Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Гантулга: Жүжигчин Б.Барслхагвыг шүтэж, Young Mo’G-г сонсдог DNN.mn


Өнөөдрийн 15 настнууд юу хийж байгаа талаар “Аварга” ахлах сургуулийн 10А ангийн сурагч М.Гантулгатай ярилцлаа.


-М.Гантулгын сурагчийн нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

-Манай сургууль 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо байдаг. Хичээл маань өглөө 08:00 цагт ордог. Гэр Яармагт болохоор өглөө 5:00 цаг өнгөрөөж босч цайгаа ууж, өөрийгөө бэлдээд 6:20 цагт гэрээсээ гардаг. Хааяа 5, 10 минут хэтрээд унтчихвал хичээлээсээ хоцорно. Ер нь түгжрээд хоцорчих гээд байдаг талтай /инээв/.

-Хичээлээ тараад шууд гэртээ харьдаг уу?

-Үгүй ээ, өдөр бүр хичээлээ 12:00 цагт тараад 13:00 цагт жүдо бөхийн бэлтгэлдээ ордог. Энэ завсар жаахан хоол идэж амжина. Бэлтгэл 17-18 цагийн хооронд тардаг. Гэртээ ирэх гэсээр байтал 20:00 цаг болдог. Гэртээ ирж хоолоо идчихээд л унтдаг. Зарим өдөр замдаа найзуудтайгаа уулздана. Найзуудтайгаа уулзвал 21:00 цаг болчихно.

-Танай сургуулийн бэлтгэлд жүдогийн тамирчин болох зорилготой хүүхдүүд л хамрагддаг уу. Тамирчин болохгүй ч эрүүл бие, бялдартай болохын тулд жүдогийн бэлтгэлд хамрагддаг хүүхдүүд бий юү?

-“Аварга” сургуулийн жүдогийн бэлтгэлд зөвхөн манай сургуулийн хүүхдүүд явдаг. Манай ангийн багш жүдогийн бэлтгэлийг хариуцдаг юм. Манай ангийнхан бараг бүгд бэлтгэлд хамрагддаг. Бүгд л шилдэг нь болох зорилготой хичээллэдэг. Биеэ эрүүл чийрэг болгох зорилготой хүүхэд байдаг юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй байна.

-Хэзээнээс “Аварга” сургуулийн лицейд элссэн бэ, ангидаа олуулаа сурдаг уу?

-Есдүгээр ангиа төгсөөд энд шилжиж ирсэн. Манай анги 33 сурагчтай. Төсөөлж байснаас энд өөр юм. Тогтмол бэлтгэл сургуулилт хийнэ. Бараг хагас цэрэгжилтийн нөхцөл байдалд байдаг. Эхлээд амар биш байсан ч одоо дассан. Өмнөхөөсөө илүү хатуужиж, чийрэг биетэй болсон. Зан төлөвийн хувьд ч хүлээцтэй, даруухан болж байгаа талаар гэр бүлийнхэн маань хэлдэг юм.

-Шинэ орчинд найзуудтай болж амжсан уу. Найзуудтайгаа уулзахаараа юу хийж байна вэ?

-Арван хэдүүлээ найзалдаг. Бид уулзахаар нэгнийхээ тухай яриад байдаггүй. Турникт зүүгдэж, цасаар байлддаг. Хааяа хоорондоо барилдаж хөгжилдөнө. Хэдэн төгрөгтэй бол заал авч тоглодог. Харин бид компьютер тоглоомын газраар яваад байдаггүй. Багш маань ч орох хэрэггүй талаар өдөр бүр хэлдэг юм. Тэрний оронд зааланд тоглохыг зөвлөдөг. Өмнө нь бид театрт кино үздэг байсан. Сүүлийн үед бол теарт кино үзэх боломжгүй болсон. Кино үзэхийн оронд аяга хоол идсэн нь дээр. Зурагтаар ярьдаг эдийн засгийн уналт бидэнд ч нөлөөлж байна. Сургууль орчмын гуанзнуудад хоолны үнэ нэмэгдсэн. Хоолны мөнгөтэй хүүхдүүд ховор болсон шүү. Зарим нь гэрээсээ хоол авч ирнэ. Найзуудаараа хуваагаад идчихдэг.

-Та нар ямар кино үзэж, ямар дуу сонирхдог вэ?

-Зодоонтой кинонд дуртай. Хамгийн сүүлд “Зура 2: Цурам ажиллагаа” МУСК-г үзсэн. Жүжигчин Барсаа (Б.Барслхагва)-гийн бүтээсэн дүр илүү таалагддаг. Анх “37 дугаар точка” кинонд тоглоход нь шүтэж байлаа. Бүх насныханд зориулсан кино шиг санагдсан. Бусад кинонуудын тухайд бидний насныхан үзэхэд тохиромжгүй байдаг юм. Young Mo’G-н болон “Долоон тэрбумд ганц” гэх мэт даруухан дуунуудад дуртай. Автобусанд явахдаа иймэрхүү дуу л сонсдог.

-Та нарын дунд ямар асуудал тулгардаг вэ?

-Миний хувьд бол түгжрэл, эдийн засгийн хүнд байдал. Хичээл эхлэхээс бараг хоёр цагийн өмнө гэрээсээ гарах шаардлагатай. Хоёрдугаарт, манайх ам бүл долуулаа. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт амьдралд шууд нөлөөлж байгааг анзаардаг.

-Амралтын өдөр, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Шувуун фабрикт манай үхэр байдаг. Манай гэр бүлийнхэн амралтын өдөр бүр фермер рүү явна. Би бямба гаригт жүдогийн бэлтгэлтэй болохоор сард 2-3 удаа л очдог.

-Ирээдүйгээ ямраар төсөөлж байна?

-Баян цатгалан биш ч гэсэн бусдын адил хүний дайтай л амьдрахыг хүсдэг. Хэрэв бололцоо нь бүрдвэл өөрийн гэсэн бизнес эрхэлж ажлын байр бий болгохыг мөрөөддөг. Одоо бол ажлын байр л чухал шаардлагатай санагддаг.

-Мэргэжлээ сонгож амжсан уу?

-Яг бүрэн шийдээгүй байгаа. Би өмнө нь инженер болно гэж боддог байсан, одоо өөрчлөгдсөн. Биеийн тамир, биологи, технологийн хичээлдээ дуртай. Дуртай хичээлүүддээ суурилаад л мэргэжлээ сонгоно гэж боддог.

-Зуны амралтаараа юу хийдэг вэ?

-Үхрийн фермер рүүгээ явна, эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг. Барилгын дотоод засалд ажиллаж байсан. Гэхдээ насанд хүрээгүй болохоор томчууд шоглож харилцах, ёс бусаар хэлэх нь сонин санагдсан. Би анхнаасаа долоо хоног ажиллана гэж тохироод ажиллаж дууссаны дараа сар ажиллахгүй бол цалинг чинь өгөхгүй гээд өгөөгүй. Манай найзууд дунд ч ийм асуудал олон гардаг. Тэрнээс хойш дахиж цалинтай ажил хийгээгүй.


Б.Мөнххулан: Өөрийгөө сайн боловсруулаад, сайхан амьдрал бүтээж олон улсаар аялах зорилготой


Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүйцогцолбор сургуулийн аравдугаар ангийн сурагч Б.Мөнххулантай ярилцлаа.


-Нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 6:30 цагт босоод 08:00 цагт хичээлдээ явдаг. Долоо хоногийн гурван өдөр нь есөн цагийн хичээлтэй, 15:00 цагт тардаг. Хичээлээ тараад англи хэлний сургалтандаа сууж, 16:00 цаг өнгөрөөж тараад дүүгээ аваад гэртээ ирдэг. Гэртээ ирж хоол унд, хичээлээ хийгээд 23:00 цаг өнгөрөөгөөд л унтдаг.

-Хичээлдээ явахад хэдэн минут зарцуулдаг вэ?

-10 минут яваад л сургуульдаа очдог. Таксигаар явбал км нь 1000 төгрөгийн үнэтэй. Сургуулийн автобусанд суувал үнэгүй.

-Ямар кино үзэж, ямар дуу сонсдог вэ?

-Монголоос гэвэл сүүлийн үеийн Vandebo, AM-C, Seryoja гэх мэт артистуудыг сонсдог. Солонгосын к-поп хамтлагуудыг сонсож, амралтын өдрөөр цаг гарвал албан ёсны сайтаас нь солонгос сериал үздэг. Монголоос жүжигчин О.Дөлгөөнд дуртай.

-Өдөрт хэдэн цагийг сошиалд, кино үзэхэд зарцуулж байна?

-Хичээлтэй өдрүүдэд огт кино үздэггүй. Амралтын өдрүүдэд чөлөөт цаг гарвал 1-2 цаг кино үздэг, найзуудтайгаа уулздаг. Чөлөөт цаг бараг гардаггүй. Гурвуулаа найзалдаг. Найзуудтайгаа уулзахаар хааяа кофе шоп орж хичээлээ хийдэг, сонин сайхнаа ярьдаг. Өөр цаг өнгөрөөх гоё газар байдаггүй. Улирлын амралтаар зарим найзууд маань цалинтай ажил хийдэг. Би гэртээ дүү нараа хараад, хүмүүсийн хумс буддаг. Өнгөрсөн зуны амралтаараа сургалтанд сууж маникюр хийж сурсан. Эхлээд ээж, эгчдээ, дараа нь байрныхан, орцныхон, найзууддаа маникюр хийсэн. Энгийн будалт 15 мянган төгрөгөөр хийдэг. Би математик, физикийн хичээлдээ дуртай, эдийн засагч болно.

-Ямар мөрөөдөлтэй вэ?

-Өөрийгөө сайн боловсруулаад, сайхан амьдрал бүтээж олон улсаар аялах зорилготой. Одооноос англи, солонгос хэлний ур чадвартаа анхаарч байгаа. Арванхоёрдугаар ангиа төгсөөд Солонгост сурна гэж боддог. ЭЕШ-ын бэлтгэл эхэлсэн. Сүүлийн үед шалгалтдаа л их санаа зовж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *