Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН: Цаадуулын чинь яаж зодолдохыг харъя

Энэ зургийг Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын
даргын гэрт намын бүлгээрээ өдрийн зоог барилаа” гэсэн тайлбартайгаар уржигдар
цахим сүлжээнд тавьжээ.

Өчигдөр
10.00 цагаас үд дунд хүртэл хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан хаалттай боллоо.
Зарим мэдээллийн сувгууд нэлээд ширүүн уур амьсгалтай болсон тухай мэдээлсэн.
Хурлын эхэнд Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдыг чөлөөлөх жижиг эрх ашгаас илүү чухал асуудал байгааг
ЗГХЭГ-ын дарга бүлгийн гишүүддээ сануулсан гэх. Энэ нь бүлгийн зарим гишүүдийн
дургүйцлийг хүргэсэн ч эцсийн бүлэгтээ АН-ын бүлгийн гишүүд ойлголц­сон талаар
эх сурвал­жууд мэдээлж байна. Ч.Сайханбилэгийн танхимаас МАН-ын зургаан сайд
огцорсон ч цаашид танхим нь тогтвортой байлгах дээр бүлэг санал нэгджээ.
Тэгэхээр МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг Ч.Сайханбилэг оруулж ирэх юм
байна. Харин тэдний оронд УИХ дотроосоо сайд тавина гэдэг дээр АН-ын бүлэг бас
санал нэгджээ. Энэ бүх процесс УИХ дээр явагдах үед АН-ын бүлгийн гишүүдийн
зүгээс эсрэг үйлдэл хийвэл намын зүгээс хүлээлгэх хариуцлагын асуудлыг тодорхой
ярьжээ. Тэгсэн нөхдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор
мэдэгдсэн байна. Эс үйлдэл хийгсэд гэсэн нэр томъёо Н.Алтанхуягийн Засгийн
газрыг огцруулсан цагаас хойш гарах болсон. Энэ нь юу гэхээр чуулган дээр
асуудал хэлэлцэх, санал хураах үед ямар нэг шалт­гаанаар хурлаас чөлөө авдаг,
утсаа салгадаг, сураггүй болдог, улайм цайм картаа сугалж аваад юбкаа урчих
шахан гарч гүйдэг, сөрөг хүчнийнхэнтэйгээ хамт өрөөндөө ура хашгираад зогсож
байдаг АН-ын нэр бүхий гишүүдэд зориулсан үг хэллэг юм. Ялангуяа ингэсэн нөхдөд
дээрх хариуцлагын асуудал хатуу яригдана гэдгийг сануулжээ. Тийм болохоор
сонгууль болоход ердөө 10-хан сар үлдсэн энэ мөчид АН-ынхан АН-ын гишүүн шиг
байхыг хичээцгээх бололтой. Зарим нэг мэдээллийн хэрэгс­лийн дамжуулсан шиг
АН-ын бүлгийн хуралдаан эхнээсээ дуустал ширүүн уур амьс­галтай болсон гэдэг нь
юу л бол. Хаалттай бүл­гийн хуралдаан дуусч хаалга нээг­дэхэд тус намын бүлгийн
гишүүд бүгдээрээ Б.Гарамгайбаатар гишүүний төр­сөн өдөрт баяр хүргэн инээл­дэж
хөхрөлдсөөр гарч ирц­гээсэн юм. Гэхдээ яаж ч мэдэх түгжлүүд байдаг л даа.

Бүлгийн
хурал тарсны дараа бүлгийн дарга Б.Гарамгай­баатар бүтэн таван цаг орчим
хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлц­сэнийг
хэвлэлийнхэнд товч­хон танилцуулсан. Олны анхаарлыг татаж буй зургаан сайдын
асуудлын талаар тэр ингэж мэдээллээ. “Засгийн газрын гишүүдийн асуудал
Ерөнхийлөгчтэй зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа. Ерөнхий сайдын зүгээс АН-ын
даргад өргөн барьсан шаардлага манай намын дүр­мээр явагдана. Хэрэв ээлжит бус
чуулганы 14 хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал
хэлэлцэгдэхгүй бол дахин ээлжит бус
чуулган зарлана. Манай намын дүрэмд ҮЗХ-г намын дарга нь хуралдуулах шийдвэр
гаргадаг. Үгүй бол гишүүдийн гуравны нэг нь шаардлага тавьсан тохиолдолд ҮЗХ-г хуралдуулж болно” гэсэн юм.

Ерөнхий
сайдын зүгээс Засгийн газрын зургаан гишүүний асуудлаар Ерөнхий­лөгчтэй
зөвшилцөх хугацаа ажлын тав хоног байдаг юм байна. Мөн “Олонхи болоо­гүй олон
намаас бүрдсэн Зас­гийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй”
гэдгийг ч бүлгийн хуралдаанаар сөхөж ярилцсан бололтой.

Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын ҮЗХ-нд
шаардлага хүргүүлж байгаагаа хэв­лэлийн­­хэнд мэдэгдсэнийг дахин товчоор
хүргэхэд “…Зургаан сайдыг чөлөөлснөөр асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал
нээлттэй хэвээрээ байсаар байх болно. Тийм учраас миний түрүүний хэлдэг намын
дарга, Ерөнхий сайд хоёр хамт байх ёстой
гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Тийм учраас дөнгөж сая УИХ-ын дарга,
Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаард­лага хүргүүллээ.
Энэ шаардлагад дээрх асууд­луудаа шийдэх үүднээс АН-ын Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралдааныг наймдугаар сарын 3-ны УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө
зарлан хуралдуулж, намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх
асуудлыг шийдэх ёстой гэдгийг тусгасан.
Үүнийг ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр шийдэх ёстой… Тиймээс маш яаралтай хугацаанд
ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүллээ”
хэмээн мэдэгдсэн билээ.

Харин
өчигдрийн ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ
“Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүү­дийг
огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж
байгаа гэж мэдэгд­сэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд
өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа
үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит
бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн
бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, дээрх
асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Өчигдөр
МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлтэйгөө хамтран намынхаа цагаан байранд
хаалттай хуралдсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэд юу гэж үзсэн гэхээр
тэртэй, тэргүй АН-ынхан хоорон­доо зодолдоод эхлэх нь. Их хурлын сонгууль ч
ойртож байна. Манай нам дундуур нь орж элдвийн юм яриад яахав, тэдний яаж зодолдохыг
харж байя. Намжмаар болвол гал өрдчихөөд л хараад байя. Харин одоо С.Бямбацогт,
Д.Хаянхярваа хоёр гараад хэвлэлийнхэнд жаахан мэдээлэл өгчих, Эрүүгийн хууль,
Эдийн засгийн ил тодын хууль нь буруу гэдэг талаар. Дээр нь АН-ынхан ингээд
Засаг барьж чаддаггүй хүмүүс гэсэн пиарыг өргөн фронтоор сайн явуулах талаар
ярилцжээ. Харин бүлэг нь тусдаа ордонд хуралдах үеэр Д.Лүндээжанцан гишүүн
“Манайхан завсарлага л аваад байгаарай” гэж чангаар хэлэх нь хаалганых нь цаанаас хамгийн тод сонсогдож
байсныг эх сурвалжууд ярьж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *