Categories
мэдээ нийгэм

​Малаас хүнд халдах өвчний гаралт буурахгүй байна

Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт өнгөрсөн сарын сүүлээс эхлэн эрчимжиж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Тэгвэл статистик мэдээгээр мал амьтны гаралт гоц халдварт өвчний гарал буурсан байна.

Малын халдварт өвчний дэгдэлт 2014 онд 6.6 буюу сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлттэй байсан юм. Харин 2016 онд тус үзүүлэлт 3.2 болж буурсан байдаг. Улсын хэмжээнд боом, галзуу өвчин хамгийн их дэгддэг бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байдаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байгаа аж.

Одоогоор Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Түвшрүүлэх, Хашаат, Өгийнуур, Хотонт, Цэнхэр сумдад шүлхийнээс үүдэн хөл хорио тогтоосон бол Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт сумдыг зорчих хэсгийг хаасан хэвээр байгаа юм. Манай улсын тухайд мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжсөн бүс нутагт хамаарах тул энэ төрлийн өвчний гаралт санхүүгийн хувь хүндээр нөлөөлөөд буй. Мөн сүү сүүн бүтээгдэхүүний гаралт багассан тул энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэж байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс “Өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад бүрэн хамруулж, байнгын хариулга маллагаатай байлгахад анхаарч нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагын үүрэг зөвлөмжийг чанд сахихыг” зөвлөж байна.

Халдварт өвчин гарсан тохиолдолд, Мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр малаа эрүүл сүрэгтэй бэлчээр, усаар нийлүүлэх, нутаг сэлгэх, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, дур мэдэн эмчлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй аж. Мөн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэхгүй байхыг сануулж байна.

Өвчтэй мал, амьтан байрласан хашаа, байр, тоног хэрэгслийг халдваргүйжүүлсний дараа ахуйд хэрэглэх, мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн нэвтрэхгүй байхыг анхаарах ёстой аж.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *