Categories
мэдээ нийгэм

Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр  Франц улсын “ПОМА” групп ажиллаж буй. Тодруулбал, Яармагийн Арцатын амнаас Сонгино хайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулан 98 кабин бүхий дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Эхлэл төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж, нарийвчилсан зураг дизайныг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч Пома групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлээд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим  автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэд тэр дундаа Баянгол дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэнэ. Тиймээс “Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг тодотгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *