Эрх барьж байгаа намын бүлэг Их хуралд 65-уулаа сууж байна.Өнөөдөр тэд олонх болоод төр барьж байгаа хувь заяа нь С.Баярын хүчин зүтгэлтэй шууд холбоотой. Шинэ цагийн түүхэнд хар толбо үлдээсэн алдарт долдугаар сарын 1-ний хурц тэмцлээр МАН-ыг хаах боломж бүрдсэн байв. Бухимдал нь туйлдаа хүрч ассан иргэд, тэмцэгчид намын байрыг галдан шатаасан. Гэтэл С.Баяр намаа төлөөлж улаан нүүрээрээ гарч ирээд МАН-ыг аварсныг бүгд мэдэж л байгаа. Хэрэв С.Баяр ийм алхам хийгээгүй бол МАН өнөөдөр эрх барих нь байтугай Их хуралд ч суудал авч чадахгүй л байсан байх. Харамсалтай нь өнөөдөр тэд С.Баярыгаа яагаад тоохгүй байна вэ. Уг нь академик шинж чанартай, зарчимч, ноён нуруутай гэгддэг МАН-д хүндэтгэл, ёс зүй гэж баймаар юм даа. С.Баяр бол намын нэр хүндийг өсгөхөд асар их ажил хийсэн хүн.
Монголчууд Оюу толгойн том төслөөрөө дэлхийн газрын зураг дээр тодрох замыг С.Баяр тавьсан. Ийм том төслийг эхлүүлнэ гэдэг хэн хүний хийчихдэг ажил биш. Жинхэнэ улс төрийн эр зориг шаардсан шийдвэр байдаг. Харин С.Баяр Оюу толгойг хөдөлгөж чадсан. Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, гадны хөрөнгө оруулалт татсан түүний гавьяаг хүн бүр одоо ярьж байна. Гэхдээ С.Баяр тухайн үед Оюу толгойгоос дутахгүй том шийдвэр гаргасныг хэн ч тоохгүй байх юм. Одоо манай улсыг тэжээж байгаа том орд болох Таван толгой бүхэлдээ хувьд очоод байсныг С.Баяр төрд эргүүлж авсан. Үүнийг хүмүүс санадаг болов уу. Эсвэл түүний шийдвэрт өсөрхсөн хүмүүс өнөөдөр шоронд явуулчихав уу.
Байгалийн баялагтай хэрнээ буурай хөгжилтэй орнуудын туршлагыг харахаар уул уурхайгаа хөрөнгө, мөнгөтэй улсуудад тавиад алдчихдаг. Нэгэнт хувийн өмчид очсон хөрөнгийг ард түмэн нь ч, төр нь ч мянга заргалдаад авч чаддаггүй. Бид яг л ийм зам руу явах гэж байсныг С.Баяр зогсоосон. Тэр үед Таван толгойн хувьцааг ард түмэнд тараана гэдгийг иргэн Дугар нарын хүмүүс дуугардаг байв. Ингээд С.Баярын Засгийн газар Таван толгойг хувийн компаниас хурааж, төрд авах замаар иргэдэд эзэмшүүлье гэсэн санаачилгыг гаргасан. Ингэж Таван толгойгоо авч үлдсэн гавьяатай хүнээ өнөөдөр шоронд явуулчихаар яаж Таван толгой хөдлөх юм бэ. Монголын төр зүтгэсэндээ халтай гэгчээр гавьяа байгуулсан хүмүүсээ барьж, хориод байх юм бол үнэндээ хөдлөх хүн олдохгүй л болов уу. Энэ Засгийн газраас Таван толгойг хөдөлгөх тал дээр ажиллахгүй байна гээд л нэхээд байдаг. У.Хүрэлсүх мэдээж шоронд орохыг хүсэхгүй шүү дээ.
Хэрэв С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шоронд унагахгүйгээр авч үлдвэл дараа дараагийн хүмүүст том дархлаа болно. Тэгж чадахгүй бол олон жил хүлээлт үүсгэсэн том төслүүд хөдлөхгүй, улс төрийн том шийдвэрүүд гаргах зориг, зүрхтэй хүн ч олдохгүй.