Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монголын Шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу DNN.mn

Ер нь нөхцөл байдлыг  анзаарахад эрх баригчдын дураар үйлдлүүд Монголын Шүүх засаглал дээр очоод унаж байх шиг байна. Сүүлийн тодорхой жишээ нь Н.Номтойбаярын Шүүх хурал юм. СЕХ-ноос түүнийг “албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны Шүүх хүлээж авсан. Ингээд тэрээр давж заалдсан. Давж заалдах шатны Шүүхээс Н.Номтойбаярын дөрвөн жилийн өмнөх үйлдэл нь “албан тушаалын гэмт хэрэг” биш байна. Харин Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн юм байна хэмээн үзэж Н.Номтойбаярын дэвших эрхийг зургадугаар сарын 7-ны өдөр сэргээлээ. Энэхүү хоёр өөр тайлбараас харахад яах аргагүй эрх баригчдын шахалт нөлөөтэйгөөр СЕХ-ны зүгээс түүнийг нэр дэвшилтээс хассан байна гэж судлаачид үзжээ. Маш товчхондоо Н.Номтойбаярт дөрвөн жилийн зайтай хоёр өөр тайлбар гаргасан нь санамсаргүй хэрэг биш. Ерөөсөө л эрх баригчид нөлөөлдөг технологи юм. Иймэрхүү технологи өмнөх жилүүдэд хэчнээн удаан хэрэгжиж, үгэнд ороогүй хүмүүсийг, эрх ашгийг нь зөрчсөн нөхдүүдэд хэрэглэж байсныг тоолох аргагүй. Энэхүү шүүх хурлын шийдвэрийг хараад эцсийн дүндээ муу нэртэй, луу данстай шүүх засаглал, шүүгчид л ардчилал, хүний эрхийн баталгаа болж байна хэмээн дүгнэхэд хүрлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал дээр ч шүүгчдийн энэхүү шударга хандлага шууд мэдрэгдсэн. Шүүхийн зүгээс “Ер нь зээл авах нь гэмт хэрэг биш шүү дээ” гэж үзсэн нь эрүүл хандлага, зөв байр суурь юм. Ямар ч арилжааны банк ашиг харж, хүү тооцож зээл олгодог. Энэ бол алтан зарчим. Хөгжлийн банкны зээл яг л энэ зарчмаар явсан гэдэгт шүүх эргэлзэх ёсгүй. Мэдээж танил тал, нэр нүүр тэнд үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн зарчим нь зээл олгогч нь тодорхой-зээл авагч нарын алтан дүрмийг Шүүхээс мөрдлөг болгосон хэрэг. Ийм тохиолдолд яллах дүгнэлт нийгэмд шуугьж байснаас зөөлөн буух нь тодорхой. Харин улс төрийн өрсөлдөгчдөө энэхүү Хөгжлийн банкны хэргээр далимдуулан нухчин дарах, бизнесийг нь царцаах, эсвэл нээнтэглэн хувьцаанаас нь эзэмших, бүр юу ч үгүй болтол нь хоосолж зээлийг нь төлүүлж дампууруулах гэхчлэн эсэн бусын санаархал явагдсан нь тодорхой. Энэ санаархал, технологио хэрэгжүүлэх эцсийн цэг нь шүүх хурал. Мэдээж шүүхэд нөлөөлөхийг хичээнэ. Гэвч Хөгжлийн банкны шүүх хурлаас харахад шүүх засаглал энэхүү дуулиант хэрэг дээр эрүүлээр хандлаа гэж шинжээчид, судлаачид, туршлагатай хуульчид дүгнэж байгаа юм билээ.

Муу л бол хойд захын овоохой гэдэг нь Монголын шүүх засаглал яагаад ч биш. Тэнд хүний хувь заяаг шийддэг. Тийм болохоор тэр газар нь муу муухай жишээ байж болохгүй. Харин байлгах сонирхол эрх баригчдад бий. Тийм бүлэглэлүүд ч бий. Тэдэнд таалагдахгүй шийдвэр гарах бүрт Шүүхийг зүхдэг. Нийгэмд өргөн хүрээний үзэл суртал явуулдаг. Эцэст нь Шүүхэд итгэх итгэл Монголын нийгэмд улам унаж байна. Шүүхэд итгэх итгэлгүй болсон ард түмэн одоо хэнд итгэх вэ. Бурханд уу, буг зэтгэрт үү. Энэ рүүгээ явахад хүрвэл нийгэм жинхэнэ харанхуй руу, ширэнгийн хууль руу явна. Нэгэнт ийм болгоод авсан нийгмийн сэтгэл зүй, ядуу ард түмнийг дарлаж дээрэлхэж, мөнгөөр саналыг нь худалдан авч, эрх мэдлийг атгаж, улс орныг тонон дээрэмдэж суух нь тэр хэдхэн хүнд маш амар хялбар байх болно. Ийм л аюул Монголд нүүрлэсэн. Үүний өөдөөс өнөөдрийн Монголын шүүх засаглал зогсож эхлэв үү дээ хэмээн урам зориг авч байна.

Шүүхийн ил тод байдлын хууль гэдэг бол ер нь дайсагнасан хууль гэж туршлагатай хуульчид, шүүгчид үнэндээ үзэж байгаа даа. Шүүх дээр ил тод байж болдоггүй зүйл гэж бий. Бүр Олон улсын практик нь тийм. Тухайлбал гэр бүл, эхнэр нөхөр хоорондын маргаан шүүх дээр нууц байдаг. Компанийн нууц, сүүлийн үед технологийн нууцтай холбоотой Шүүх хурлууд маш ярвигтай. Яагаад ч ил тод байх боломжгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маргааныг ч зарим нэг хүн ил тод шүүхийг шаардаж байгаа нь тэнэглэл. Хувь хүний эрхийн асуудал шүүхэд нэгдүгээрт тавигдаж явдгийг бид мэдэхтэйгээ болсон. Эхэнд дурдсанаар эрх баригчдын хүлээс, дарамтаас шүүх засаглал хол байж, шийдвэрийг тэдний ямар ч нөлөөгүйгээр гаргаж байгаа нь үнэндээ Шүүх шударга сайн ажиллаж байгаагийн шинж л гэж хэлье.

Шүүгчдийг, шүүх засаглалыг хүчээр муухай харагдуулж болохгүйг давтъя. Нүүрэнд баас түрхэж, нэр хүндгүй болгосон шүүх засаглалд эрх баригчид яаж ч нөлөөлж, дураараа авирлаж, хүссэн шийдвэр гаргуулж, хувь хүн, цаашлаад аж ахуйн нэгж, улмаар улс орны хувь заяагаар тоглож мэдэхийг Олон улсад хийгээд Монголд болсон олон кейсүүд нотолно. Ямар аймшигтай үр дагаварт хүрдгийг хэлээд өгнө. Тийм болохоор хүн төрөлхтөн шүүх засаглалд ямагт итгэж ирсэн. Зарим үед энэ улс оронд чухам юу болоод байгааг ч ойлгох аргагүй үйл явдлууд өрнөж байна. Сошиалын цунамид монголчууд өртөж байна. Өнөөдрийн ийм амаргүй, ардчиллын үнэт зүйлс эргэлзээтэй болсон цаг үед ямартаа ч Монголын шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу даа гэх итгэл найдвар төрж байгаа нь сайхан байна.

Б.Нямаа

 

One reply on “Монголын Шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу DNN.mn”

Хэдэн арван иргэдээ хэлмэгдүүлж, гэр бүлийн амьдралыг нь сүйрүүлсэн Элбэгдоржийн үйлдлүүдийг түүний шүүх нь хамгаалж , өмгөөлж байгааг танай сайт “Монголын Шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна” гэж үзэж байгаа бол маш том эндүүрч байна шүү !!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *