Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна DNN.mn

Долдугаар сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэл монголчуудын амралт зугаалгын үе үргэлжилдэг. Бүгд л Монголын гайхамшигт зун гэж орилолдоод бараг нийтээрээ хөдөө гадаа тэнээд алга болдог. Хаана найр наадам болно, тэр бүгдийг дамжаад нэг нэг машин хөлөглөчихсөн явна. Ихэнх нь машинаа зээлж унаад нутаг нугынхаа ойд жигтэйхэн бэл бэнчинтэй хүн шиг очно. Ер нь машингүй хүн ч гэж байхгүй болсон. Сайн муу нь хамаагүй бүгд нэг нэг приустэй Монголын ямар л үзэсгэлэнт газар хаана байна, тэнд очин архидаж, ууж идэж, хоорондоо сайндаж муудаж өнөө үзэсгэлэнт байгаль, ус голыг буртаглаж, ёстой сүйдэлж өгөөд явдаг. Амралт зугаалга нэртэй энэхүү хоёр сарын хугацаанд монголчууд 16 дугаар зуундаа буцаад очдог.

16 дугаар зуун гэдэг бол монголчуудын Манжийн дарлалд байсан гунигт он жилүүд. 13 дугаар зуун, их эзэн Чингис хааны үе болон түүний дараах их хаадын үед үндсэндээ 14, 15 дугаар зуунд монголчууд дэлхийг захирч, газар сайгүй гялалзаж байсныг түүх гэрчилдэг. Харин Манжид дагаар орж, Манжийн дарлалд байсан 200 жилд ерөөсөө л архидаж, газар сайгүй найрлан цэнгэж, улс орныхоо хувь заяаг бодох сөхөөгүй, харин улс орноо гэсэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн бүхнээ алж хядаж, хорлохоос өөрийг хийгээгүй байдаг. Улс

орныхоо төлөө, өөрийнхөө хувь амьдралын төлөө юу ч бүтээгүй өнгөрөөсөн 16 дугаар зууны харуусалт түүх өнөөгийн бидэнд давтагдаж байна. Тиймээс долдугаар сарын нэгнээс есдүгээр сарын нэгний хоорондох энэ хугацааг 16 дугаар зуундаа буцаж очиж байна гэж хэлээд байгаа юм.

Бүгд нэг нэг хэлхгэр дээл өмсөж, сийрсэн малгай духдуулна. Тэгээд морь бөхөөс өөр юм ярихгүй, дуу хуур бүжиг наадмаас өөр юм хийхгүй. Юун хөгжил дэвшил, орчин үеийн бүтээн байгуулалт, тэр бүхэн тас мартагдана. Зусангаа наргиж найрлаж, газар усны сайхныг үзэж, түүнийгээ бусдад цахимаар гайхуулцгааж эцэст нь мөнгөгүй ч үгүй, өнгө зүс ч үгүй ядарч туйлдсан нөхөд хэдэн халтар хүүхдээ чирээд хот руу орж ирцгээнэ. Ингээд Улаанбаатар хотод есдүгээр сарын нэгэнд монголчуудын амьдрал дахиад шинээр эхэлнэ. Хавар нь хүний юм шиг, бусдын юм шиг өөрт хамаагүй юм шиг хаяад явсан ажил амьдралаа дор бүрнээ шинээр эхлүүлнэ. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, томчуудынх нь ажил төрөл цалин цаваг, оюутан залуусын байр сууц гээд эхэлнэ. Айл бүхэнд үүсч буй хямрал зовлон улс оронд яг ижил.

Замын түгжрэл, утаа, цэвэрлэх байгууламж, үер уснаас үүдсэн хохирол, ус дулаан гээд хавар яригдаж байсан асуудлууд намар нь яг хэвээрээ угтана. Энэ бол Монголын нийгэмд сүүлийн 20 жилд бий болсон соёл. Энэ гамшигт соёлоосоо одоо бүгдээрээ салах хэрэгтэй байна. Тэгэхийн тулд зуны хэдэн сарын турш наадаж цэнгэдгээ больё. Энэ зун хичнээн ч аймаг, сумын 100 жил болов доо, бурхан минь. Зөвхөн нэрээ сольж зальдаж хийж байгаа аймгуудын 100 жил улсын наадам шиг нүсэр боллоо. Энэ олон 100 жилээр элийрч балайртлаа баярлалаа, бид. Харин ингэж их баярлаад монголчууд юу хожив. Сүүлийн 20 жил л тасралтгүй зуны хэдэн сар цэнгэж ингэж нийтээрээ баярлалдлаа. Ард түмний амьдрал дээрдсэн үү, улс орон хөгжсөн үү. Олон жил яригдаж байгаа том том бүтээн байгуулалтууд хөдөлсөн үү гээд үзэхээр бидний амьдралд нэмэгдсэн нэг ширхэг ч юм байхгүй.

Улам л уруудан доройтож, ядуурч байна. Ард түмэн нийтээрээ ингэж найрлаж, наадаж, бүхнийг умартан цэнгэхэд хэн хождог вэ гэвэл ерөөсөө авлигачид л хождог. Тэд энэхүү найр наадмыг ашиглан ард түмнээ хорлосон, улс орны хувь заяанд хорлонтой, харин өөрсдөд нь хожоотой хуулийг баталж, журмыг нь хэдийнэ боловсруулсан байдаг. Тэгээд зогсохгүй өөрсдийнхөө хулгай зэлгийг хаацайлсан хуулийг мөн боловсруулахаа мэднэ. “Наадмын олон хоногийн амралтыг далимдуулж наад хэд чинь өөрсдөдөө зориулсан, ард түмнийхээ амыг арчсан аюултай хуулиудаа хийнэ шүү дээ” гэж учир мэдэх хүмүүс хэлээд байдаг нь ийм учиртай.

Эрх баригчид, дарга сайдууд энд тэндхийн наадам дээр зорьж очоод, зохион байгуулаад наадамчин олныг улам л баярлаад бай гэж хий хоосон хөөргөөд, улам гааруулаад, тэнэгрэл балайрлыг нь дэвэргээд байдаг нь цаанаа өөр зорилготой. Тэгэхээр зуны амралт нэртэй зугаа цэнгэлээ хамжааргатай болгож, элийрч дэмийртлээ баярлахаас илүү хийж бүтээдэг ард түмэн болмоор байна. Зуныг бүтээн байгуулалтын сар болгомоор байна. Монголд ажил хийх сар бол дөрөвдүгээр сараас 10 дугаар сарыг дуустал энэ хэдхэн сарын хугацаа байдаг. Тэгтэл хамгийн гол ажиллах ёстой 7, 8 дугаар сарыг нь найрлаад өнгөрөөчихээр амьдрал урагшилж өгөхгүй улам л доройтоод байна. Тиймийн учир зуны дэлгэр саруудыг ашигламаар байна.

Бид хэрвээ ажил хийдэг, улс орныхоо хувь заяаг боддог байсан бол утаанаасаа аль хэдийнэ салчих бүрэн боломжтой байлаа. Утаагүй түлшний үйлдвэрээ олон улсын стандартынх нь дагуу байгуулчих байлаа. Цэвэрлэх байгууламж аль хэдийнэ ашиглалтад орчих байлаа. Шатахууны үйлдвэрээ босгочихсон, шатахуунаа өөрсдөө хийгээд, шатахууны үйлдвэрийг дагасан химийн үйлдвэрүүд босоод ирэх байлаа. Сүүлийн хагас зуун жил яригдаж байгаа Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцууд, мөн дулааны станцууд босч Монгол Улс эрчим хүчний диваажин болох байлаа. Өмнийн говь дахь нүүрсний бүлэг ордуудаа түшиглэн метаны хий олборлох боломжтойг эрдэмтэд хэлсээр ирсэн. Мөн манайх шиг утаагүй түлш байхгүй, бензин шатахуун нь гадны хамааралтай улсад метан хийг ахуйд шууд хэрэглэхээс гадна метанаар автобус, бүх тээврийн хэрэгсэл явах боломжтойг ярьсаар л байгаа. Гэвч энэ бүхэн үлгэр төдий байгаа нь ёстой гол харламаар.

Хамгийн зэвүүн нь есдүгээр сар гээд ажил эхлэх болтол зунжингаа найрласан аймгууд өрөнд орчихсон, хамаг төсвөөрөө наадчихсан байдаг. Ер нь энэ найр наадам бидэнд маш их хорлонтой байна. Нутгархах, талцах, халх ойрадаараа хуваагдах эхлэлийг наадам л бий болгож байна. Бөхчүүд зусангаа худлаа барилдана. Морины уралдаан нь бөөн хэл ам, хэрүүл тэмцэл. Хэнтийн зуун жилээр Хөвсгөлийн түрүүлсэн морийг хаслаа гээд юу болов. Энэ бол зүгээр л наад захын жишээ. Яг үүн шиг жалгын наадам бүр хэрүүл тэмцэл хуваагдал болж ажилгүй ард түмэн цахимаараа талцан хэрэлдээд сууж байна. Зусангаа ой тэмдэглэж наадаад байсан аймгууд нь төсөвгүй, улсын наадамд нь түрүүлээд мандаад байсан бөх нь допингтой, ийм л гамшгийн байдалтай намар нь ажил эхэлдэг. Монголын гайхамшигт зун монголчуудад ингэж гай гамшгийг чирч байна.

Гай гамшиг гэж ажлаа алдаж зусангаа найрлаж наадамлаж буйг хэлж байна л даа. Амьдралаа хохирохоос илүү гай гамшиг гэж юу байх билээ. Тэгэхээр монголчууд минь наадмаа гурван өдөрт багтааж хийгээд 7, 8 дугаар сард найрлаж наадаж биш бүтээн байгуулалт өрнөсөн, жинхэнэ амьдрал буцалсан ийм дэг журмыг бий болгоё. Улсаараа баян байж хүчирхэгжиж, ажил амьдрал нь өрнөсөн, нэгнээ хүндэтгэдэг, нэгнээрээ бахархдаг ийм улс орон болъё. Алийн болгон энэ дэлхийн хатавчинд гуйлгачин царайлж, хоймрыг нь харж суух юм бэ.

 

2 replies on “Монголын гайхамшигт зун монголчуудад гай гамшгийг чирч байна DNN.mn”

ХӨГЖИЖ БУЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙДЭГ УЛС ОРОНД 2 ӨДӨР, 2 ЦАГИЙГ Ч ХООСОН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ БОДДОГГҮЙ.
ГЭТЭЛ БИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИД ӨРНӨХ ЁСТОЙ БҮХЭЛ БҮТЭН 2 САРАА НААДАЖ, ЗУГААЛЖ ӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА НЬ ХАМАРСАЛТАЙ… ИЙМ УЛС ДЭЛХИЙД МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ. … ЯАНА ДАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *