УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.12.18/ хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, хэлэлцэх талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлсэн. Зарим улс төрийн намууд удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан байна.
МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа өнөөдөр бүлгийн хуралдаанаар тойргийн асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Одоо УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намуудтай бүсчилсэн тойргийг хэрхэн байгуулах, хэдэн мандаттай байхыг ярилцаж, саналуудаа тохиролцох юм. Түүний дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.