Categories
мэдээ улс-төр

МАК-тай Тогтворжуулалтын гэрээ байгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МАК-ын эзэмшлийн Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын үйлдвэртэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн цемент, 900 мянган тонн чулуунцар, 100 тонн шохой үйлдвэрлэнэ, 410 монгол хүн ажлын байраар хангагдана.

Мөн МАК Дорноговь аймгийн Даланжаргал сумд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, жилд дунджаар 32 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

Харин Цагаан суврагын орд ашиглалтад орсноор жилд 310 мянган тонн зэсийн баяжмал, 400 мянган тонн молебдин үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол бий аж. Мөн 1120 ажлын байр шинээр бий болж, жилд 180 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж Засгийн газар нь тус компанид тогтвортой байдлыг бий болгож өгч буй гэнэ. Хөв цавын цементийн үйлдвэрт 24 жилийн, Цагаан суваргын орд дээр 27 жилийн тогтвортой байдал бий болгож өгчээ.

Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газрын хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ-аас 1999 онд Авто тээврийн хуулийг баталснаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, цаашид хэвийн мөрдөгдөхөд хүндрэлтэй болсон хэмээн Засгийн газар үзжээ.

2014 онд зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 68 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байна. Авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд тав дахин өссөн, 2014 онд Монгол Улсад 740 мянган тээврийн хэрэгсэл тоологджээ. Үүнээс 430 мянган тээврийн хэрэгсэл нь хувийн автомашин аж.

Аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбож өгснөөр орон нутгийн авто тээврийн хэрэгслийн тоо огцом өссөн. Шатахуун хангамж зэрэг авто тээвэртэй холбоотой олон асуудал үүсч байгаа тул Авто тээврийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэн, уг хуулийн төслийг нэн даруй боловсруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгосон байна.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *