Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ DNN.mn

Парламентын ес дэх сонгуулиа монголчууд бид өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд ямар ч байсан 126 хүн сонгогчдынхоо итгэлийг өвөртлөн парламентад суухаар болов. Өмнөх үеэ бодвол элдэв хэл ам тийм их гарсангүй. Нэг ёсондоо улстөрчид маань унаж, давж сурч байгаагийн илрэл ч биз. Одоо харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн хүмүүсийг 15 хоногийн дотор баталгаажуулж, гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгнө. Улмаар Ерөнхийлөгч 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, тангараг өргөх хуультай. Мэдээж анхны чуулганыг хамгийн ахмад нь даргалдаг учиртай. Тийм болохоор МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл насныхаа эрэмбээр даргалах болов уу. Үндсэн хуульд нэмэлт оруулж, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дүнгээр энэ парламентад дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл орлоо. Олон намын дуу хоолой сонсогдох, зүй ёсны мэтгэлцээн явагдах сайн талтай гэж байгаа ч зарим нөхрийг харахаар өөрийгөө таниулах гэсэн оролдлого, сөрөхийн тулд сөрөг байх гэсэн увайгүй байдал ч нэмэгдэх мэт санагдана. Гэхдээ л ардчилсан парламент учраас энэ мэт үзэгдэл байх нь хэвийн л зүйл.

Энэ удаагийн сонгуульд намууд ч боломжийн хэмжээнд буюу чадлаараа л оролцлоо. Гэвч үе, үеийн сонгуулиудаар ажиглагдсаар ирсэн алдаа дутагдлууд байсаар байна. Тухайлбал, эрх баригч МАН нийт санал өгсөн иргэдийн дөнгөж 30 гаруйхан хувийн санал авсан. Тэгсэн хэрнээ парламентынхаа 53.9 хувийг бүрдүүлж, дангаар засаглах бүрэн боломжтой болсон дүн гарав. Босго хувьдаа хүрээгүй жижиг нам, эвслүүдийн авсан саналыг тэгш хуваарилах зарчмаар парламентад төлөөлөлтэй болсон намуудад хуваан өгч байгаа нь ч тиймхэн л хэрэг юм. Учир нь АН, МАН гэсэн хоёр том намаас бусад нь нийлээд иргэдийн 40 орчим хувийг авсан ч босго давж чадаагүйн улмаас тэрхүү саналыг нь бусад дээр нь нэмж жагсаалтаар зарим нэр дэвшигчид боломж олдсон. Мөн санал гээгдсэн тохиолдлууд их гарлаа. Ялангуяа том, сонгогч ихтэй тойргуудад энэ илүүтэй ажиглагдсан. Жишээлбэл, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир хамгийн бага буюу 12 мянга гаруй сонгогчийн санал аваад л УИХ-ын гишүүн болох эрхээ баталгаажуулсан. Тэгвэл 10 мандаттай хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Цэрэнпунцаг 64537 хүний санал авсан. Бараг тав дахин их хүний санал авсан хэрнээ 10 мандатад багтаж чадалгүй хоосон хоцров. Тэгэхээр дараа, дараагийн сонгуульд жагсаалтын тоогоо нэмэгдүүлэх, сонгогчдынхоо тоотой мандатын тоогоо уяж өгөх зэрэг өөрчлөлтүүдийг хийх л шаардлагатай нь харагдаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч байсан хүн анх удаа нэр дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Хоёр парламент дамнан спикер хийсэн Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар сонгогчдын дэмжлэг аваагүй гээд олон сонирхолтой зүйлтэй сонгууль боллоо.

Үүнээс гадна хэт олон жижиг намууд сонгуульд өрсөлдөх нь сонгогчдын саналыг гээгдүүлэх нэгэн том хүчин зүйл болдог аж. Уг нь ардчиллын баталгаа, парламентын дархлаа гэж тэд маань хэлдэг ч ачир дээрээ тийм биш байна. Тэгээд ч жижиг намууд энэ янзаараа сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барина гэдэг үлгэр. Засгийн эрхийг барих төлөвшил, боловсон хүчний нөөц ч алга. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улсад хоёр том нам нь байх зүгээр гэдгийг судлаачид хэлээд байгаа. Нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин байж, бие биедээ ташуур, дэм болоод байвал улс орны хөгжилд ч том алхам хийгдэнэ гэдэг юм билээ. Тийм ч болохоор МАН-ын авсан 68 биш АН-ын авсан 42 суудал илүү анхаарал татаад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар арай ядан бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ ялагдсан тэдэнд энэ удаад ард түмэн парламентын 37.5 хувийг бүрдүүлэх итгэл хүлээлгэв. Энэ бол ард түмэн АН-ыг илүү сайн байгаасай, улс төрийн намын хувьд улам чамбайрч, төлөвшөөсэй гэж хүсч байгаагийн илрэл.

Ер нь энэ удаад төр засгийг өөрчлөхийн төлөө ард түмэн үнэн хүчээрээ зүтгэлээ. Харамсалтай нь тэдний өөдөөс олон жил бугшсан систем, 300 гаруй төрийн албан хаагчид сөрөн зогсов. Жирийн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч, малчид бол төр засгийг өөрчлөх хэрэгтэй. Нэг нам дангаар хэт удаан засаглаж болдоггүйг ойлгосон байна. Төр нэрийн дор хувийн өмчид хэт бүдүүлгээр халдаж, бүхнийг чаддаг, мэддэг нь төр өөрөө болсныг ч мэдэрсэн байна. Даанч намын үнэнч гишүүд, ажилтайгаа үлдэх гэсэн хүмүүс энэ удаад ялав. Дээрээс нь муу нэртэй нөгөө хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаагийн сонгуулиар маш сайн ажилласан.

Иргэдээ санал өгөх хэрэгтэй, энэ нь хуулиар олгогдсон эрх, үүрэг гэдгийг тэд л сэнхрүүлэн ойлгуулж байв. Телевизийн сувгуудаар урьд хожид байгаагүй их халз мэтгэлцээн зохион байгуулж, нам, эвслийн мөрийн хөтөлбөрт юу туссан. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг боломжийн хэмжээнд таниулсныг дурдах нь зүйтэй. Харин нөгөө талдаа Ардчилсан нам муу байлаа. Хэдийгээр Л.Гантөмөр богино хугацаанд эвлэлдэн нэгдүүлж, чамлахааргүй амжилт сонгуулиар үзүүлсэн ч энэ намаас авдгаа авчихсан зүтгэлтнүүдийнх нь нөлөө сөргөөр нөлөөлөв. Тэд цахим орчинд намаа зүхэж, удирдлагуудаа муулсаар сонгууль дуусгасан. Үүнээс илүү амжилт үзүүлж, засаг барих хэмжээнд биш гэхэд одоогийнхоосоо арай олон суудал авч болох байсан ч болсонгүй. Ардчилсан намаа муулаад байгаа тэр нөхдүүд тодорхой хэмжээний нэр сүртэй. Тийм болохоор хэн нэг нь очиж дээрэлхээд, хөрөнгийг нь хураагаад байж чадахгүй. Тэгэхээр тэдэнд аль нам нь ялах чухал биш байдаг бололтой юм. Эцэст нь дүгнэхэд, ямар ч байсан бид сонгуулиа зохион байгуулж, саналаа өгч, үр дүнгээ хүлээн зөвшөөрч сурч байна. Ард түмэн төр барих эрхээ чанартай эдэлж, ажиллаж чадаагүй, хувь хүний эрх эрх чөлөөг хясан боогдуулаад байвал ямархан хариу барьж чадахаа харууллаа. Дээр хэлсэнчлэн иргэд төр засгаа өөрчлөн зохион байгуулахын төлөө үнэн хүчээр зүтгэлээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *