Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос эрлийз адууг тусад нь уралдуулах журмыг гаргаж, энэ сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан зарим уяачид эрлийз адууг зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулахыг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монголын Морин спорт уяачдын холбооноос Шадар сайд Н.Хүрэлсүхэд албан бичиг илгээжээ. Тус албан бичигт “Монголын Морин спорт уяачдын холбоо 2011 оноос эхлэн эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан түр журамд заасан сэрвээний өндрийн хэмжээг баримтлахын сацуу үүлдэрлэг байдал буюу гадаад хэв шинжийг харгалзан ялгаж ирсэн юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт эрлийз монгол адууг ялгах журамд зөвхөн сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, дийлэнхи уяачдын санал, хүсэлтэй зөрчилдөж байна. Иймд эрлийз, монгол адууг ялгах талаар баталсан журмаа эргэн харж сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадна хэв шинжийг харгалзан ялгах тухай заалтыг журамд оруулж өгнө үү” гэжээ.