Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунцэцэг: Орон нутагт боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг DNN.mn

“Цаг ашиглалтын судалгаа-2023-ын үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Манай улсад цаг ашиглалтын судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Тухайн улсын хүн амын цаг ашиглалтыг ямар аргаар хэмждэг вэ?

-Хоногийн 24 цаг буюу 1440 минутыг юунд зарцуулж байна вэ гэдгийг нь харгалзан үзэж хүн амын цаг ашиглалтыг хэмждэг. Судалгаанд оролцогчдын өдөр тутамдаа хийж байгаа үйл ажиллагаагаа тайлагнан бичсэн өдрийн тэмдэглэлд үндэслэн энэхүү судалгааг хийдэг. Тодруулбал, судалгаанд 12-оос дээш насны хүмүүс хамрагдсан ба тухайн хүн хоногийн 1440 минутыг юунд зарцуулж байгааг нь судалсан гэсэн үг. Статистикийн тухай хуульд цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд зохион байгуулна гэж заасан байдаг. Хамгийн анх 2000 онд энэ судалгааг хийхдээ долоон аймаг, нийслэлийн зарим дүүргийн 1000 гаруй өрхөөс судалгаа авч байсан. Харин энэ удаагийн судалгаа өмнөх жилүүдийнхээс харьцангуй өргөн цар хүрээтэй хийгдсэн. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 23.394 өрх оролцсон гэдгээрээ онцлогтой.

-Цаг ашиглалтын судалгааг хийхийн ач холбогдол нь юу байдаг вэ?

-Энэхүү судалгаагаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байгаа юм. Үүнээс монголчуудын амьдралын хэв маягийг харах боломжтой. Сүүлийн үед яригдаад байгаа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагийг бууруулах зорилт тавиад, түүндээ хүрэхийн тулд янз бүрийн хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүн нь зорьсон зорилтдоо хүрч байгаа эсэхийг судалгаанаас харах боломжтой.

-Монголчууд цагийг хэр үр бүтээлтэй ашигладаг ард түмэн бэ. Оршин суугаа газраасаа хамаарах байх?

-Монгол хүн хоногийн 24 цагийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тухайн хүний ажлын бүтээмж нь оршин суугаа газраасаа хамаардаг. Онцлогийг нь харвал, Улаанбаатар хотын хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд цаг их зарцуулж байна. Хөлстэй хөдөлмөр эрхэлдэг хүн гэдэгт цалинтай хөдөлмөр эрхэлдэг болон мал аж ахуй эрхэлдэг хүмүүс орно. Хөлсгүй хөдөлмөр эрхлэлт гэдэгт гэрийн ажил хийх, гэр бүлийн гишүүддээ туслах, асрах, сайн дурын ажилд оролцох гэх мэт ажлууд багтдаг. Хөдөө орон нутгийн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт ижил түвшинд байна. Судалгааны үр дүнгээс хөдөөний хүн ам хамгийн их цагийг буюу 350 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхдээ зарцуулж байна гэсэн дүр зураг харагдсан. Хотын хүмүүс өдөрт чөлөөт цагтаа 201 минутыг зарцуулж байхад, хөдөө орон нутгийн хүмүүс 155 минутыг зарцуулж байна. Эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, эрэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхлэхэд илүү их цаг зарцуулдаг.

-Ажилдаа ирж, очиход хүмүүс хэр цагийг зарцуулж байна вэ?

-Судалгааны тайланд ажилдаа явах, зорчих гэсэн үзүүлэлт бий. Энэ нь гадуур явж байгаа, түгжрэлд өнгөрүүлж байгаа цагийг илэрхийлэх үзүүлэлт юм. Нийслэл хотод амьдарч байгаа нийт хүн ам дунджаар ажилдаа явах, зорчихдоо ажлын өдрүүдэд дунджаар 45 минутыг зарцуулдаг бол аймгийн төвд 19, сумын төвд 25, хөдөөд 6 минутыг зарцуулдаг гэсэн үр дүн гарсан. Гэхдээ судалгааны үр дүнгүүд 2023 оны нөхцөл байдлыг илтгэж байгааг анхаарах хэрэгтэй.

-Сурч, боловсроход зарцуулж байгаа цаг нь суурьшиж байгаа газраасаа хамаараад ялгаатай байх нь. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Улаанбаатар хотын 12-оос дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулж байгаа өдрийн дундаж цаг нь 38 минут байдаг бол хөдөө, орон нутгийн хүмүүс 19 минутыг боловсролдоо зарцуулж байна гэсэн судалгааны дүн гарсан. Тухайн хүүхдийн боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулах цаг нь хомс байсны улмаас хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт рүү татагдан орох магадлал өндөр байна. Хөдөөд боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг бол хотод хамгийн өндөр буюу 116 минутыг зарцуулдаг. Хөдөөний хүүхдүүдийн боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байгаа цаг хангалтгүй учраас сурч, боловсрох орчин нь хэр бүрдэж байгаа тал дээр анхаарах шаардлагатай.

-Тухайн хүний боловсролын түвшин цаг ашиглалтад нь хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хөлстэй хөдөлмөр эрхлэхэд боловсролын түвшин шууд хамааралтай байдаг. Тодруулбал, дээд боловсролтой хүмүүс өдөрт 307 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Харин техникийн болон мэргэжлийн боловсролтой хүмүүс хөлсгүй болон хөлстэй хөдөлмөр эрхлэхэд адил цаг зарцуулдаг. Боловсролын түвшин өндөр байх тусмаа хөлстэй хөдөлмөр эрхлэх боломж нь нэмэгдэж байна.

-Цаг ашиглалтад хүмүүсийн нас, хүйс нөлөөлдөг байх нь. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Насны ялгаа маш их нөлөөлдөг. Насны бүлгүүд хоногийн дийлэнх цагийг юунд зарцуулдаг талаар ярья л даа. 12-17 насны хүн боловсролын үйл ажиллагаандаа, 18-24 насны хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 25-39, 40-59 насныхан хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хамгийн их цагийг зарцуулдаг. Харин 60-аас дээш насныхан чөлөөт цагтаа хамгийн өндөр цагийг зарцуулдаг. Хамгийн олон цагаар унтдаг хүмүүсийг насны бүлгээрээ 60-аас дээш насныхан тэргүүлдэг.

-Тухайн хүний гэрлэлтийн байдал нь цаг ашиглалтад маш их нөлөөлдөг. Энэ талаар судалгаа бий юу?

-Тийм. Гэрлэлтээ батлуулсан болон батлуулаагүй хүмүүс гэр бүлийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн байдаг учраас хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь их байна. Гэрлэсэн хүмүүсийн боловсрол, чөлөөт цаг болон хувийн хэрэгцээнд зарцуулах цаг багасдаг. Огт гэрлээгүй хүмүүс хөлстэй хөдөлмөр болон боловсролдоо өндөр цаг зарцуулж байгаа. Гэр бүлээ цуцалсан, тусгаарласан болон бэлэвсэн хүмүүсийн хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байгаа цаг нь бага байдаг.

-Ажлын өдрийг дөрөв болгох ч юмуу, ажлын цагийг багасгавал хүмүүсийн ажлын бүтээмж өсөх үү?

-Энэ талаар нарийвчлан судлаагүй. Гэхдээ ажлын өдөр, цагийг багасгавал хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжид сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ялангуяа хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь буурвал, улс орны эдийн засгийн бүтээмж буурна шүү дээ.

-Та хүмүүс цагаа хэрхэн зөв ашиглах талаар юу гэж хэлэх вэ?

-Судалгаанаас харахад, 12-17 насны хүүхдүүд боловсрол, чөлөөт цагтаа илүү их цаг зарцуулдаг юм байна. Хүмүүс чөлөөт цагаа телевиз юм уу гар утсаа үзэж өнгөрүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс цахим ертөнцөд зарцуулдаг цагаа илүү бүтээмжтэй, үр бүтээлтэй байлгах тал дээр анхаарах шаардлагатай гэж бодож байна. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг үр бүтээлтэй болгож болох юм гэж харж байна.

Ө.АнхзаяаГ.БАлГАрМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *