Categories
мэдээ улс-төр

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр болж байгаа билээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сурталчилгааны хаалтаа 12 цагт Тусгаар тогтнолын ордонд хийлээ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр 15 цагт Сүхбаатарын талбайд болох юм.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын үеэр “Монголын ард түмний итгэлийг дааж Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгээ андгайлан тангаргалъя. Ийм итгэлтэй байгаагийн учир нь УИХ, Засгийн газраас бүрэн дэмжлэг авах боломж зөвхөн надад байна. Парламент, Засгийн газраа бужигнуулахгүй, зөв зүйлд нь хориг саад тавихгүй байх нь миний үүрэг. Сөрөг хүчин хяналт тавьж байгаа нэрээр хагалган бутаргаж байгааг ард түмэн хүсэхгүй байна. Хэрүүлтэй газар жавар тогтдог. Тиймээс жаврыг үргээж дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө зүтгэх болно. Ард түмэнтэйгээ ойр Ерөнхийлөгч байх болно. Сайн бүхнийг дэмждэг Ерөнхийлөгч байх болно. Дэлхий дахинд цөөхүүлээ хэрнээ том орон болжээ гэж хүлээн зөвшөөрүүлж нэгдэн алхахыг хүсч байна. Хэлэх амархан. Хийх хэцүү. Гэхдээ хийж чадна гэсэн итгэл, хийх ёстой гэсэн тэмүүлэл байна. Би эвлэлдэж нэгдсэн үндэстэн, иргэндээ ээлтэй төрийг бий болгох замаасаа буцахгүй. Тиймээс эвтэй монгол, ээлтэй төрөө сонгохыг хүсье. Ирээдүйгээ та сонгож байна гэсэн үг юм. Монгол орон зөв замаа олох уу, эс олох уу. Хөгжлийн ирээдүй рүү нүүх үү, хуучин буйрандаа үлдэх үү гэдгийг сонгох түүхэн сонголт юм. Тиймээс үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг бодож сонголтоо хийхийг хүсье. Сонголт тань мэргэн байх болтугай. Эвтэй Монгол ялна” гэхэд намын гишүүд, дэмжигчид түүнд баяр хүргэн, уухай түрсэн юм.


Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *