Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болов DNN.mm

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.10.30) Төрийн ордонд боллоо.

Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа талууд санал нэгтэй илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны сүүлийн үеийн өөрчлөлт, үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, эрчим хүч, ногоон хөгжил, иргэний нийгэм, хүний эрх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлага зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт, иргэний нийгмийн хүчирхэгжүүлэх, хүний эрхийн талаарх яриа хэлэлцээний талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Европын Холбооны улс орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эрчим хүчний бодлого, ногоон болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөв.

Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски талууд парламентын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдийнээ тавьсан төдийгүй иргэдийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж ирснийг онцолсон. Мөн Европын Холбооны зүгээс Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлж буй хүчин чармайлт, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, түншлэлийг бататгах чиглэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг цохон тэмдэглэсэн юм.

Тэрбээр дэлхий дахины аюулгүй байдлын нөлөөлөл, Европ дахь улс төрийн нөхцөл байдал болон эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр иргэдийн визийн хөнгөлөлтийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Европын парламентаас иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 онд Бельгийн Хаант Улсад хийхээр товлолоо. Талууд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэн ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа нотолсон юм.

Монгол Улсын Их Хурал парламентын хоорондын хамтын ажиллагааны адил түвшний механизмыг ОХУ-ын Холбооны Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан байдаг бөгөөд гуравдагч хөрш болох Европын парламенттай 16 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *