Дэлхийнхийг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч Монголын сэтгүүлчид бие биенээ огт магтдаггүй. Магтаж байсан удаа бидэнд байхгүй. Эмч, зураач, урлагийнхан бие биенээ сүрхий магтдаг. “Миний багш” гэж ирээд л жигтэйхэн хүндэтгэнэ. Харин Монголын сэтгүүл зүйд “Тэр миний багш” хэмээн үнэн сэтгэлээсээ хүндэлж явахыг их цөөхөн харсан. Бараг л байдаггүй юм. Үргэлж л бие биенээ доош нь хийж, гоочилж, нулимж байгааг хараад их сонин санагддаг.
Хэрвээ үгэнд ордогсон бол “Болиоч ээ, та нар. Яагаад тогоо руугаа үргэлж нулимж, доош нь хийж, зүхдэг юм бэ. Ямар совесть байна” гэж хэлмээр санагддаг. Даанч үгэнд орохгүй л дээ. Ер нь ч хүн хүндэлдэггүй хүн хүний үгэнд орно гэж байдаггүй.
Яагаад үүнийг бичих болов гэхээр саяхан олны танил нэг сэтгүүлч Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнийг дагаж явж мэдээлэл дамжуулах сэтгүүлчдийг даапаалж, шоолж гутаасан постыг цахим орчинд нийтэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг гучын гучин сэтгүүлч дагаж явах гэлээ гээд л нийгэм даяар бөөн юм боллоо. “Монголын сэтгүүл зүй сөнөлөө… Худалдагдлаа. Худалдагдсан сэтгүүлчид… Долоогчид…” юу юу гэнэв дээ. Монголын сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг гутааж болох бүх л үгээр бааллаа. Энэ бол дэмий л юм. Хэрвээ Монголын сэтгүүл зүйн нэрийг шавартай хутгах гэсэн санаа тэрхүү сэтгүүлчид байсан бол зорилгоо биелүүлж чадлаа гэж дүгнэмээр санагдсан. Учир нь тэр дүйвээнээр “постчидын арми” сэргэж, үүнийг жигтэйхэн олзуурхаж авна лээ.
Ер нь Ардын нам эрх барьж байсан ч, Ардчилсан нам эрх барьж байсан ч төрийн айлчлалыг сэтгүүлчид дагаж явах ёстой юм. Хэрвээ сошиал орчинд бичигдсэн шиг “постлогчид, жиргээчдийг” дагуулж явсан бол дэлхийн анхаарлын төвд байдаг нэр нөлөөтэй, ардчиллын баянбүрд гэж хэлэгддэг АНУ-ынханд Монголын сэтгүүл зүй гэж тэднийг танилцуулах хэрэг үү. Ардчилсан Монгол Улсын нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүл зүй энэ байна гэж үү. Ингэж дэлхий нийтэд булайгаа тарих хэрэг үү.
Ер нь ч тэгээд дагаж явлаа гэж биш, дагаж явсангүй гэж бид хэл ам хийх ёстой биз дээ. Хэдийгээр бие биенээ магтдаггүй ч гэсэн дагаж явсангүй гэдэг шүүмжлэлийг харж байснаас дагаж явлаа гэсэн шүүмжлэлийг анх удаа харлаа. Төрийн өндөрлөгийн тэрхүү том айлчлал түүхэнд үлдэх ёстой. “Ийм ийм юм боллоо” хэмээн монголчуудад мэдээлж хэлэх ёстой. Тиймээс энэ шүүмжлэл дэмий юм болсон. Ер нь энэ мэтээр Монголын сэтгүүл зүйн салбарынхан бие биенээ магтдаггүй. Бид бие биенээ магтаж, алдаршуулж байх хэрэгтэй байна. Сэтгүүл зүйн салбарынхан сайн материалыг “хадаас материал” гэж ярьдаг. Нэгнийхээ хийсэн хадаас материалыг олон нийтэд түгээж баймаар байна. Харах нь ээ сэтгүүлчид л биенийхээ хадаас материалыг магтаж, ажил хэрэгч шүүмжлэлийг өрнүүлэх нь их сул байдаг.
Жиргэдэг болгон, пост бичдэг болгон өөрсдийгөө сэтгүүлчээс дээр гээд бодчихсон энэ үед сэтгүүл зүйг гутааж баймааргүй байна. Тэгэх тэгэхдээ сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө гутаамааргүй байна.
Ардчилсан нийгэм, чөлөөт сэтгүүл зүйтэй байх нь өнөөгийн Монголын дархлаа юм. Сэтгүүл зүйн салбар муу, сайн байх нь хамаагүй. Чөлөөт сэтгүүл зүйтэй орон байх хэрэгтэй байна. “Энэ албан тушаалтан хулгай хийжээ” гэж мэдээлээд байх нь, аюул осол болоход нь жирийлгэж очоод “Ийм юм болжээ. Ийм учир жанцантай байжээ” гэж нийтлэх нь, үйлээ үзсэн хэцүү бэрх газар руу сэтгүүлч томилолт аваад сурвалжлах нь, дарга нарыг дагаж яваад “Тэдний тэр албан тушаалтантай тэр тэгж ярилаа. Энэ ингэлээ” гэж мэдээлэх энэ бүх энгийн зүйл ардчиллын баталгаа юм. Ардчилал гэдэг бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Ардчиллын баталгаа бол сэтгүүл зүй. Тиймээс давын өмнө сэтгүүл зүйг нухаж баймааргүй байна. Дагаж явлаа гээд худалдагдсан редакц байдаггүй.
Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэний 110 жилийн ой энэ онд тохиосон. 110 жилийн хугацаанд
албан айлчлал дагаж яваад худалдагдаж хоороороо магтаж байсныг бид мэдэхгүй юм. Дагаж явсан сэтгүүлчид албан айлчлалаа мэдээлдэг. Дараа нь тэр улстөрч алдаа гаргахад би дагаж явсан юм даа гээд мэдээлэхээ больж байсныг бид хараагүй. Алдааг нь шүүмжилж л байдаг.
Тиймээс Монголын сэтгүүл зүйд буруу тогтсон энэ үзэгдлийг болимоор байна. Жаахан тайвширч биеэ суллаад “би л нэгдүгээрт” гэдэг хандлагаа хаямаар байна. Бие биедээ уужуу сэтгэлээр хандаж баймаар байна.
Монголчууд бид их атаархуу улс л даа. Үүнийгээ ч бид мэддэг. Бас давхар бодолтой хүмүүс. Өөрийн жижиг эрх ашгийнхаа төлөө юуг ч золиосолдог. Энэ болгоноо хойш нь тавьж баймаар байна.
Ер нь гутаадаггүй хэдэн салбар энэ нийгэмд байх ёстой. Үүний нэг нь сэтгүүл зүй мөн. Эрүүл мэнд, багш, цэрэг, цагдааг гутааж болохгүй. Тэд үргэлжид нийгмийн төлөө үйлчилдэг, Монголын тусгаар тогтнолын төлөө явдаг хүмүүс. Тиймээс үүн шиг сэтгүүл зүй бол Монголын оюун санааны дархлаа болох нэг салбар мөн. Тиймээс бие биенээ гоочилж нийгмээ “хямруулдгаа” болимоор байна.