Польшийн ерөнхий сайд Матеуш МоравецкийУкраины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Украинд хийсэн дайралт нь түрэмгий Оросын төгсгөлийн эхлэл” гэж мэдэгджээ.”Өнөөдөр бид Европын ирээдүйн дүр зургийг харуулж байна. Кремль, Путин, Москва Украины төгсгөлийг хүсч байсан. Гэвч өнөөдөр энэ дайн бол бидний мэдэх түрэмгий Оросын хувьд төгсгөлийнх нь эхлэл болсон гэдгийг бид харж байна. Гэхдээ бас цоо шинэ Европын хамтын нөхөрлөлийн эхлэл болж байгааг харж байна” гэж Моравецкий Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр онцлон хэлжээ.
“Орос улс энэ дайнд болон украинчуудын эх оронч сэтгэлийн эсрэг тэмцэлд аль хэдийн ялагдсан. Түрэмгийлэгч Орос Украины төлөөх энэ дайнд ялагдсанаар манай Европын бүс нутагт ноёрхох санаархал нь ч бүрэн ялагдана гэдэгт би итгэлтэй байна” гэж Моравецкий мэдэгджээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Варшавт айлчлан Польш, Украин улсууд цэргийн хангамжийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээнд Польш улсаас “Росомак” хуягт тээвэрлэгч, “Рак” өөрөө явагч миномёт, “Пиорун” гэх гар агаарын довтолгооноос хамгаалах систем, “МиГ сөнөөгч онгоц болон бусад зэвсгийг нийлүүлэх асуудлуудыг тусгасан байна. Үүнээс гадна Зеленский, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий нар Польшид сум, зэвсэг үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцан тохирсон байна.
Г.АМАРСАНАА