Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж байгааг анхааруулав

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга болон МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус мэдэгдэлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал нь хууль зөрчиж байгаа бөгөөд МАН-ын бүлэг хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж байгааг анхааруулсан байна.

Бүлгийн дарга С.ЭРДЭНЭ: 2016 оны долоодугаар сарын 30-ны бямба гаригийн шөнийн 02:00 цагт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн дуусгавар болсон гэсэн хууль бус, үндэслэлгүй асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг чөлөөлөх оролдлогыг Монгол Ардын намын зүгээс хийсэн. Энэ хууль бус асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ.

УИХ-аас Төрийн албаны Зөвлөлийн нэр бүхий орон тооны гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Чөлөөлөгдөх гэж байгаа хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны нэг дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох учиртай.

Гэтэл Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ гэсэн хуулийг зөрчиж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ээлжийн амралттай байгаа үед нь халж солих гэсэн нь нийт төрийн албан хаагчдын хууль ёсны эрхийг үл хүндэтгэсэн эрээ цээргүй үйлдэл гэж үзэж байна.

Тиймээс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангаж. асуудлыг хүч түрэн шийдэхгүй байхыг МАН-ын бүлэг болон УИХ-ын даргад хатуу анхааруулж уг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна гэлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *