Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

М.Энхжаргал: Оршин суугчид маань амьдрах урлагийг мэдрүүлдэг

“Монголчууд бид өөрсдийнхөө бүтээлийг үнэлж амжаагүй байтал дэлхий үнэлчихлээ” гэх цахим орчин дахь “халаглал” Эс Девелопмент ХХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Мөнхбаярын Энхжаргалтай уулзах шалтгаан болсон юм. Тансаг зэрэглэлийн “Жардин” хотхон нь тун саяхан олон улсын үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийн шалгаруулалтад тэргүүлж, манай улсын барилгын салбарын нэр хүндийг өндөрт өргөөд байгаа билээ.

-Хоёулаа яриагаа өөрийн тань барилгын салбартай хэзээ, хэрхэн холбогдсон, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн үү эсвэл өөр ямар зүйл таныг барилгын салбарт дуудан оруулав зэргээр эхлүүлэх үү?

-Би Япон улсад Бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгсөөд, тэндээ ажиллаж байгаад 2011 онд Монголд ирж, Үүрэн холбооны компанид байгууллагын борлуулалтын хэлтсийг хариуцан гурван жил ажилласан. Харин 2014 оны намраас “Эс Девелопмент” ХХК-д Борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байна. Анх барилгын салбарт орж ирээд ажлаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй эмээж л байлаа. Хэдийгээр би мэргэжлийн барилгын инженер биш ч энэ салбарт ажиллаж буйн хувьд барилгын талаар өргөн ойлголттой болж байна. Ер нь залуу хүн гэдэг утгаараа их зүйлийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн явна. Мэдээж ямар ч бизнес анхандаа амар байдаггүй. Ялангуяа барилгын салбар гэдэг бол том хариуцлага шаардсан бизнес.

-Барилгын салбарт бизнес эрхэлж байгаагийн хувьд Улаанбаатарын барилгажилт, орон сууцны хүртээмжтэй байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын барилгын салбар өөрчлөгдөн хөгжиж байна. Шинэ технологиуд нэвтэрч, хаана ч гологдохгүй байгальд ээлтэй барилгууд баригдаж байна. Дизайн, интерьерийн хувьд ч Монгол гадныхнаас дутахааргүй болжээ. Харин барилгын хүртээмжийн хувьд манай улсад 794 мянган өрх байдгийн 334 мянга нь нийслэлд амьдардаг. Тэдний 133 мянга нь л орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа бий. Ийм эрэлт хэрэгцээ дагаад барилга ихээр баригдаж байна. Гэвч байгаль цаг уурын нөхцөлөөсөө шалтгаалаад жилийн хэдхэн сард л барилгын гүйцэтгэл хийх боломжтой байдаг. Ийм өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд барилгын компаниуд төслөө богино хугацаанд дуусгахыг хүсдэг. Ингэснээр барилгын чанарт сөргөөр нөлөөлөх зүйлс ажиглагддаг. Хэдхэн жилийн өмнө хүмүүс орон сууцанд амьдрах хүсэл, шаардлагаасаа болоод барилгын чанарт анхаардаггүй байсан бол одоо оршин суугчид нь ч, бүтээн байгуулагчид нь ч барилгын чанар, байршил, интерьер дизайн, үнэ цэнд ихээхэн анхаардаг болсон байна. Энэ нь манай орны барилгын салбар хэд хэдэн шатаар үсрэлт хийж буйн илрэл төдийгүй дэлхийн томоохон хотуудын барилгатай дүйх хэмжээнд ойртож байгааг баталж буй хэрэг юм. Монгол улсын нүүр царай болсон Blue Sky, Central tower зэрэг барилгууд бол манай улсын барилгын салбар дэлхийн барилгын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн жишээ шүү дээ.

-Хүртээмжтэй, чанартай, дээр нь орчин үеийн тансаг өнгө төрх бүхий, урлаг гоозүйн илэрхийллүүд шингэсэн орон байртай болохыг хүмүүс хүсэх болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Орчин үед барилгын компаниуд зөвхөн барилгын чанарт бус орчин, гадна талбай, аюулгүй байдлыг ч өндөр түвшинд хангаж өгдөг болсон. Ер нь аюулгүй, амгалан тайван орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах болсон. Хүмүүс “чанартай” гэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлийг л хайдаг. Харин бидний бүтээн байгуулалт бол шалан доор, хананы цаана гэхчлэн нүдэнд үл харагдах хэсэгт ч дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, технологийг ашигласнаараа давуу талтай.Мөн хотхоны нийтийн эзэмшлийн талбайг бүхэлд нь хянах зориулалттай камер болон хамгаалалтын нэгдсэн систем бүрдүүлснээрээ онцлог. Түүнчлэн аюулгүй байдал, тав тухаас гадна хүрээлэн буй орчныг хөгжүүлэн, хамгаалахад анхаарснаар оршин суугчдад зүгээр нэг хотхонд амьдраад зогсохгүй байгальд байгаа мэт тааваараа байх мэдрэмжийг төрүүлдэг.

-Уудам дэлгэр нутагтаа дураараа нүүдэллэдэг, гэрийнхээ босгоор даваад л байгальдаа гарчихдаг монголчууд бидний сэтгэл зүй орон байрыг таашаах хандлагад хэрхэн нөлөөлдөг бол, Ер нь монголчууд болон гадныхны орон сууцыг таашаах мэдрэмжид ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Монголчуудын хувьд эзгүй байгальд очихоороо эргэж гэртээ харихыг хүсдэггүй байх хандлагатай гэж ярьдаг шүү дээ. Тиймээс л байгальд байгаа мэт мэдрэмжийг гэрээсээ авдаг байх, барилгын салбарынхан ч үүнийг мэдрүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэгч компаниудын судалгаагаар, томоохон бизнесмэнүүд орон сууц худалдан авахдаа юу юунаас илүүтэйгээр үйлчилгээг чухалчлан үздэг байна. Ялангуяа 24 цагийн харуул хамгаалалт, ухаалаг технологи, гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, хүүхдийн цэцэрлэг болон бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн орон сууцны чухал, салшгүй шаардлага байдаг. Тиймээс ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хувийн хаусаас илүүтэй тансаг зэрэглэлийн тауэр, хотхонуудад нийгмийн элитүүд хэдэн арван жилээр амьдарсаар ирсэн байдаг. Тансаг зэрэглэлийн хотхоны бусдаас ялгарах үйлчилгээнүүд нь оршин суугчдын цагийг хэмнэж, шаардлагатай үйлчилгээг нэгэн дор цогцлоодог, тухайлбал, дээд зэрэглэлийн ресторан, консерж үйлчилгээ, ажлын алжаал тайлж зөвлөгөө өгөх 24 цагийн фитнесийн сургагч багш, сэтгэлзүйч зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр орон сууц гэдэг зөвхөн амьдрах зориулалттай төдий биш, хүний бүхий л хэрэгцээг хангасан үйлчилгээний цогц шийдэл бүхий хотхон болон хөгжиж, ингэснээр тухайн хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг байна. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорхойлсон байдгаас хамгийн чухлыг нь дурдвал байршил, барилгын загвар дизайн, үйлчилгээний чанар юм. Түүнчлэн газрын үнэ цэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгдэх амьдралын сэтгэл ханамжаар тодорхойлогддог бөгөөд амар тайван амьдрах нөхцөлийг тань бүрдүүлэх дээд зэрэглэлийн үйлчилгээнүүдийг санал болгодогт оршино. Өглөө бүрийг баяр хөөртэйгөөр угтахад тань халуун кофе, цэвэр цэмцгэр орон гэр, сэтгэл зовох зүйлгүйгээр үр хүүхдүүдээ гэртээ үлдээн ажилдаа явах тэр мэдрэмж болон баталгааг зөвхөн консерж үйлчилгээнээс авдгаараа тансаг зэрэглэлийн орон сууц ялгардаг.

-Орон сууц зөвхөн амьдрах байраар хязгаарлагдахгүй цогц үйлчилгээг дагуулан хөгжиж байгаа нь, ялангуяа консерж үйлчилгээ тун сонин, сайхан санагдлаа. “Жардин” хотхоны бүтээн байгуулалт ба дээрх үйлчилгээнүүдийг хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна?

-Барилга бат бөх байх, хүний хэрэгцээнд тохирсон байх, гоо сайхны таашаалд нийцсэн байх гэсэн архитектурын үндсэн гурван зарчмыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн хотхоныг бүтээсэн нь “Жардин”. Хотхоны анхны концепц, архитекурыг Италийн Genarro De Angelis, Ерөнхий архитектор Luciano Cosmo нар монголын цаг уурт тохируулан, хүн амьдрахад ая тухтай, амар тайван, төгс төгөлдөр байх орчныг чухалчлан бүтээснээрээ онцлог. Хотхоныг монголын эрс тэрс уур амьсгалд тохирсон чанартай, эдэлгээ сайтай байлгахын тулд барилгын деталиуд дээр нөр их судалгаа явуулж гүйцэтгэсэн. Францаар “Жардин” нь цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгыг илэрхийлдэг тул хотхоныг бүтээхдээ байгальд анхаарлаа хандуулсан юм. Хамгийн тааламжтай орон зай, ногоон бүсийг хаанаас олж авах вэ гэдэг санаанаас ч үүдсэн. Өрөөний зохион байгуулалтын хувьд л гэхэд гүн хөх, номин ногоон өнгийг ашигласан нь Газар дундын тэнгисийг санагдуулам, мөн цэвэр модон доторлогоотой хана бүхий Азийн сонгодог хэв маягийг илтгэсэн гэхчлэн зургаан төрлийн дотоод засал, зохион байгуулалттай өрөө бүхий хотхоныг цогцлоосон юм. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн байр бус интерьерийн цогц шийдлийг санал болгож байгаа юм. Хотхонд амьдрах хүмүүс ямар ч стрессгүй, амар тайван амьдрах ёстой гэдэг үүднээс бүхий л зүйлийг бодолцсон. Манай хотхоныг сонгосон гадаад, дотоодын оршин суугчдын сэтгэл ханамж өндөр байдаг. Тийм ч учраас бид хөгжилтэй орнуудын орон сууцны салбартай хөл нийлүүлэн алхаж байна гэж би хувьдаа дүгнэдэг.

-Танай хотхонд гадныхан, нэр дурдвал Стивен Сигал байр худалдан авсан гэж хэвлэлээс уншиж байлаа. Холливудын одын сон-голтын шалтгаан юу байсныг та сонирхож байв уу?

-Манай хотхонд олон сайхан айл өрх бий. Би хотхоныхоо оршин суугчдаар бахархаж, амьдрах урлаг гэдгийг үнэхээр тэднээс л мэдэрдэг. Тиймээс оршин суугчдынхаа аюулгүй байдал, амар тайван амьдралыг алдагдуулахгүйн тулд би энэ асуултад хариулахаас татгалзмаар байна.

-Тантай уулзаж ярилцах болсон гол шалтгаан маань олон улсын үл хөдлөх хөрөнгийн шалгаруулалтаас “Жардин” хотхон “Таван одтой шилдэг орон сууц” шагнал хүртсэн явдал байлаа. Ёслолын арга хэмжээний талаар сонирхуулна уу?

-Их Британид төвтэй International Property Awards арга хэмжээ нь олон улсын үл хөдлөхийн шилдгүүдийг 21 жилийн турш жил бүр шалгаруулсаар ирсэн. Энэ жилийн Ази, Номхон далайн бүсийн шалгаруулалтад нь “Жардин” хотхон маань оролцож “Таван одтой шилдэг орон сууц”-ны төрөлд стандартуудыг хангаж, хамгийн өндөр оноо авч ялагчаар тодорсон байгаа. Энэ бүсэд Япон, Солонгос, Малайз, Сингапур, Хятад зэрэг 25 улсын барилгын компаниуд тухайн жилийнхээ бүтээн байгуулалтаар оролцож, интерьер дизайн, архитектур, зочид буудал, тансаг зэрэглэлийн орон сууц, хотхон зэрэг нийт 32 төрөлд өрсөлдөж, ялагчийг тодруулсан. Улмаар Америк, Европ, Африк, Канад, Карибын тэнгис, Араб зэрэг бүс бүрээс тодорсон ялагчдаас энэ оны эцэст Их Британид болох International Grand Finale ёслолын арга хэмжээн дээр World’s Best тодрох юм. Бидний хүртсэн Ази, Номхон далайн бүсийн энэхүү нэр хүндтэй шагнал нь олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт Монголын барилгын салбарын хөгжил өрсөлдөхүйц гэдгийг нотлон харуулсан үйл хэрэг боллоо.

-Үнэхээр ч монголын барилгын салбарт ирж буй үнэлэмж гэж хүлээн авч байгаа нь хүмүүсийн сэтгэгдлээс анзаарагдаж байсан. Шалгаруулалтын бүрэлдэхүүнийг Их Британийн Лордын танхимын гурван гишүүн тэргүүлдэг тухай уншаад нэр хүндийнх нь хувьд сүрдэж байлаа. Ёслолын арга хэмжээнд цаашид манай улсаас оролцох хүсэлтэй байгууллагуудын хувьд ямар боломж байна вэ?

-Манай улсын барилгын салбар өдрөөс өдөрт хөгжихийн хэрээр чанаржиж байна гэж би боддог. Дээр хэлсэнчлэн, барилгын компаниуд орчин үеийн, шинэ, дэвшилтэт технологийгстандартын дагуу барилгадаа нэвтрүүлж байгаа нь олон улсад өрсөлдөх, үнэлэгдэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Бизнесийн удирдлагаар мэргэшсэн, бүтээн бай- гуулалтын салбарт, борлуулалт, маркетинг хариуцан ажиллаж байгаа залуу хүний хувьд цаашдын зорилго, алсын хараа тань сонирхолтой санагдаж байна. Магадгүй “Жардин” хотхоны адил тансаг зэрэглэлийн өөр төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа болов уу?

-Мэдээж цаашид илүү ихийг хийж бүтээхийн төлөө ажиллах болно. Бид хотын төвд үйлчилгээний төв, оффисын барилга, улмаар таван одтой зочид буудал барихаар төлөвлөж, зураг төслийг нь гаргаад байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *