЗЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *