Categories
мэдээ нийгэм

Монголын залуус нүүдлийн шувуу шиг гаднын орныг зорьж байна DNN.mn

Улс төрийн тогтворгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, имфляц зэрэг нь энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үг болсон.

Гадаад хэл сурч байгаа хүмүүсээс яагаад сурч байгаа талаар асуухад гурван хүн тутмын нэг нь “Монголоос явахыг хүсэж байна” гэж хэлж  байгаа нь дэндүү харамсалтай. Үүний дийлэнх нь 20-оос дээш насны залуус. Гадаадад байр машин нь залуусын хэрэглээ байхад Монголд энэ нь мөрөөдөл. Монголоос дайжих ганц шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Гадаадад өндөр цалинтай ажил хийж байр машинтай болох зорилготой. Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 маянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар суурьшиж, хөдөлмөр эрхэлж амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сарын  дундаж цалин 1.8 сая , харин БНСУ-д 7 сая төгрөг байдаг. Зарим иргэд Солонгос руу гурван жилийн хугацаатай явдаг. Энэ хугацаанд тогтвортой сайн ажиллавал тухайн ажил олгогч тухайн иргэний ажиллах хугацааг нэг жил 10 сараар сунгах эрхтэй байдаг. Ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх нь цөөнгүй. Гэхдээ ихэнх залуус тухайн орондоо харлаад ч болтугай үлдэх сонирхолтой байдаг. Гэрээ нь дууссан иргэдийн 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэж ирсэн 70 орчим хувийн ихэнх нь буцаад явах хүсэлтэй байдаг аж.  Үүнээс харахад залуучуудад эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхгүй байгааг харж болно.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэн нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэд болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллагад цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс юм. Үүнээс л харахад Монголын ирээдүй болсон залуус маань харийн орныг өдөрт хэдэн зуугаараа зорьж байна. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа залуус Эх орноо чин сэтгэлээсээ санадаг. Тэд монголдоо байхдаа эх орноо магтан дуулж, шүлэглэж, биширч байснаасаа маш өөр мэдрэмжээр “Эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм.

Хүний газар жаргаж, зовж, ядарч, баярлаж явахдаа буцаад очих эх оронтой байна гэдэг ямар их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ.

“Монгол хүн болж төрсөнийхөө хувьд надад бахархах зүйл маш их байдаг” хэмээн Н.Алтанцэцэг 30 жилийн турш Эх орноо санасан сэтгэлээ зураг болгон буулгаж Монголчууддаа бэлэглэж байсан. Гадаадад амьдарч байхдаа Монголынхоо уудам тал нутаг, гэр бүл, найз нөхөд, өв уламжлалаа их санасан учир “Задгай тэнгэрийн шүтээн” гэж нэрлэжээ.

“Бид бол задгай тэнгэрт хөвж яваа амьд биет. Бидний өвөг дээдэс ийм сайхан эрх чөлөө, амар амгаланд үлдээжээ. Бид жигүүртэн шувуу шиг тэнгэртээ нисэн дүүлж, эрх дураараа жаргахаар заяагджээ.

Бид хязгаар нь үл үзэгдэх хоосон зүйлийг тэнгэр гэж нэрлэдэг.

Бидний бодол санаа бас хоосон, барьж боломгүй оршдог. Бидэнд хязгааргүй хайр энэрэл, амгалан байдал, эрх чөлөө заяагджээ. Шувуу шиг хөх тэнгэртээ дэвэн нисэж, тэмээ шиг амар амгалан, эрхэмсэг, зөөлөн уян хайр, сэтгэлээр хоосон ертөнцөд жаргамуй”хэмээн бүтээлээ тайлбарлан гадаадад амьдарч буй Монголчуудаа буцаад Эх орондоо ирээсэй, хангалттай их хөдөдмөрлөж байгаа хэмээн хэлсэн. Харь оронд байгаа Монголчууд мөнгө олох хүслээс илүүтэй, үр хүүхдийнхээ сайхан ирээдүй, айх айдас, сэтгэлийн дарамтгүй тайван амьдрал, шударгаар хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломж, хүн болж төрсний төлөөх гүн хүндэтгэл, эх орон руугаа буцах хүслийг чөдөрлөдөг.

Хэдий эцэг эхээ санан бэтгэрэхэд уулзах боломжгүй хүндхэн өдрүүдийг даван туулах бяцхан хүүхдүүд, үр хүүхдийнхээ ирээдүйг бодон нойр хоолоо хугаслан байж бүхий л хар ажлыг хийдэг аав ээжүүд. Үүнийг нь юман чинээ тоохгүй байгаа төрийн томчууд. Монголд хамгийн чухал “Шударга ёс” тогтдоггүй. Хуулийг дагаж мөрдөхөд нь ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлэх учиртай төрийн түшээд нь өөрсдөө хуулиа зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, үүнийгээ жирийн нэг байдаг л зүйл мэт гайхуулж, сурталчилж байна.

Үүнийг харсан зарим хэсэг нь даган дуурайж, барьцаж, нөгөө хэсэг нь “даанч дээ” гэж шогширон суудаг.

Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө огцрох бүү хэл дахин нэр дэвшдэг, энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хэн ч азаа үзэхийг хүсэхгүй. Өндөр боловсрол чадвартай, ажил хэрэгч, туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажилд орох, бизнес хийх хүсэлтийг нь хүнд суртлын нудрагаар мохоож, авлигал бүр их мөнгийг нэхэж байна. Ард түмний сонголт, хүсэл мөрөөдлийг луйвардаж, худалдан авч, төрийн эрх мэдлийг гартаа авсаг эрхэмүүд, хэсэг бүлгээрээ талцан хуйвалдаж, тохиролцож, наймаалцаж Улс төрийн орчинг Улаанбаатарын утаатай адил, булингартуулж, тортогтуулж байна. Тэд энэ үйлдэлдээ гаршиж улмаар эрээ цээргүй болж байгаа үнэхээр нь илт. Ийм байдлын улмаас ард иргэд айдаст хүлэгдэж, “түрүүнд дуугарсан хөхөөний ам нь хөлдөж” гэгч нь болдог. Ард иргэдийг эвлэлдэн нэгдүүлэхгүйн тулд намчлан талцуулж, өөр хооронд нь архиралдуулсаар. Ийм байдлын эсрэг тэмцэж, Монгол оронд шударга байдлыг тогтоох гэсэн оролдлого бүрийг элдэв аргаар нухчин дарж байгаа нь хэвийн үзэгдэл. Эцэстээ ард түмэн бүхэлдээ айдас болгоомжлолд автаж байна. Үүний улмаас Эх орондоо байгаа нь зугтмаар санагдаж, гадаадад байгаа нь  Монголдоо очиж тайван амгалан амьдармаар байгаа ч очих орчин нөхцөл нь бүрдэггүй. 2022 онд гадаад сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулсан “Дэлхийн Монголчуудын төсөл” албан ёсоор батлагдсанч өнөөдрийг хүртэл сайтар хэрэгжихгүй байгаа юм. Энэ нь магадгүй Төрдөө итгэхээ больсон ард түмний сэтгэлгээтэй холбоотой байх. Төр Улс нь ард түмнээ гэдэг болсон цагт иргэд эх орныхоо төлөө гэдэг цаг ирнэ.

 

О.Хүрэлзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *