Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын арслан Ж.Хайдав: Бөх хүн бяр чадалтай, мэхтэй байхаас гадна ёс зүйтэй, хүнлэг, жудагтай, даруу байх ёстой DNN.mn

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын арслан Жамбалын Хайдавтай ярилцлаа.


-Та сайхан зусаж байна уу. Алба тавлаг уу?

-Сайхаан, тавлаг сайхан уу? Чамайг нөгөө камер энэ тэртэйгээ ороод ирэх юм бодоод сууж байлаа… Сая бас баримтат киноныхон гээд яриа авлаа.

-Та тэгвэл өнөөдөр ярилцлагын даллага авчээ \инээлдэв\Та Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Аав, ээжийнхээ тухай яриа үүдэх үү дээ.

-Тийм шүү. Манайх Баян нуурын урд хөвөө Бураа,Харуул Чинбай гээд л нутаглана. Би Дунд өтөгт төрсөн юм билээ. Аавыг маань Ш.Жамбал,ижийг минь Ө.Тошлой гэдэг.Аав ээж хоёр маань ажилсаг,нэгдэл нийгмийн мал сүргийг сэтгэл зүтгэлтэй маллаж,олон шагнал урамшуулалтай, сумын аварга малчид гээд нутаг усандаа нэр хүндтэй эгэл сайхан хүмүүс байлаа.Хэдэн хүүхдээ боловсролтой эрдэм номтой хүмүүс болгох гэж 10 жилийн сургуультай сум руу хүүхдүүдээ дагаад л нүүдэг байсан даа.Биднийг хотод оюутан болоход бас дагаад нүүсэн. 1970 онд манайх хотод ирж аав Аж үйлдвэрийн комбинатад ажилд орж тэндээ олон ч жил сайн ажилласан. Угийн хүдэр чийрэг, бяртайн дээр ямар ч ажлыг түүртэлгүй хийчихдэг,тэгээд ч Арьс ширний нэгдэлдээ нэр хүнд сайтай “Хөдөлмөрийн аварга”, “Социалист уралдаанд түрүүлэгч”, “Тэргүүний ажилчин” гээд удаа дараа шагнуулж мандаж явсан.

Тэр үедээ аав минь “Энэ хот газар чинь эрт орж ирсэн бол мөн ч ихийг хийж бүтээх байсан байна шүү.Зүтгэл байвал амжилт дагадаг сайхан газар юм аа” гэж байж билээ.

Ээж минь нутаг усандаа гайхагдсан уран, маш их ажилсаг хүн байлаа.Оёдол үйл, хоол унд гээд үр хүүхэд ач зээ нараа мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж зүгээр суудаггүй хүн байж. Хотод ирсэн жилээ ээж минь надад сайхан зодог шуудаг оёж өгч билээ.

Ижийгийнхээ сэтгэлээ шингээж урлаж өгсөн тэр зодог шуудгийг өмсөж олон ч наадамд зодоглосон. Би чинь айлын том хүү. Бид бүгдээрээ л аав ээжийнхээ үгийг сонсч, хөдөлмөрч, ажилсаг зан чанарыг нь өвлөж, тэр хэрээр үр ач нар маань ч удам дамжин зөв хүмүүжилтэй төлөв төвшин, ёстой л нэр цэвэр зүс өнгөлөг амьдарцгааж байна даа.

-Нээрээ л эцэг эхийн олгосон хүмүүжил насан туршийнх байдаг даа.Том ахын нөмөр нөөлөг дүү нартаа их тусна даа …

-Тэгэлгүй дээ.Айлын том юм хойно, дүү нараасаа түрүүлээд гэр орны ажил хийгээд сурчихсан. Хонь ямаагаа хариулна, саана, үс ноосыг нь хяргана, аргал түлээгээ түүнэ, өглөө эртээ босч аавынхаа унах морийг эмээллэнэ,эмнэг сургана, сургуулийнхаа амралтаар мал төллүүлж ер нь хийх ажил мундахгүй, бас дуусахгүй шүү дээ. Бид аав ээжийнхээ үгээр гэрийн хүмүүжил сайтай өсцгөөсөн. Хожмоо сургууль соёлын мөр хөөж хот хүрээ бараадан дор дороо л болоод явчихсан даа. Аав, ээж хоёр минь бидний суурь хүмүүжлийг их сайн тавьсан гэж боддог юм. Бид хүүхэд насны ааш аяг л гаргадаг байснаас хүний чих халууцуулж явсан нь үгүй.

-Та нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив…

-2017 онд Зүүн говь сумынхаа 90 жилийн ойн баяраар дүү нартайгаа, хөгшинтэйгөө хамт явсан.Бид чинь багадаа Бураагийн гол, Цагаан голд орно. Манай Баян нуур руу 60, 70 гаран гол цутгаж ордог. Их гоё. Залуу байхад нутгаа зүүдэлнэ, бөх барилдаж байна гэж их зүүдэлдэг байлаа. Нутагтаа юм хийх, бүтээх, сэргээх гээд ажил мундахгүй ээ.Одоо ч дүү нартайгаа нийлээд дэм тустай явна. Бид нутаг амьтай улс.

-Эрчүүд ан ав сонирхоод хөдөө гадаа явдаг даа,та анд хэр вэ?

-Тэр талаар ч базаахгүй дээ. Хааяа хүмүүс дагаж явна. Яахав ганц нэг чоно унагасаан, унагасан.

-Тэгнэ дээ. Та багадаа хурдны морь унаж байв уу?

-Сумын наадамд уралдаад айрагдаж байлаа. Хөдөө өссөн хүүхэд чинь морь малтай ноцолдоно, хүүхдүүдтэй ноцолдож өмд гутлаа урна. \инээв\ Долоо, наймдугаар ангидаа сургуулийн аварга бөх болж байлаа. Даага сургана. Ээж, аавдаа тусалж тарианы гурил хийнэ. Ер нь юм юм л хийж өссөн дөө.

-Өмд гутлаа урж явсны ачаар одоо “Увсын долоон хар”-ын нэг болчихоод сууж байна даа. Тийм ээ \инээв\ “Долоон хар” л гээд байдаг. Яг хэн хэн гэж бөх байдаг юм бэ. Би болохоор та, Баянмөнх аварга, Артаг, Баатаржав гээд л бусад нь таг…

-Зууны манлай бөх Хөдөлмөрийн баатар,дархан аварга Х.Баянмөнх, Улсын начин Д.Солоон, Улсын начин Ц.Лхамаа, гавьяат дасгалжуулагч Ардын багш, Улсын начин Д.Баатаржав, Гавьяат тамирчин, Улсын начин Т.Артаг, гавьяат тамирчин, аймгийн арслан Б.Намжим, би, ингээд долоо.Бүгд л улсын цол гуншинтай сайхан бөхчүүд.

-Долуулаа хар юм уу. Баянаа аварга “Би ч Цэрэнтогтохоосоо арай гилгэр хар шүү” гэсэн яриа байдаг… \инээв\ Бөхчүүд өөрийн гэх дархан мэхтэй байдаг даа, таных…

-Би солгой татаж хавирна,баруун хөлд орно, солгой сугадаад орно, ордог хүнийг сугадаад дагуулж мушгина. Ямар ч бөхтэй барьцанд хүрч барилдана. Барьцаа хангасан л бол давдаг байлаа.

-Та үндэсний бөх төдийгүй самбо, чөлөөт бөхөөр үзэж явсан хүн шүү…

-Тийм шүү. Амжилт нэлээн бий.Залуу байхад бэлтгэл сургуулилт барилдаан, наадмаар галд гарна гээд ер нь гэрийн бараа харах нь ховорхон л байдаг байлаа.

-Хажуугаар нь ажлаа хийнэ. Бөх хүний хань арай л өөр хүн байдаг шиг санагддаг. Гэргий тань аль нутгийн хүн бэ?

-Чи бөх хүний охин болохоор энэ талаар сайн мэдэх байх. Нээрээ л өөр шүү. Ганцхан дээлийнх нь захыг мушгиад сууж байхгүй шүү дээ… \инээлдэв\ Эхнэр бид хоёр нэг нутаг ч өөр багийнх. Бид хоёрын аав ээжүүд эртний танилууд. Аавууд маань сургуульд галч хийдэг байлаа. Хоорондоо найрсаг харьцаатай, биенээ хүндэлдэг, инээд хөөртэй сайхан улс байсан даа. Ханийг минь С.Наряд гэдэг. ХӨСҮТ-д халдвар судлагч их эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид үр хүүхэд, ач зээгээ тойруулсан шигээ жаргаж сууна даа.

-Ханийн тань нэрийг ямар хүн өгсөн юм бол. Наряд гээд …

-Бас хөөрхөн түүхтэй.Манай Зүүнговь суманд Нарийны гол гээд нэг гол байх. Цаад талаас нь Тувачууд усаа авч, малаа усална, наад эргээс нь бид ус авч, бас л мал хуйгаа усална. Эвтэй найртай байдаг байсан.Манай хүн дөнгөж төрчихөөд нялх байж л дээ. Тэгсэн гэрт нь Тувагийн Дунцагаан гэж эмч ирж таарч, өлгийтэй охиныг харж байснаа “Нарядный охин байна” гэснийг аав ээж нь тогтоогоод. Тэгээд л Наряд нэртэй болчихсон гэдэг.

-Манай бөхчүүд чинь сайхан дуулдаг улс шүү дээ. Та дуулчихна биз?

-За даа нэг их дуулаад сүйд болохгүй ”Тоорой банди” дуунд дуртай.

-ХААДС төгсөөд хаана ажиллаж байв?

-Энэ сургуулийг би мал зүйч мэргэжлээр төгссөн.Тэр үед хуваарилагдсан газраа л очдог байсан. Одоогийнх шиг өөр газар очоод өөр ажил хийгээд явдаггүй. Би Үнэ стандартын улсын хороо, Аж үйлдвэрийн комбинатад улсын байцаагч, тусгай тасгийн ахлах мэргэжилтэн, ХХҮЯ, ХБЯ, ХААЯ-ны харьяа үйлдвэр аж ахуйн газрын бүтээгдэхүүний үнэ чанар, стандартад хяналт тавьж бөөний үнийн тарифыг тооцоолон судалж 200 шахам бүтээгдэхүүний үнэ, 600 гаруй үйлчилгээний тариф, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний талаар 10-аад стандарт боловсруулалцаж, батлуулсан маань үнэ цэнэтэй дагаж мөрдөх эрх зүйн баримт болсон доо.

-Танд мэх зааж барилдаанд “уруу” татсан хүн хэн бэ?

-Анх Дашжамц багш маань оюутны намрын ажил дээр хараад бөх болох хүүхэд байна гээд Жамц начинтай танилцуулсан юм. Жамц начин маань өөрийнхөө мэхнээс зааж хүний хийдэг мэхийг ч хэлж өгч,хариуд нь ингэ тэг гээд л ярина шүү дээ. Би зааландаа Нацагдорж, Дамдиншарав гээд бөхчүүдийг урьж хичээл заалгаж байлаа. Олон багштай байх тусам мэх олонтой барилдааны арга барил өсдөг гэж боддог.

-Одооны бөхчүүд, залуу бөхчүүдийн талаар ямар бодолтой сууна даа.Зан харьцаа, хандлага гээд…

-Миний ажигласнаар домогт “Хоёр Мөнх”-ийн үеэс л монгол бөхийн хөгжилд оюун санааны хүч их нөлөөлөх болж “шинжлэх ухаанчлагдсан” гэх үү дээ. Системтэй бэлтгэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалттай болсон болохоор олон сайн бөх төрж байна. Өрсөлдөөн их болжээ. Тэгэхдээ Үндэсний бөхийн дүрэм журмыг боловсронгуй болгон уламжлалаа шингээж өгөх шаардлагатай.Бөхчүүд маань баяжих хөлжих нэр нүүрийн төлөө биш жинхэнэ хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдах нь чухал. Одоогийн үндэсний бөхийн холбоо үйл ажиллагаагаа зөв менежментээр явуулаад засуул, хөлийн цэц нь шудрага ажиллаад бөхчүүдээ ухаантай жудагтай болгоод өгөх юм бол Монгол бөх хөгжинө. Бөхийн торгон ногоон дэвжээ ариун байх болно.

-Дээхнэ үеийн бөхчүүд маань элдэв найраа байхгүй, эм тан уухгүй үнэнээрээ яс үзэлцдэг байсан даа. Одоо яриад байгаа допинг ёстой ор сураггүй байв даа…

-Яриа юу яахав. Бидний үеийн бөхчүүд чинь ууланд мод бэлтгэх буулгах, ачаа хөсөг татах, морь уургалах, эмнэг адуу номхруулах, хашаа хороо барих, худаг ус гаргах гээд аль л хүч тамир шаардсан хүнд ажил хийж бэлтгэлээ хангадаг байлаа шүү дээ. Одоо цагт допинг, “начны найраа” гээд чих халууцуулсан юм байна аа байна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг мөнгө наймааны хэрэгсэл болж байгаад ахмад бөхийн хувьд харамсаж явдаг.

-Залуу бөхчүүддээ хандаж хэлэх үг байгаа даа…

-Өнөөдөр бөхийн клуб дэвжээ олноор байгуулагдаж байгаа нь сайн хэрэг. Сайн барилдаж цол нэмэх нь хувь хүнээс багшаас шалтгаалдаг.Бяр чадалтай мэх сайтай бөх байхаас гадна хамгийн гол нь ёс зүйтэй хүнлэг, соёлтой жудагтай, даруу байх ёстой. Энэ талаар бөхийн дэвжээ клубүүд ёс зүй, ёс суртахууны хичээл явуулах хэрэгтэй. Унасан бөх дэвээд гүйх, бөхийн дэвсэг дээр хэрэлдэх маргалдах, барьцалдах, унагасан бөхөө дарж удаан хэвтэх, уначихаад дэвжээгээ нударгалан цохих, унагасан бөх дээгүүрээ харайж гарах, уначихаад унаагүй гэж мэлзэх гээд зохисгүй үйлдэл, тохьгүй байдал их харагдах боллоо.

Монголчууд маань бөхөө хайрлаж хүндэлдэг. Энэ л хайр хүндлэлийг дааж, монгол бөхийн ёс жудаг, эрэмбийг эрхэмлэн эр бяраараа сайхан барилдаж яваарай гэж хүсье.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Сайхан наадаарай.

-Баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Ярилцсан: Зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн САРАНТУЯА 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *