Өнөөдөр 16:00 цагт МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “МАН “60 тэрбум”-ын асуудалд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм” хэмээн хэллээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд нарыг ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж, тэднийг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.
-МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХОЁР ӨДӨР ХУРАЛДАЖ, ТАВАН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-
Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн турш хуралдсан байна. Тус хурлаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарын мэдээлснээр, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурал өчигдөр буюу пүрэв гаригт эхлээд өнөөдөр дууссан байна. Хурлаар дэмжигч гишүүдээс ирсэн санал хүсэлт, асуудалд холбоотой намын гишүүдийн талаар авч хэлэлцлээ. Энэ үеэр үндсэн дөрвөн асуудал болон бусад асуудлын хүрээнд нэг гэсэн нийт таван асуудлыг шийджээ. Үүнд:
1. “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох тухай ёс зүйн хорооны дүгнэлтийг батлах тухай хэлэлцлээ. Та бүхэн мэдэж байгаа байх. МАН “60 тэрбум”-ын схемээр санхүүжилт босгох гэлээ гэх асуудал сонгууль болгоноор хөндөгдөж, нийгэмд сенсаци үүсгэдэг. Үүнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаад, ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалтай хийгдээгүй байна гэдэг шийдвэр гаргасан.
Манай намын дүрэмд аливаа бусармаг явдал, хээл хахууль, ажил албан тушаалыг үнэ мөнгөөр авахыг хатуу эсэргүүцдэг. Манай МАН “60 тэрбум”-ын хэрэгт улс төрийн хүчнийхээ хувьд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид “60 тэрбум”-ын гэх хэргээр улс төрийн хожоо хийнэ гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол явуургүй арга шүү. Харин намын дүрэм зөрчиж, нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий гишүүн болох Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар ёс зүйн алдаа гаргасан гэж хяналтын ерөнхий хорооноос дүгнэсэн. Эдгээр хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.
2. Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхийн талаар ирсэн гомдлыг авч хэлэлцлээ. Ховд аймгийн намын хорооны 38 дугаар бага хурал дээр намын гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандсан. Засаг даргын орлогч Ш.Батсүх тухайн үед асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд тодорхой хэмжээний шан харамж, амлан өөрийн талд татах оролдлого хийснийг манай намын гишүүд өөрийнх нь нүүрэн дээр ил тод хэлж шүүмжилсэн. Ийм асуудалтай эвлэрэхгүй гэдгээ хэлсэн.
Энэ асуудлыг намын ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд Ш.Батсүхийн үйлдэл манай намын дүрэмд харшилсан, ёс зүйгүй үйлдэл байна гэж үзээд, Хяналтын ерөнхий хорооны хуралд танилцуулсан. Хяналтын хорооны шийдвэрээр Ш.Батсүхтэй хариуцлага тооцохоор болсон. Цаашид энэ хүнд намын зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
3. Улсын Их хурлын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлыг ярилцаж мэдээлэл өгсөн. Иргэн Д.Гантулга нь УИХ-ын гишүүн байхдаа МАН-аас сонгогдсон гишүүний хувьд үнэн худал нь мэдэгдэхгүй нийгмийн бухимдлыг төрүүлсэн асуудалд нэр холбогдсон. Тухайн үеэд намын Ёс зүйн хороо болон Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Гантулгад өөрийн чинь энэ асуудал намын нэр хүндэд сэв суулгаж байгаа учир энэ асуудал дээрээ онцгой анхаарал хандуул гэж байсан.
Үүний дагуу Д.Гантулга гишүүн өөрийн асуудлаа шийдэн, гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ нь намын гишүүний хувьд ёс зүйн хариуцлагаа хүлээж буй ухамсарт үйлдэл юм. Энэ талаар Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн, цаашид ийм асуудалд нэр холбогдохгүй байх талаар намын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн.
4. Намын гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн асуудал гаргахгүй байхын тулд зорилт дэвшүүлсэн. Тухайн зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Ёс зүйн хороо байгуулж, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудлуудад нухацтай хандах, намын гишүүн төрийн өндөр албан тушаалтны хувьд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн тогтоолыг хэлэлцэж баталлаа.
5. Бусад асуудлын хүрээнд буюу Иргэн Г.Доржзодвоос “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбоотой мэдээлэл материалууд ирсэн. Тухайн материалуудыг бид Хяналтын ерөнхий хорооны гишүүддээ танилцуулж, мэдээлэл өгсөн. Энэ асуудал нь хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэгдсэн учир Хяналтын ерөнхий хороогоор энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзсэн.