Техник, технологийн хөгжлийн ачаар олон улсын судалгааны болон байгаль хамгааллын байгууллагууд нэн ховор, ховор амьтдыг илүү нарийвчлан судалж, хянаж, тэдгээрийн дүр байдал, амьдрах орчныг хүмүүст илүү ойроос танилцуулсаар буй. Энд буй монгол бөхөнгийн зургийг гэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын биологич Манханы талд дроноор авчээ. Энэ нь тухайн амьтныг үргээж цочоолгүй, саад учруулалгүй, дроноор хамгийн ойроос авсан зураг гэнэ. Зөвхөн Монголд л тархан суурьшсан, нэн ховор статустай эл төрлийн бөхөн (Казахстанд соргог бөхөн гэж бий)-гийн дүр төрх, өвөлжилтийн нөхцөл байдлыг уг зургаас харж болохоор байна. Ташрамд дурдахад, дээрх олон улсын байгууллагын биологич, бөхөн хамгаалагчид Манханы талд биотехникийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, нэн ховор амьтдыг харангадах аюулаас хамгаалан, өвлийг өнтэй давахад нь тусалж буй аж.
Эх сурвалж: unuudur.mn