Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ

Өнгөрдөг баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр төрийн албан хаагчдыг халах солих яриа өрнөв. Төрийн албан хаагчдыг сүүлийн дөрвөн жилд 40 мянгаар нэмэгдүүлсэн учраас талыг нь хасахаас өөр арга алга, уучлаарай бид 20 мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгоно гэж МАН-ын засаг учирлана лээ. Өнгөц сонсоход МАН их л сэтгэл гаргасан харагдаад байгаа юм. Хөөрхийс аргаа барсандаа л өнгөрсөн дөрвөн жилд АН-ын нэмсэн 40 мянган албан хаагчаас ядаж 20 мянгыг нь хасахаас аргагүйд хүрч гэж өрөвдөн бодож гэж уучилмаар харагдаж байгаа биз. Гэтэл дараахан нь УИХ-ын дарга асан З.Энхболд сургууль, цэцэрлэгийн ажилчдыг төрийн албан хаагчдын тоон дээр нэмсэн шүү дээ гэсэн тайлбар хийж харагдсан. Сургууль, цэцэрлэгт ажиллагсад бол том арми. Төрийн албан хаагчдын дунд чамлахааргүй хэсэг эзэлнэ. Тэгэхээр МАН тоон дээр ажиллаж байгаа гэсэн үг. Ингэж тоон дээр тоглосноор А, Б, В яамны Дорж, Дулмаа, Дондогийг халах боломж МАН-ын өмнө нээгдэж буй хэрэг.

УИХ-ын чуулганаар 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас халах яриа өрнөсний дараахан цагтаа төрийн албан хаагч байсан, өдгөө УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэг эрхэм 20 мянгаас ч илүү төрийн албан хаагчийг халах хэрэгтэй гэж дуугаа чангална лээ. Ингэхэд ер нь төрд хүмүүсийг яагаад ажилд авч, ямар шалтгаанаар халдаг юм бэ? Одоо ад үзээд байгаа 20 мянган төрийн албан хаагч өнгөрсөн дөрвөн жилд зүгээр нэг компьютер ширтэж суугаагүй нь ойлгомжтой. Дор бүрнээ, тус тусдаа ажлаа амжуулаад хөлсөө дуслуулж явсан байж таарна.

Манайд нэг гаж зуршил бий. Аль нэг нам нь ялахаараа өрсөлдөгч намынхаа дарга нарыг биш, танил шиг минь хөлсөө дуслуулан байж төрийн хамаг ажлыг нугалсан жирийн албан хаагчдыг ад үзээд унадаг. Зүй нь төрийн албан хаагчдыг ад үзээд байгаа төрийн томчуудыг өдий дайны болгосон нөхөд нь хэн билээ. Ажлаа алдаж, байрны лизингээ төлж чадахгүй нь гэж шанаагаа тулж суугаа өнөө төрийн албан хаагчид шүү дээ. Халахаар бэлдсэн өнөө 20 мянган төрийн албан хаагч. Төрийн томчуудын энэ хүртэл мандан бадарсан нууц нь ердөө л төрийн жирийн албан хаагчид. Шуудхан хэлэхэд төрийн албан хаагч гэдэг их том ойлголт. Дугаар байрны оршин суугч тэр гэх хувь хүнээс илүү том зүйл төрийн албан хаагчийн ард бий. Сүржин сонсогдож магадгүй. Төрийн албан хаагч бол монгол төрийн ой санамж, хүчирхэг байхын үндэс нь. Орос, Хятад гэх том гүрний дунд өнөө хүртэл өөрийн өнгө төрх, орон зайтай оршин буй Монгол гэдэг улсын дархлаа нь төрийн албан хаагчид.

Төрийн албан хаагчдыг буруугаар ойлгодог гэнэн гэмээр хандлага нийгэмд бий. Аль нэг нам нь ялахаар хэн нэг даргын үзэмжээр сувинер шиг тавигдчихдаг хэдэн нөхөр гэж төрийн албан хаагчдыг хардаг нь нууц биш. Үнэндээ төдийгөөс өдий хүртэл цөөхөн хэдэн төгрөг авч ажилласаар ирсэн төрийн албан хаагчдад сая хэлсэн гэнэн хандлага хэтэрхий жижигдэнэ. Тэд төрийн бүх л хар ажлыг хийсээр өнөөг хүрсэн улс. Өнөө маргаашийн цөөхөн төгрөгөөс илүү үнэ цэнэ байгаа учраас төрд ажилладаг жирийн албан хаагч өчнөөн бий. Эдний л хүчээр төрийн хүнд механизм урагшилдаг юм. Түүнээс биш сонгуульд ялбал гишүүний зөөлөн суудалд тухалчихаад ялагдахаараа бизнесээ эрхлээд явчихдаг улсын нуруун дээр монгол төрийн дархлаа тогтдоггүй.

Өдгөө засгийн эрхийг барьсан МАН гэхэд л төрийн албан хаагчдад яснаасаа дургүй, төрөлхийн хадаргаатай нам. 2000 онд 15000 төрийн албан хаагчийг ажлаас нь халж байсан МАН өдгөө 20 мянган төрийн албан хаагчийн хувь заяагаар тоглоно гэдгээ улс даяар ил тодоор зарлачихлаа. Одоо хална гэж зарлаад байгаа 20 мянган албан хаагчийг МАН-ын өрсөлдөгч АН ажилд аваагүй. Тэднийг төр ажилд авсан юм. Тэд төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа улс. Аль нэг улс төрийн хүчин нь сонгуульд ялангуутаа төрийн албан хаагчдыг хоморголон халаад байвал Монголын төр хэзээ ч хүчтэй байж чадахгүй. Учир нь төрийн дархлаа, төрийн ой санамж бол зөвхөн төрийн албан хаагчид. Аль нэг нам засгийн эрх авангуутаа төрийн албан хаагчдыг өчнөөн мянгаар нь халаад байвал энэ төр чинь яаж тусгаар ихэмсгээр оршин тогтнох юм.

Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байсан залуугийн үгийг энд онцолмоор санагдаж байна. Ерөнхий сайд нь солигдож л байдаг, ажлын албаныхан нь солигддоггүй гэж тэр ярьж байсан. Танил маань ”Сайдын туслах л солигддог, бусад нь ажиллаад явдаг. Гэтэл манайд эсрэгээрээ юм аа” гэж мөрөө хавчиж билээ. Үнэндээ манайд эсрэгээрээ. Шинээр гарч ирсэн засаг хуйгаар нь сольж байж сая санаагаа амраадаг. Юун төр, юун төрийн дархлаа, юун уламжлал, юун хар хайрцагны бодлого…. Зүй нь монгол төрийн зангараг гэж том зүйл байх учиртай.

МАН бас нэг поп зорилт өмнөө тавьчихаад улаан тугаа намируулж яваа. Ихээ олон хүн өнөө зорилтыг нь дэмжээд байгаа юм шиг санагдсан байх. “Бид төрийн өмчит компаниудын захирлын цалинг хуйгаар нь танаж байгаа. Тэд одоо бидэн шиг л цалинтай ажиллана” гэж дуугаа өндөрсгөж байна. Бод доо, өөрөөс нь бага цалин авчихаад, өөртэй нь адил зовлон яриад, өөртэй нь адил таваргаад байгаа нөхрийг даргаа, удирдагчаа гэж харах хүн гарах уу. Төрийн өмчит компанийн үнэ цэнийг өргөх ажлыг өнгөрсөн засгийн үед дажгүй хийчихсэн. Саяхан гэхэд л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа олон улсын стандартаар гаргадаг болсон гэж мэдээлсэн. Төрийн өмчит компаниуд дэлхийн жишгээр ажиллах эхлэлээ тавьчихсан энэ үед Ерөнхий сайдын таналт дэлхийд хэр ухаалаг харагдах бол?… Бодох учиртай өнцөг.

Тэгэхээр сонгуульд ялж засаг барьж буй намд алтан зөвлөгөө болохоор нэг санал байна. Юуны түрүүнд төрийн ой санамж, дархлаа болсон төрийн албан хаагчдыг халахаа боль. Тэгтлээ их халж солих хүсэлд автаад байвал улс төрийн албан тушаалуудынхаа хүрээнд л эрхээ эдэл. Өнөө амтат бялуугаа энэ хүрээндээ л хуваа. Монгол төрөөр битгий оролд. Энэ Монголын хөх төр чинь 2200 гаруй жилийн арвин түүхтэй. Хүннүгээс эхлээд Их Монгол, бүр сүүлд гэвэл Манжийн эсрэг барьсан зуун дамнасан их бодлого, за тэгээд ардын хувьсгал, Орос гэдэг ганц гүрнээс хамаатай далан жилийн түүх, ардчилал ялснаас хойших 26 жил, өнөөг хүртэл Монголоороо оршин буй нь монгол төрийн хэдэн мянганаар өвлөгдөн ирсэн төрийн дархлаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд нэг нам нь гарахаараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг боллоо. Тэр дундаа МАН засгийн эрх авахаараа төрийн албан хаагчдыг ямар нэг өрөвдөм шалтгаан хэлж “заналтайгаар” хоморголон халдаг. Төрийн дархлаа суларч байгаагийн хамгийн том шалтгаан нь ерөөсөө энэ. Төрийн албан хаагчдыг хуйгаар нь халах хэрээр төрийн тусгаар тогтнол хэврэгшиж байгаа нь хатуу ч гэлээ үнэн.

“Өдрийн сонин” Монголын төрийг түвшин, тусгаар тогтносон, бүрэн бүтэн, хүчирхэг байхын төлөө үгээ хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өдгөө төрийн албан хаагчдыг хоморголон халахын эсрэг дуугарч байгаа нь ч цаанаа ийм шалтгаантай. Ажлаас халах тушаал хүлээн авах гэж буй 20 мянган төрийн албан хаагчийг нэгдэж тэмцэж дуугараасай, тэр дууг нь илүү тодоор төрд хүргэхсэн гэсэн хүсэл зорилго бидэнд бий.

Уг нь МАН-ыг ард түмэн төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж олон хүнийг ажил амьдралаас нь салгаарай, монгол төрийн дархлааг үгүй болгоорой гэж сонгоогүй. Наад зах нь л талх тариагаа аваад байрны лизингээ төлөх дайны цалинтай амьдрах гэж, цаад зах нь улсаа эдийн засгийн дажгүй хөгжилд хүргэх хүслээр МАН-ыг сонгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *