Categories
гадаад мэдээ

Молдовчууд авлигалын дөнгөнөөс чөлөөлөгдөв DNN.mn

Молдовын Сонгуулийн Төв Хороо ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд нийт 2219 хэсгийн саналыг тоолсны дараа “Одоогийн ерөнхийлөгч Майя Санду сонгогчдын 55.41 хувийн санал авч өөрийн өрсөлдөгч, тус улсын Ерөнхий прокурор асан Александр Стояноглог яллаа” гэж зарлав. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд бараг 1.7 сая хүн буюу нийт сонгогчдын 54 гаруй хувь нь саналаа өгсөн байна. Ийнхүү Оросын дарангуйллыг бус Европын ардчиллыг дэмжигч Санду Оросын талыг баримтлагч Социалистуудын намыг төлөөлж буй Стояноглог ялсан нь дэлхий нийтэд тодорхой болов.

Ерөнхийлөгч Майя Санду “Молдов, чи яллаа! Бидний сайн сайхан ирээдүйн төлөө энэ санал хураалтад бидний хэн ч ялагдаагүй. Намайг дэмжсэн болон ноён Стояноглогийн төлөө санал өгсөн хүмүүсийн дуу хоолойг би сонссон. Би та бүхний, бүх Молдовчуудын ерөнхийлөгч байна гэдгээ амлаж байна” гэж хэлжээ.

Санду ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан ч үнэмлэхүй олонх буюу 50 гаруй хувийн санал авч чадаагүй юм. Харин Молдовын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны сонгуультай хамт Молдов улсыг Европын Холбоонд элсүүлэх тухай бүх нийтийн санал асуулга явагдаж үүнийг дэмжигчид нэг хувийн саналаар ялсан билээ. Молдовын Оросын талын намынхан бүх нийтийн санал хураалтын дүнг эсэргүүцсэн боловч Үндсэн хуулийн шүүх энэ дүнг баталж, тус улсын үндсэн хуульд “Европын интеграцчилал нь Бүгд Найрамдах Молдов Улсын стратегийн зорилт мөн” гэсэн нэмэлт, өөрчлөлт

оруулахаар болсон. Энэ үед “Франс Пресс” агентлаг “Молдов дахь ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат тус улсын ирээдүйн гадаад бодлого Европыг дэмжигч, эсвэл Оросыг дэмжигч байх уу гэдгийг эцэслэн шийднэ” гэж онцолж байв. Тэгвэл хоёр дахь шатны сонгуулийн дараа Молдовын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Станислав Секрьеру “Москва энэ санал хураах үйл явцад их хэмжээгээр хөндлөнгөөс оролцсон” гээд “Молдовын түрүүний төр, засаг олон орос иргэдэд өөрийн улсын паспорт олгосон бөгөөд Кремль Москвагаас Молдовын паспорттой олон хүнийг зохион багуулж Турк, Азербайжан, Армени руу санал өгүүлэхээр зөөж, Их Британи, Германы хэд хэдэн хотод нээгдсэн манай санал авах хэсгийн байранд “тэсрэх бөмбөг тавьсан” гэсэн хуурамч мэдээлэл тарааж сонгуульд саад болох гэж оролдсон. Мөн Белорусь Молдовын паспорттай орос иргэдэд зориулан олон тооны санал өгөх байр ажиллуулсан” гэж мэдэгдэв. Тэгвэл Молдовын Цагдаагийн Ерөнхий газар “Оросын эрх баригчид Молдовын ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахын тулд сонгогчдыг Москвагаас онгоцоор Азербайжан, Беларусь, Туркийн сонгуулийн санал авах байр руу зохион байгуулалттай тээвэрлэсэн асуудлыг шалгаж эхлээд байна” гэж мэдээлэв.

Одоогийн ерөнхийлөгч Майя Сандугаас өмнө Молдовын олигарх Илан Шор гэх нөхөр Оросын дэмжлэгээр энэ улсын ерөнхийлөгч, засгийн газар, шүүх эрх мэдлийг бүхэлд нь гартаа атгаж байсан бөгөөд тэр үед энэхүү Александр Стояногло энэ улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан юм. Улсын нэг тэрбум ам.долларыг зувчуулсан учир Молдовын Давж заалдах шатны шүүх “банкны луйврын” хэргээр олигарх Илан Шорт 15 жилийн хорих ял оноосны дараа тэрээр ОХУ-д зугтан гарч, Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ. Харин Молдов дахь Интерполын Үндэсний товчоо “Шор 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын иргэн болсон байна” гэж мэдээлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард тэрээр Молдовт Оросыг дэмжигчдээс бүрдсэн “Ялалтын нам” хэмээх эвсэл байгуулж үүнээсээ ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий прокурор байсан Александр Стояноглог дэвшүүсэн юм. Чухамхүү олигарх Илан Шор Кремлийн гар, хөл болж Молдов Улсад Оросын авлигалын сүлжээг нэвтрүүлэн иргэдийг нь улам ядууруулж, энэ сонгуулиар ядуу иргэдийн саналыг 100 еврогоор худалдан авч, ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Молдовын дотоодод ялж эхэлсэн ч баруунд амьдардаг иргэдийн ач тусаар ийнхүү ялагдав. Учир нь Сонгуулийн Төв Хороо сонгуулийн эхний дүнг санал хураалт хаагдсанаас нэг цагийн дараа нийтэлж, сонгогчдын саналын дөрөвний гурвыг тоолсны дараа Александр Стояногло бараг 52 хувийн санал авч байгаа нь тодорхой болоод байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлд гадаадын сонгуулийн хэсгийн саналуудыг тоолсон бөгөөд Европт амьдардаг олон тооны молдовчуудын 87 хувь нь Сандуг дэмжсэнээр тэрээр Стояноглогийг гүйцэж түрүүлэн, тэргүүллээ хурдацтай ахиулан маш хэцүү бас маш үнэтэй энэхүү ялалтыг байгуулж чадсан. Ийнхүү Молдов Улс ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулиар Оросын авлигын дөнгөнөөс чөлөөлөгдөж, Москвад “Баяртай!” гэж хэлэх эрхтэй болов.

BBC-ийн тусгай сурвалжлагч Илья Барабанов “Молдовын ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн шалтгааны улмаас дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд үүний нэг нь бүхнийг гайхшируулсан, бүгдийн нүдэн дээр бэлэн мөнгөөр санал худалдаж авах замаар тусгаар улсын ирээдүйг залах гэж оролдсон явдал байв” гэж онцолжээ. Харин Молдовын Европын талын улс төрч Ромын хуулийн “хэнд ашигтайг тогтоо” гэсэн зарчмыг дагавал жижиг бас эдийн засгийн хувьд сул дорой Молдов улсад тогтворгүй байдал үүсгэх сонирхолтой хэн байгааг ойлгож цөхөх зүйлгүй” гэжээ. Мөн Орост Элчин сайд байсан Молдовын улс төр судлаач Анатоли Тарану “Олон улсаас тусгаарлагдсан, Орост захирагдаж, түүнийг найрсаг улс хэмээн хүлээн зөвшөөрөх нэг ч гэсэн /жижиг ч гэсэн/ улс байх нь Оросын гадаад бодлогын том амжилт юм. Иймээс Москва Молдовын төлөө бүх хүчээ дайчлан тэмцэж, тэд энд их хэмжээний мөнгө цацаж байна” гэж мэдэгджээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Молдовын ерөнхийлөгч Майя Сандуд хоёр дахь шатанд ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ сонгуульд тулгарсан бэрхшээлийг даван туулахад маш их хүч, зориг гаргах хэрэгтэй байсан. Молдов болон түүний ард түмний Европын ирээдүйн төлөө тантай хамт, үргэлжлүүлж ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Сандуг дахин сонгогдсонд баяр хүргээд “Ардчилал бүх хөндлөнгийн оролцоог ялсан” гэжээ. Румыны ерөнхий сайд Марсель Чиолаку “Европыг дэмжигч ерөнхийлөгчийн ялалт нь Молдовын ард түмний ардчиллыг хамгаалж, Европын Холбоонд элсэх замаа баталгаажуулах хүсэл зоригийн тод нотолгоо” гэж тэмдэглэв. Польшийн Засгийн газрын тэргүүн Дональд Туск “Молдовын ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд түрэмгий, өргөн цар хүрээтэй хөндлөнгөөс оролцсон ч ард түмэн Москвагийн талынхны эсрэг ялалт байгуулж чадлаа. Энэ хандлага ойрын өдөр, саруудад бусад улс оронд үргэлжилнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Харин олон улсын судлаачид Молдовчуудын энэхүү ялалтыг “маш хэцүү бас төвөгтэй” гэж тодорхойлоод “Путины дарангуйллын дэглэмийн мөхлийн эхлэл” гэж дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *