Categories
мэдээ цаг-үе

Махчин ургамлууд ан хийх өөр өөрийн аргатай

Африк, Австрали тивд махчин ургамал байдаг тухай сонсоод жихүүцмээр санагддагсан. Сав, шимийн ертөнцөд сонин зүйл олон ч байх юм. Тэрний нэг нь л ангуучин заяатай ургамлын тавилан юм. Ургамал амьтад шиг явах эрхтэнгүй, сонсох чихгүй, араа соёогүй, хүн амьтан шиг хараагүй мөртлөө гадаад хүчин зүйлээ бие эрхтнийхээ үсэнцэр, өргөсний эд эсээрээ мэдэрч, амьтныг ямар ч араатнаас дутахгүй барьж хөнөөгөөд “хоол тэжээлээ” болгон зооглодог аж. Дэлхий дээр одоогийн байдлаар ангуучин амьдралтай 19 овгийн 630 гаруй зүйлийн ургамал манай Дэлхийн янз бүрийн орчинд тархан ургадаг байна. Эдгээрээс манай оронд Эгэл тосондой, Тагийн тосондой, Бөмбөөхэй, Бага Бөмбөөхэй, Тагийн Тосондой, Австралийн Бөмбөөхэй, Завсрын Бөмбөөхэй гэсэн зүйлүүд тархан ургана. Амьтныг “бариад” зооглочихдог хэсэг ургамал байдаг бол зарим ургамал хүний сэтгэлийг хөдөлгөдөг уянгалаг хөгжмийн аяыг мэдэрч, сонсон баясаад өсөлт хөгжилт нь түргэсдэг талаар зохих мэдээлэл авах боломжтой гэхээр ургамал яах аргагүй амьтай бодгальд орох биз.

Байгаль дахь элдэв амьд биесийн үлдэгдэл, аливаа хог новшийг ногоон ургамлын ялгаруулсан агаар дахь хүчилтөрөгч л исэлдүүлэн устгаж хүрээлэн байгаа орчныг ариутгадаг. Хүн, амьтан барьж иддэг махчин ургамал байгаа юу гэсэн асуулт XIX зуунд хүн төрөлхтөнд тулгарчээ. Амьд байгаль судлаач, Английн их эрдэмтэн Чарльз Дарвин шавьж идэштэй ургамлын тухай бичсэний дараа ангуучин ургамлын талаар янз бүрээр бичиж болжээ. Хүний нийгэмд махчин овог аймаг байгаа юм чинь амьтан, хүнээр хооллодог махчин ургамал байж л таараа гэсэн дэгсдүүлсэн олон домог яриа үүсчээ. Үүний нэг нь Мадгаскарын оршин суугч, ламтан Карл Лихегийн Америкийн сэтгүүлд 1860 онд бичсэн өгүүлэл юм. Тэрээр “Мадагаскарын ойн гүнд үзүүртээ барын хумс шиг хурц өргөстэй, аймшигт мөчиртэй заан шиг аварга том мод сүртэй чимээ гарган ой шугуйг найгуулан хүний мах зооглохоор заналхийлнэ.

Газар, тэнгэрийг доргиосон аймшигт чимээгээр нутгийн иргэд жилд хоёр удаа махчин модыг тайвшруулан хүний махаар хооллодог гэнэ. Гар хөлөө янгинатал хүлүүлсэн олзны хүнийг модны дэргэд аваачихад аварга модны тэмтрэгч мөчрүүд могой шиг хяхтнаж исгэрсэн дуу чимээ гаргана. Махчин ургамлын зоогийг бэлтгэсэн зэрлэг омгийнхон модыг тайвшруулахаар тойрон бүжиглэж, аймшигт модны үсэрсэн шүүснээс золиос болох хүнд хүчлэн амсуулж хорт шүүсэнд согтсон хүний хүлээг суллаж тавина. Гар хөл нь суларсан ч ухаанаа алдсан хүн тачигнатал инээсээр модонд өөрөө авиран гарна. Аймшигт мод хахирган дуу гарган урь цагаан өргөст мөчрүүдээрээ идэшний хүний бүх биеийг хоромхон зуур ороож, нүд ирмэхийн зуур ямыг нь шажигнуулан няцалж их биедээ шингээн хооллоно” гэж бичсэн бөгөөд үүнийг нь үнэн гэж батлах хүн ч олон гарсан гэдэг. Тэр ч байтугай нохойг ч махчин мод барихаа шахсан, хүнийг могой мэт орооход арайхийн мултарч амь гарсан гэх цуу яриа ч гарчээ. Энэ бүхэнд хариу болгож ургамал судлаач В.Лей худлаа гэдгийг нь баталжээ. Ан барьдаггүй ч шавьж болон жижиг амьтдыг барьдаг ургамлууд цөөнгүй байдгийг харин мэдэж авчээ.

“Ялаа баригч хатагтай” хэмээх ёгт нэрээр цоллогдсон ургамал гэхэд навчныхаа дээд хэсэгт жад хэлбэрийн гурван хурц хатгууртай бөгөөд навчны баруун тал нь нугастай мэт эвхэгддэг гэж байгаа. Шоргоолж, ялаа, цох хорхой, аалз зэрэг томоохон шавьжууд дээгүүр нь явахад навч угаараа эвхэгдэн, хурц үзүүртэй жадаараа сүлбэн тогтоож авангаа захынхаа сойзных мэт үсүүдээр бүрхээд авна. Тиймээс түүнийг “үмхэдэг хивсэн сойз” гэх нь ч бий. Түүний газар дээрх навчийг ажихад од хэлбэртэй төдийгүй нарны гэрэлд харанхуй тэнгэрийн од мэт гялалзахад сониучхан шавьжнууд сонирхон очиж идэш болдог байна. Навчин дээр шавьжийг гүйхэд нүд ирмэхийн зуур хавхийгээд хаагдана. Навч бүрийн захад нь байх 16-20 ширхэг шүднүүд яг идшээ барьж буй араатны шүд мэт зөрж хаагдах учир идэш болсон амьтан хичнээн зүтгэлэвч гарч үл чадна. Харин ч шавьжны хөдөлгөөний аясаар улаавтар өнгөтэй булчирхайлаг хэсгээсээ шүүс ялгаруулан идшээ боловсруулж эхэлдэг байна. Ингэж гэдсэн навчаа цүдийтэл дүүргэсэн ангуучин ургамал долоо хоногийн турш цатгалан байснаа навчаа нээж, ээлжит золиосоо хүлээнэ дээ. Энэ харгис ч гэмээр ургамал Атлантын далайн эрэг орчмын Хойд Америкт ховорхон тохиолдоно.

Монгол орны хувьд ялаа шавьжаар хооллодог ангуучин ургамлын хэд хэдэн төрөл байгааг биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Тэрээр дэлхийн болон Монгол орны махчин ургамлын талаар “Ангуучин ургамал” хэмээх ургамлын ертөнцийн сонин хачныг өгүүлсэн танин мэдэхүйн ном хэвлүүлсэн аж. Хөвдөт намгийн “мангас” хэмээн нэрлэсэн Үст хиг (Droserar rotundifolia L.) гэдэг ургамал ялаа буухад урт навчинцрын тэмтрүүлүүдээрээ базаж авна. Навчных нь үзүүрээс шүүс ялгарч, ялааг ямар ч хөдөлгөөнгүй болгон наалдуулж буй нь ажиглагджээ. Мөнөөх ургамалд хиамыг ялаанаас ч жижиг болгон өгөхөд ямар нэг үйлдэл хөдөлгөөн үзүүлээгүй бөгөөд харин ялаа буунгуут л хумин авч байсан амьд “гүнцэг”-ээр л хооллодгийн тод жишээ гэж өвгөн эрдэмтэн өгүүлсэн. Эл ургамал Хүдэрийн гол орчимд ургадаг ажээ. Тэрээр усанд шавьжаар хооллодог Бөмбөөхэй (Utricu­laria L.)-н дөрвөн зүйл манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол дагуур, Ховд, Дундат Халх, Их нуур, Олон нуурын ургамал газарзүйн тойрогт тархдаг гэж байв. Италийн эрдэмтэн Альдровандийн алдар нэртэй адил “амьд хавх” гэсэн утга бүхий нэршилтэй ургамал Ижил, Днепр, Амударья мөрнүүд болон Кавказ, Алс дорнодын гол мөрнүүдэд тархсан байдаг аж. Түүний навчний гадна тал нь өргөсөөр бүрхмэл, нимгэн хоёр дугуй бөмбөлөг мэт харагдана. Навчны угт байх үслэгүүд нь усны бөөс, бясаа зэрэг жижиг амьтдыг хумьж аваад навч нь яг хавх шиг хаагдаж амьтнаа хөдөлгөөнгүй болгон авладаг байна. Эрдэмтэн судлаачдын дунд “Наалдан пад” хэмээгддэг бас нэг ургамал бий.

Ангуучин ургамлын хооллох арга нь ургах орчны байдал, байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан өөр өөр онцлогтой байдаг. Манай орны Хөвсгөлийн өндөр уулсын намагжсан орчинд ургах цагаан цэцэгтэй Тосондой (Pinguicula L) гэдэг ургамлын навчийг ажихад яг л тос түрхсэн мэт гялалзах агаад навчин дээрээ шүүс ялгаруулах мөөг мэт маш олон цэврүүтэй аж. Ганцхан сантиметр хавтгай дөрвөлжин талбайд 25 мянган ширхэг шүүс ялгаруулах булчирхайлаг цэврүүтэй. Шавьжнууд Тосондойн гялалзсан өнгөнд татагдан очиход навч нь шүүс ялгаруулан цэврүүндээ наалдуулаад тахиралдан хумирахад яг л наалдан пад болгон ямар ч хөдөлгөөнгүй болгодог байна. Ингээд хүчиллэг шүүс ялгаруулан идшээ боловсруулан, бүх биедээ тараана. Тосондой бусад “махчид”-аасаа их ховдог гэсэн. Тэрээр амьд шавьжаар хооллохоос гадна махны өөдөс, сүү, тараг, мөгөөрс, талх зэргийг хаяж өгөхөд барьж аваад дорхноо л шүүс ялгаруулаад зооглочихдог гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *