Categories
мэдээ нийгэм

Манай улс жилд 900 сая литр сүү бэлтгэх нөөцтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

“Монгол улсын уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгож, хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, түүн дотроо сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын үүрэг, оролцоо, тогтвортой хөгжил чухал. Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Малын тоо толгойн өсөлттэй зэрэгцэн энэ боломж бололцоо улам нэмэгдэж байна. Монгол Улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд бүрдүүлдэг учир сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм. Үүний тулд сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч бидэнд суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, гарцыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал бий.

Иймээс бид сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Афганистан, Бангладеш, Бутан, Вьетнам, Непал, Индонези, Энэтхэг, Хятад, Мьянмар, Монгол, Филиппин, Тайланд, Шри Ланк улс гишүүнээр элсжээ. Зөвлөлдөх уулзалтад Нарийн бичгийн дарга нарын газраас Ази тивийн сүүний түншлэлд нэгдэж хамтран ажиллах саналыг Монгол Улсад Элчин сайдын яамтай Япон, БНСУ, БНАСАУ, БНАЛАУ, Казакстан, Кувейт, АБНЭУ-д хүргүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *