ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй цахим мөрийтэй тоглоомын талаар ярилцлаа.
-Мөрийтэй тоглоомын нэг хэлбэр нь цахим мөрийтэй тоглоом шүү дээ. Цахимд ямар платформыг ашиглан хүмүүс мөрийтэй тоглоом тоглож байна вэ. Ер нь хэзээнээс цахим мөрийтэй тоглоом хүчээ авсан талаар тодруулбал?
-Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр гар утасны программуудаар дамжуулан янз бүрийн цахим платформуудыг ашиглан мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах гэмт хэрэг нэмэгдэж байна. Ялангуяа “Ковид-19” цар тахал дэлхий нийтээр гарч, хөл хорио тогтоосон цагаас эхлэн иргэдийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ гэмт хэрэг нь гар утасны аппликэйшин болон домайн хаяг, вэб сайтуудыг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдийг татан оролцуулахдаа бидний өдөр тутамдаа хэрэглэдэг фэйсбүүк, телеграм зэрэг аппликэйшнүүдээр дамжуулан зар сурталчилгаа түгээдэг.
-Мөрийтэй тоглоом тоглох процесс хэрхэн явагддаг вэ. Ахиу мөнгөөр бооцоо тавибал хожих магадлал ихэсдэг гэдэг ойлголт байдаг. Энэ үнэн үү?
-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд хүмүүсийг зориудаар хохироодог, гэр бүл, амьдралыг нь сүйтгэдэг гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, иргэд хамаг мөнгө, эд хөрөнгөө алдаж, цаашлаад амь насаараа хохирч байна. Цахим мөрийтэй тоглоомын улмаас хүн амиа хорлох эсэх нь тэдэнд огт хамаагүй. Тэд тоглогчдоо мөнгө алдчих вий гэхээс гадна тэднийг тоглохоо болихоос л айдаг. Мөн удаан хугацаанд та тэднийг ялахыг огт зөвшөөрөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэд тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, урьдчилан программчилсан буюу хиймэл тоглогч оруулан хожуулах, эсвэл бот буюу хэд хэдэн аккаунтаар зэрэг тоглож, олон хүн тоглож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг болох нь тогтоогдсон. Үнэндээ та ганцаараа бүх мөнгөө алдаад дуусна. Тиймээс та их ч байсан, бага ч байсан мөнгөө алдах нь тодорхой гэдгийг санах хэрэгтэй. Манай ард түмэн нэгнийгээ буруу, муу зүйлд уриалж, “Энэ тэгдэг гэнэ, төчнөөн төгрөг өгдөг гэнэ” гэх мэтээр ам дамжсан худал хуурмаг ярианд итгэж, нэгэндээ санал болгохгүй байхыг зөвлөж байна.
-Тоглогчдын бооцоонд тавьсан мөнгийг ямар данс руу хийлгэдэг юм бол?
-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад бүртгэлтэй иргэний дансыг ашигладаг. Данс эзэмшигчид нь архинд донтох хамааралтай, эсвэл оршин суугаа газар нь тодорхойгүй, тэнэмэл байдлаар амьдардаг хүмүүс байдаг. Тэдэнд бага хэмжээний мөнгө, эсвэл архи зэргийг авч өгөөд интернэт данс нээлгэн нэвтрэх нэр, нууц үг зэргийг нь авч дансыг нь ашигладаг. Мөн зарим тохиолдолд иргэдэд мөнгө амлаж, дансыг нь ашиглах тохиолдол байна. Ингэж дансаа ашиглуулснаар та ч гэсэн энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан болон тоглосонтой холбоотой гомдол мэдээлэл хэр бүртгэгдээд байна вэ. Ер нь энэ гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна уу?
-Цагдаагийн байгууллагад 2021-2023 онд нийт 121.154 гэмт хэрэг бүртгэгдсэний 23.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл болох “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн тоог он тус бүрээр нь ярья л даа. 2021 онд 565, 2022 онд 412, 2023 онд 383 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 48 тохиолдол бүртгэгдсэн.
-Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнээс дурдвал?
-Цагдаагийн байгууллагаас санаачлан Улсын ерөнхий прокурор, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2020 оноос хойш “Хяналт-1, 2” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын сайтын 3508 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарласан. Мөн хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хязгаарлаж, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан, зохион байгуулсан 102 фэйсбүүкийн групп, хуудсыг устгуулах хүсэлтийг “Мета” компанид хүргүүлж ажилласан.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/305 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтэс эхний нэг жилийн хугацаанд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 63 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны банкуудын дансанд төвлөрсөн 455 сая 428 мянга 680 төгрөгөнд хязгаарлалт тогтоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 4545 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хийж, гүйцэтгэсэн.
-Бүх насны хүмүүс энэ тоглоомыг тоглож байх шиг байна. Аль насныхан хамгийн их хувийг эзэлж байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Энэ гэмт хэргийн хохирогчдын байдалд хийсэн судалгаа байхгүй. Харин гэмт хэргийн холбогдогчдын дийлэнх нь 18-39 насны хүмүүс байдаг. Холбогдогчдын дийлэнх хувь нь эрэгтэй байх бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчин, ажилгүй иргэд байна. Түүнчлэн бүрэн дундаас дээш боловсролтой иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг ихэвчлэн бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна.
-Цахимд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны платформ ч юм уу, компани байдаг уу?
-Манай улсын хувьд цахим мөрийтэй тоглоомыг хууль бус гэж үздэг улс орнуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглоом тоглох болон зохион байгуулах нь гэмт хэрэг, зөрчил гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиудад хариуцлага тооцохоор заасан байдаг. Тиймээс мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны нэг ч иргэн, байгууллага, аж ахуйн нэгж байхгүй.
-Цахим мөрийтэй тоглоом бол иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой гэмт хэрэг гэж ойлголоо. Энэ төрлийн тоглоомыг зохион байгуулсан болон тоглосон этгээдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Харин цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах болон түүнд оролцож тоглохын аль аль нь хууль бус үйлдэл. Хэрвээ та мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсний дагуу тус тус хариуцлага тооцно.
-Цахим мөрийтэй тоглоомын улмаас ямар ямар хор уршиг гарч байна вэ. Зарим хүмүүс их хэмжээний өрөнд ороод амиа хорлох ч тохиолдол байдаг?
-Мөрийтэй тоглоом дан ганц хувь хүнээр зогсохгүй тэдгээрийн гэр бүл, найз нөхөд, нийгэмд төрөл бүрийн хор нөлөө үзүүлсээр байна. Тухайлбал, мөрийтэй тоглоом хүнийг донтуулах нөлөөтэй учраас нийгэмд учруулах хор нөлөө их байдаг. Донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай хийх, залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдийг ч үйлддэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн тасагт мөрийтэй тоглоомын улмаас эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь гэр бүлээрээ санхүүгийн асуудалд орсон байдаг. Үүнээс болж тэдний 60 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар амиа хорлох талаар боддог бол 40 орчим хувь нь амиа хорлох ямар нэгэн оролдлого хийсэн байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг.
-Мөрийтэй тоглоом хүнийг хар тамхинаас илүү донтуулдаг гэсэн. Донтож байгаагаа өөрөө мэдэх боломж байдаг уу?
-Мөрийтэй тоглоом тоглоод хожиход тухайн хүнд аз жаргал, сайхан мэдрэмж авах даавар буюу допамин даавар ялгардаг. Мөрийтэй тоглоомоос энэ мэдрэмжийг нэг л мэдэрсэн хүн өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг мэдрэхээ больдог. Ингээд энэ аз жаргалыг мэдрэхийн тулд дахин дахин мөрийтэй тоглоом тоглодог.
Мөрийтэй тоглоомд донтсон үед дараахь шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд: Өмнө нь тоглосон мөрийтэй тоглоомын талаар бодохоо зогсоож чадахгүй байх, дараагийн удаагийн тоглолтоо төлөвлөх, мөрийтэй тоглоомоос улбаалан ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байх, мөнгөө алдах сөрөг үр дагаврууд гарсаар байвч өөрийгөө зогсоож чадахгүй байх, хяналтаа алдах, мөрийтэй тоглоомын талаар худал хэлэх, дотны хүмүүсээсээ мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг нуун дарагдуулах, бооцооны дүнг нэмэх, зан ааш нь өөрчлөгдөх, хурц ширүүн болох зэрэг шинжүүд илэрч байгаа бол та донтож байна гэсэн үг.
-Мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх боломжтой юу. Ойр дотны хүн маань мөрийтэй тоглоом тоглоод байвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Мөрийтэй тоглоомд донтохоос урьчилан сэргийлэх цорын ганц арга нь огт тоглохгүй байх явдал. Донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаасаа мөрийтэй тоглоом тоглохоо зогсоож, эмчилгээ хийлгэх боломжтой. Хэрэв ойр дотны хүн тань мөрийтэй тоглоом тоглож байвал, нэгдүгээрт, уурлаж бухимдаж, загнахгүйгээр эвээр ярьж, маш сайн сонсох хэрэгтэй, хоёрдугаарт, мэргэжлийн сэтгэл засалч болон эмнэлгийн байгууллагад хандаж даруй хариу арга хэмжээ авах шаардлагатай. Гуравдугаарт, хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа газрыг мэдэгдэж, таслан зогсоох шаардлагатай.
-Хэрэв тухайн хүн мөрийтэй тоглоомд аль хэдийнэ донтчихсон бол ангижрах арга зам бий юу?
-Мөрийтэй тоглоомыг ямар нэгэн байдлаар туршиж тоглохгүй байх,таны эргэн тойронд мөрийтэй тоглоомыг санал болгосон дэл сул яриа байгаа бол түүнд итгэж болохгүй. Үүнээс гадна мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожно, мөнгөө өсгөнө, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өөрөөс тань хол, боломжгүй зүйл гэдгийг ухаарах шаардлагатай. Хэрэв танд дээр дурдсан донтох эмгэгийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Ө.АНХЗАЯА