Categories
мэдээ нийгэм

​Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдсээр байна

“Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхий дахинаа мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл ихсэх болсон. Иймд НҮБ-ын байгууллагын санаачлагаар 1989 оноос эхлээд жил бүрийн зургадугаар сарын26-ны өдрийг “Мансууруулах эм , сэтгэц идэвхит бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Энэ жилийн хувьд “Эхлээд сонсъё- Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна. Монгол Улсад мансууруулах бодисын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, сануулах, энэхүү уриаг хэрэгжүүлэх зорилготой юм.

2016 оны НҮБ-ын Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тайланд, дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг. Үүнээс29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний 1/6 нь эмчилгээнд хамрагддаг. Мөн мансууруулах бодис хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ/ДОХ болон вирус гепатит С- ээр халдварлагдсан байна.

Монголд НЭМГ болон бусад байгууллагатай хамтарч хийсэн 2010 оны “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх нийт судалгаанд хамрагдагсадын: 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн.

Мөн 2012 онд хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Нийгмийн Эрүүл Мэндийн Газар/НЭМГ/, Сэтгэцийн эрүүл Мэндийн Үндэсний Төв/СЭМҮТ/ болон бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах бодис хэрэглэгч 100 хүний дунд хийжээ. “Мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн хэрэглээ, тэдний мэдлэг хандлага, хор уршгийн талаарх тандалт судалгаа”-ны үр дүнд хэрэглэгчдийн 56 хувь нь нь 16-25 насандаа анх мансууруулах бодис, эм хэрэглэж эхэлсэн. Энэ нь залуучуудын дунд мансууруулах бодис , эм бэлдмэл зонхилж байгааг уг судалгааны тайлан харууллаа.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Мансууруулах бодистой ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүсээс экпертиз явуулахад 2011 онд 11 хүн, 2015 онд 90 хүн, 2016-139 хүн байсан бол, 2017-239 хүн болж нэмэгдсэн” гэв.Мөн өсвөр насны хүүхдүүдийн мансуурч байгаа дийлэнх шалтгаан нь “Найз нөхөдтэй болох гэж” гэсэн хариултууд байсан ажээ. Иймд нэгдүгээрт хэн нэгэн эрсдэлтэй санал тавихад “Үгүй” гэж хэлж сурах, хоёрдугаарт эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, ярилцах нь үр дүнтэй гэсэн юм.

ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр “Эхний таван сарын урьдчилсан байдлаар хар тамхитай холбоотой 84 гэмт хэрэгт 186 хүн одоогоор шалгагдаад байгаа бөгөөд 40 хувь нь 18-35 насны, 11 хувь нь 18 хүтэлх насны хүмүүс. Мөн ОХУ, Хятад улсаас хар тамхи, мансууруулах бодис ихэвчлэн зөөвөрлөдөг. Мансууруулах бодис зөөвөрлөх гол шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой” гэж тэрээр хэлсэн юм. Мансууруулах бодис зөөвөрлөгчдийн ихэнх нь амьжиргааны түвшин доогуур, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс бол, хэрэглэгчдийн хувьд чинээлэг айлын хүмүүс зонхилж байна. Харин зарж борлуулдаг хүмүүс ихэвчлэн амьжиргааны дундаж түвшинтэй хүмүүс байдаг гэнэ.

Дашрамд иргэдэд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилготой СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ-тай хамтарч хийсэн “Амьдралын өнгө” нэртэй богино хэмжээний кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Ц.УРАНБОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *