Categories
мэдээ нийгэм

Марс, Сникерс, Милки вей шоколадыг эргүүлэн татахаар болжээ

Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгчдийн нэг гэгддэг Марс компани сникерс, милки вей, марс зэрэг бидний амтархан иддэг шоколадуудыг Их Британи болон Европын хэд хэдэн орноос захиалгаа эргүүлэн татахаар болжээ. Тус компаниас хэрэглэгчиддээ эдгээр шоколадыг идэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь өнгөрсөн сард Германд сникерс шоколаднаас улаан өнгийн хуванцар гарч иржээ.

Уг шоколадыг Марс компанийн Недерланд дахь салбар үйлдвэр нийлүүлсэн байна. Хэдийгээр эдгээр шоколадны хугацаа 2016 оны зургаадугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд дуусахаар байгаа ч тус салбараас Их Британи, Герман, Испани, Франц зэрэг 55 орон руу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Түүнчлэн марс, твикс, сникерс, боунти, милки вей зэрэг шоколадуудын цуглуулга болох “Celebrations”-ийг ч зах зээлээс буцаан татах юм байна.

Эдгээр шоколадыг үйлдвэрлэгч Недерланд дахь салбарын удирдлагууд “Зөвхөн сникерс шоколаднаас л хуванцар гарч ирсэн ч бусад шоколаданд байхгүй гэсэн баталгаа өгч чадахгүй. Иймд зах зээлд нийлүүлсэн бүх шоколадыг эргүүлэн татахаар шийдсэн” гэж мэдэгджээ.

Дашрамд дурьдахад, тус компани М&M, Твикс, Галакси, Баунти зэрэг 29 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил 33 тэрбум ам.долларын борлуулалттай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *