Categories
мэдээ улс-төр

МАН-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар сая Ерөнхий сайдтай уулзаж, шаардлага өгчээ. Шаардлагадаа “Сүүлийн үед эрх баригч нам, эвслийн хоорондын дотоод зөрчлийн улмаас төрийн үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцөл алдагдаж байгаад УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг харамсаж байна.

Засгийн газрын зарим гишүүн улс төрийн хариуцлагаас зугтах, сайд нарт хариуцлага тооцох санал гарган Улсын Их Хурлаар удтал хэлэлцсэний эцэст саналаа буцаан татах, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд амьдралын хэрэгцээ шаардлага хангахгүй, боловсруулалт дутуу байгаа зэрэг олон шалтгааны улмаас хууль тогтоох байгууллагын цагийг үрсэн үйл явц байнга өрнөх боллоо.

Энэ хугацаанд Таны тэргүүлсэн Засгийн газрын бодлогын алдааны хор уршиг улам гүнзгийрч, улс орны эдийн засгийн байдал хурдтайгаар унаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зогсолтгүй нэмэгдэж, валютын ханш 1820 орчим төгрөгт хүрч ажилгүйдэл, ядуурал хүрээгээ тэлж хяналтаас гарлаа.

Төрийн сайд нарын алдаа завхрал, хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж, удирдлагын хомсдол нийгэмд бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, улмаар нийгмийн сөрөг үзэгдэл гэмт хэрэг, зөрчил газар авч онц ноцтой, жигшүүрт хэргүүд өдөр алгасахгүй шахам гарч, ард иргэдийг айдас хүйдэстэй амьдархад хүргэж байна.

Хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүрт ашиглах явдал хэвийн үзэгдэл мэт болж, эцэст нь Засгийн газрын тохируулагч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний амь үрэгдэхэд хүрлээ.

Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг Ерөнхий сайд Танаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтайгаа 10 хоногийн дотор улс төрийн хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *