Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд хуурамч шатахуун зарж борлуулж байгааг эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа гэв. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун “А-80 шатахуун дээр октан дээшлүүлэгч хийж Аи-92 болгох, керосин дээр нафта хольж дизель түлш гарган авах нь дэлхийн стандарт” хэмээн буруу мэдээлэл хийсэн. Энэ мэт буруу мэдээллээс үүдэн шатахуун үйлдвэрлэгч “Трафигура” компанийн “Трансгайд”-ын агуулахад өдөр бүр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн холигдон шатахуун, түлш гэгдэн зах зээлд гарч байна. Уг хуурамч шатахууныг “Магнай Трейд” болон “М-Ойл” компаниуд зардаг. Холигч агуулах руу жирийн иргэд битгий хэл Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг оруулдаггүй гэж Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдсэн юм.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс хуурамч шатахууны улмаас иргэдийн эд хөрөнгө гэмтэн хохирол учирч байгаа үндэслэлээр дээрх байгууллагуудыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Мөн уг холбооноос иргэд, жолооч нарын санал гомдлыг авах 8047-0303 дугаарыг нийтэд зарлалаа.
Холбооноос шаардаж буй дараагийн чухал асуудал нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах аж. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэх үндэс болсон түүхий эдийг оруулж ирэхийг зогсоох оролдлого гэлээ. Холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, “Хэрэв хуурамч шатахуун оруулж буй компаниудаас татвар авсан бол жилд 60 тэрбумыг улсын төсөвтөө төвлөрүүлж болох байсан” гэв.
Н.Энхтэнгэр