Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авна

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Лүн, Аргалант, Эрдэнэсант сум, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумын тариаланчидтай уулзаж, ургацын төлөв байдалтай танилцлаа.

Өвөрхангай аймгийн хувьд тариалангийн зонхилох хэсэг нь Хархорин суманд байдаг, газар тариалангийн 60 жилийн түүхтэй сум. ХХААХҮ-ийн сайдын Хархорин сумын тариаланчидтай хийсэн уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж байсан. Малчин, тариаланчдын хоорондын зөрчил нэлээн байдаг тухай тэд ярьж, үүнийг Төрөөс болон орон нутгаас хэрхэн анхаарч ажиллах вэ гэдгийг асууж байсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Шинээр батлагдсан Тариалангийн тухай хуульд энэ асуудлыг нэлээн сайн тусгаж өгсөн байгаа. Тийм учраас энэ хуулийг орон нутагт сурталчилж, малчид тариаланчдад тайлбарлаж өгөх шаардлагатай байна. Яагаад гэвэл Хархорин сумын хувьд тариалалт сүүлийн үед нэлээн тэлж байгаа учраас зөрчлийн асуудал нэлээн хүчтэй байна. Харин Сэлэнгэ, Төв аймгийн хувьд ийм зөрчил сүүлийн хэдэн жил байсан хэдий ч Тариалангийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон журам боловсруулаад зохицуулалтаа хийгээд явж байгаа” гэлээ.

Өнгөрөч долоодугаар сар гарснаар байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалт, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Мөн болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн гэж салбарын яамнаас мэдэгдсэн.

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авахаар тооцоо гаргажээ. Тодруулбал нийт үр тарианаас 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал байгаа аж.

Өнгөрсөн жил хэт халж, ган болсон. Мөн цаг уурын байгууллага цаг уурын төлөв, мэдээллээ зөв өгөөгүй, үүл буудаагүй зэргээс болж тариаланчид их хэмжээний ургацаа алдсан. Харин энэ жил дээрх алдаагаа дахин давтахгүйн тулд талууд байнгын холбоотой ажиллаж байхыг салбарын сайд үүрэг болгосон юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр наймдугаар сарын 22-24 ний өдрүүдэд нутгийн баруун болон төвийн нутгаар бороо орох юм. Мэдээллийг нарийвчилбал энэ сарын 22-нд нутгийн баруун, төв, зүүн хойд хэсгийн нутгуудаар, наймдугаар сарын 23-ны өдөр нутгийн ихэнх хэсгээр, сарын 24-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтворгүй болж, бороо орон сэрүүсэх төлөв ажиглагджээ.

Тариаланчид цаг агаарынхаа мэдээллийг тогтмол авч, ургац хураалтаа хийх шаардлагатайг цаг уурчид онцолж байна. Мөн ургац хураалтад ашиглах техникээ бэлэн байлгах шаардлагатай юм. ХХААХҮЯ-ны намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *