Categories
гадаад мэдээ

Моодонд орсон Монголын ирж буй цаг DNN.mn

Оны өмнөхөн Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел Британийн Guardian сонинд нэлээд том ярилцлага өгөв. Тэрбээр энэхүү ярилцлагадаа “Оросын дайн хийдэг шалтгааныг түүний түүхэн өвөөс нь хайх хэрэгтэй. Учир нь Орос хэзээ ч улс бус үргэлж эзэнт гүрэн байсан. Хаантай, Зөвлөлтэй, одоо Путинтэй байна. Үүнийхээ дүнд тэд хөршүүддээ байнга заналхийлж байсан бол өнөөдөр бидэнд, манай тивд тулсан аюул болоод байна” гэж мэдэгдэв. Энэ нь энгийн үгээр бол “Путин Европыг эзэмшилдээ оруулна. Эсвэл бид түүний Оросын эзэнт гүрнийг хэл, ёс заншил, үндэстнээр нь салгаж тусгаар улсууд болгоно. Өөр зам байхгүй” гэсэн үг юм. Өнөөдөр Оросоос гадна Иран, Хятад гэсэн эзэнт гүрэн оршин байна. Иймээс эдгээр гүрнүүд Оросын хувь заяаг давтах байх. Учир нь Путин Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлснээс хойш “Дайны шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хэд хэдэн удаа эрдэм шинжилгээний чуулган Европод зохион байгуулагдаж “Ерөөс нэг хэл соёлтой үндэстэн тусгаар улсуудад харьяалагдах нь зөрчил, тэмцэл, дайн, байлдааны гол шалтгаан болж байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Үүнээс хойш Кремлийн “улаан шугам” гэх балай гэмээр хэллэг олон улсын хэмжээнд хэрэглэгдэхээ больж “Оросын нутаг руу буудаж болохгүй” гэсэн бас нэг солиотой гэмээр хэллэг “Украин өөрийн үйлдвэрлэсэн зэвсгээр Оросын нутаг руу буудаж болно” болж өөрчлөгдсөн юм.

Олон үндэстнийг хүчээр нэгтгэсэн гүрэн байнга тэлж, ядаж л энд тэнд дайн байлдаан өдөөж байхгүй бол дотор нь бослого гарчих гээд байдаг өөрийн гэсэн хуультай. Үүнийг улс төр судлаачид “Иргэдийнхээ анхаарлыг дотоод зөрчлөөс холдуулж, гадаад зөрчил рүү хандуулах” гэдэг. Бас гүрэн болсон аль ч улсын нэг том сул тал нь эргэн тойрныхоо бүх улстай газар нутгийн маргаантай буюу маш олон дайсантай болдог явдал. Чухамхүү энэ шалтгаан өнөөдөр ОХУ, Иранаас Хятадыг зай барихад хүргэв. Учир нь дэлхийн хамгийн хөгжингүй 56 улсын цэргийн эвслийн эсрэг байлдаж, дайны төлбөрт “унах” тэнэгүүд хятадууд л лав биш. Тэгээд ч Оросыг бодвол Хятад, Иран хоёр Монгол Улстай адил эртний төрт ёс, бичиг үсэгтэй улс. Мөн хятадууд үнэхээр баялаг бүтээгч үндэстэн байсан бас байсаар ч байна. Иймээс Хятад улс Орос, Монголыг бодвол эдийн засаг нь “хос хөлтэй” байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтын 99 хувь нь энэ улсаас гараад байгаа ч өөрийн тэрбум 300 сая хүн дээр тулгуурласан том зах зээл болох “нэг хөл” дээрээ энэ улс тогтсоор байна. Чухамхүү энэ шалтгаан нь Хятадыг Иран, Орос хоёроос зай барих бас нэг гол шалтгаан болж байна. Үүний үр дүнд Хятад ядаж л Европын холбоотой “учраа олж” валютын хомсдол буюу дифляцаас гарч магадгүй болов. Энэ нь Монгол Улсын хоёр хөрш зэрэг задрахгүй, Хятад бүр дайн байлдаанаар бус энх тайвнаар асуудлаа шийдэх магадлалтай болсон гэсэн үг. Энэ бол хятад иргэд төдийгүй монголчуудад ч бас маш таатай мэдээ юм.

Европын холбооны гишүүн улсуудын удирдагчдын дээд чуулган ч, АНУ-ын хоёр танхимтай Конгресс ч яг үнэндээ бол парламент. Аль ч парламент гишүүд буюу сонгогчдын төлөөллөөс бүрдэнэ. Сонгогчдын төлөөлөл сонгогчдоо л бодсон шийдвэр гаргана. Тухайлбал, Украинд өгөх Европын холбооны 54 тэрбум евро, АНУ-ын 61 тэрбум доллар парламентын гишүүдийн шийдвэрээр тухайн улсын зэвсгийн үйлдвэрт орж, олон сая өндөр цалинтай шинэ ажлын байр бий болгон улсынхаа эдийн засгийг сэргээнэ. Чухам энэ шалтгаанаар Украинд өгөх эдгээр тусламжийг түр хойшлуулж гарсан зайд нь АНУ-ын Гүйцэтгэх засаг нөөц бололцоогоо ашиглан өөрийн парламентын “тэнд оруул” гэж заагаагүй 4.8 тэрбум ам.долларыг, Европын холбоо зарим гишүүн улсуудын баталгаагаар парламентын шийдвэргүй 20 тэрбум евро босгож Өмнөд Солонгос, Японд өгч үйлдвэрлэсэн зэвсгийг нь Украинд нийлүүлэн Ази Номхон далайн ардчилсан энэ хоёр улсад Хятадын эсрэг шинэ зэвсэг үйлдвэрлэх боломж бий болгож буй нь ойлгомжтой болов. Учир нь одоо хэрэглэж байгаа бүх зэвсэг өнгөрсөн зууны 70-80 оны технологи бөгөөд Укрианд зэвсэг нийлүүлнэ гэдэг нь үнэндээ хөгжингүй улсууд энэ зууны зэвсэгтэй болж, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгаа хүчирхэгжүүлж буй үйлдэл юм. Тухайлбал, Германы зэвсгийн экспорт өнгөрсөн онд 11.7 тэрбум евро болж дээд амжилт тогтоогоод байна. Эдгээр зэвсгийн 1/3 нь л Украинд очжээ. Энэ зууны зэвсэг үйлдвэрлээд эхлэхээр энэ улсад хэдэн сая ажлын байр бий болж орлого нь яаж нэмэгдэх бол? Харин Япон улс холбоотнуудынхаа гаргаж өгсөн энэ “зайд” өөрийн зэвсгийн эксортын тухай хуулиа яаралтай өөрчлөн Өмнөд Солонгостой хамт Украинд шинэ зэвсэг нийлүүлснээр долоо хоногийн дотор Оросын хамгийн сүүлийн үеийн, тус бүр нь 50 сая ам.долларын үнэтэй таван нисэх онгоц болон 2000 дрон ачиж Иранаас дөнгөж ирээд байсан “Новочеркасск” десантын том хөлөг онгоц бүх ачааныхаа хамт “үл мэдэгдэх” пуужингийн цохилтод өртөн дэлбэрч, Оросын 74 усан цэрэг алагдаж, 27 цэрэг шархдан уг онгоц живэв. Агаарт ноёрхож чадахгүй болж, Оросын цэргийн довтолгооны эрч буурч эхлэв. Харин “Барууныхан зэвсэг нийлүүлэхгүй болж Украины арми баларч байна” гэсэн мэдээг АНУ-ын нэрт улс төр судлаач Рамис Юнус “Аль ч дайнд ялалтад хүрэхийн тулд эсрэг талаа хуурдаг. Иймээс үүнд гайхах хэрэггүй. Харин Япон, Өмнөд Солонгос ямар зэвсэг Украинд нийлүүлэн Оросын онгоцууд гэнэт олноороо сөнөж эхэлсэн нь Кремлийн хувьд оньсого болоод байна” гэж тайлбарлав. Харин оросууд шинэ жилийн “бэлэг” болгон энэ дайны түүхэнд байгаагүй олон буюу 158 пуужин, дроноор нэг шөнө довтолж 30 гаруй украин иргэн амь үрэгдэж, 160 гаруй хүн шархаджээ. Хариуд нь Украин Оросын Белгород хотод хоёр удаа пуужингийн цохилт өгсний улмаас “24 хүн амь үрэгдэн 108 хүн гэмтэж бэртсэний 15 нь хүүхэд байсан” гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлэв. Кремль Украин руу харвадаг пуужин, дронуудаа агаарын довтолгооноос хамгаалах системийг хэргээр Белгород хотын урд бус ард нь байрлуулсан учир эдгээр цэргийн бай руу нисч ирсэн Украины пуужин, дронуудын сөнөөгдсөн болгон нь иргэд дээр нь унаж тэд хохирч байгаа юм. Өөрсдөө ийм зүйл хийчихээд НҮБ-д “Украинчууд манай энгийн иргэд, хүүхдүүдийг хэргээр алж, устгаж байна ” хэмээн гомдол мэдүүлж байгаа Кремлийн удирдлагыг яг юу гэж бичих ёстойг би мэт нь л лав мэдэхгүй болчихоод байна.

Оросын хувьд үнэхээр хүний нөөц дээрээ тулгуурлан дайтаж байна. ОХУ-д өнөөдөр багшийн цалин орон нутагт 20 мянган рубль байгаа бол украинчуудыг алж, устахаар явж буй орос цэрэг сард 250 мянган рубль авч, амь үрэгдэж ууттай шарил нь гэрт нь ирвэл аав ээж нь эсвэл эхнэр, хүүхэд нь 14 сая рубль авч байна. Гэхдээ энд нэг том “но” бий. Жишээ нь Курск мужийн 46 настай оршин суугч Илья Кононцов энэ оны аравдугаар сарын 25-нд сайн дурын гэрээт цэрэг болж дайнд мордохдоо “Эх орноо хамгаалж, дайсныг бут цохих нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж телевизийн сувагт ярилцлага өгч байсан ч дараа сарын 5-нд Украины фронтод алагдсан нь тодорхой болсон юм. Гэтэл Афганистан руу илгээгдэхээсээ өмнө ЗХУ-ын цэргүүд 4-6 сарын хугацааны байлдааны бэлтгэлд хамрагддаг байсан билээ. Иймээс он дуусч буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины армийн командлагч Валерий Залужный “Миний гаргасан гол алдаа бол ийм их цэргийн хохирол амсаж байгаа юм чинь Оросууд довтолгооноо зогсооно гэж бодсон явдал” гэж хэлсэн. Олон улсын цэргийн шинжээчид Авдеевкийн орчимд Орос, Украины хохирол 10:1, зарим нь бүр 12 дахин илүү байгааг онцолж байна. Үнэхээр ч Орост өнөөдөр ажлын байрны 42% нь хоосон байна. Энэ нь ажил хийх ёстой хүний тэн хагас нь ямар нэг шалтгаанаар “алга болсон” гэсэн үг. Дээр нь рублийн инфляци бас Их Британи Оросын эдийн засгийн хоригийг хянах бие даасан агентлаг байгуулж, АНУ ийм зорилготой хууль батлаад буйг нэмэх аваас Кремлийн ирээдүй үнэхээр бүрхэг байна. Учир нь барууны бүрдэл хэсэггүй бол Орос зүгээр л II дайны үеийн зэвсэг үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Бас Оросын зэвсэг үйлдвэрлэж буй гол тоног, төхөөрөмжүүд нь мөн л барууны улсуудынх юм.

Ираны ивээлд байдаг Йемений Хуситын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлгүүдэд довтолж байгаа учир тэдний эсрэг 20 улсын зэвсэгт хүчнийг нэгтгэсэн шинэ эвсэл байгуулагдав. Хуситуудын хувьд “Бөөсөнд хутга” гэдэг шиг зүйл болох учир ийм том цэргийн эвсэл Ираны эсрэг зогсох гэж байгаа нь ойлгомжтой. Мөн Израилийн яамгүй сайд Бенни Ганц “Ираны ивээлд байдаг Хезболла бүлэглэлийг дэлхий болон Ливаны засгийн газар Израилийн Хойд бүс нутгаас зайлуулахгүй бол үүнийг манай арми хийх болно” гэж мэдэгдэв. Энэ бүхэн дээр иргэдийнх нь эсэргүүцлийг нэмэх аваас Ираны өнөөгийн удирдлагын хувь заяа ч мөн бүрхэг байна. Ерөөс Орос, Иран, Хойд Солонгос гурав дэлхийн хамгийн хөгжингүй 56 улс бас арабын хүчирхэг улсуудын эвслийн эсрэг байлдана гэж юу байх билээ. Харин Хойд Солонгосын цэргийн насны олон сая эрчүүд энэ дайны дараа Өмнөд Солонгосоо нүдээрээ харж үнэнийг ойлгосны дараа Украиныг бүтээн босгоход оролцон гол “хар ажлыг нугалах” байх. Харин цалингаа олон улсад “Поончиг” хочтой болоод буй залууд өгөхгүй, өөрсдөө авах тул энэ бол яах аргагүй тэдний хувьд том баяр хөөр байх болно. Харин дэлхийн улс төрд Монгол моодонд орж, бүр Ромын пап хүртэл айлчлан ирж дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэв. Энэ бүхэн “Манай хоёр хөрш гүрэн хөгжингүй улсуудын шууд болон дам оролцоогоор задран олон тусгаар улс бий болоход ардчилсан Монгол Улсыг тэдэнд үлгэр болгохоор барууны улсууд хөрөнгө оруулалт хийх гэж байна” хэмээн ойлгоход хүргэв.

Шинэ оны өмнөхөн манай УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж хүний эрх хариуцсан дэлхийн төрийн болон төрийн бус байгууллагын бүх “томчууд” цахимаар оролцож үг хэлэв. Энэ нь Монгол Улсад “Хуулийн ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтсон” гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, баяртайгаар тэмдэглэсэн явдал байв. Хуулийн ардчилсан тогтолцоо бий болсон гэдэг нь иргэд гудамжинд гарах шаардлагагүй болж хуулийн биелэлт буюу нийтийн эрх ашгийг хамгаалах боломжтой болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ардчилсан улсын иргэд “хувиа бодох” ёстой үүнийг нь “хүний эрх” гэх бөгөөд энэ эрхийг хуулиар хамгаалдаг болсон гэсэн үг. Иргэний хувьд хамгийн сайн хувиа бодох арга бол нийтийн эрх ашгийг хамгаалах явдал. Яагаад гэвэл хүмүүн бид нийгмийн “амьтан”. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол Улсын иргэд эрхээ хамгаалан гудамжинд гарч жагсах бус Захиргааны хэргийн шүүхээр төр, засгийн эрхтэн, дархтануудаар хууль биелүүлээгүйгээс учирсан хохирлоо төлүүлэх боломжтой болоод байна. Үүнийг л “Хүн бус хууль засагладаг боллоо” гээд байгаа хэрэг. Маш товчоор монголчууд үнэнийг хамгаалах чадвартай болов. Учир нь хувь хүн эсвэл аль нэг улсын өмнөөс авч үзвэл “үнэн” гэдэг нь огт тогтворгүй субъектив зүйл байдаг. Харин нийтийн эрх ашгийн үүднээс авч үзвэл үнэн бол мөнхийн тогтмол объектив зүйл юм. Иймээс бид үнэнийг хамгаалахгүй байх аваас цол, хэргэмийг нь бичвээс шүлэг мэт хөврөх, манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лодонгийн Түдэв агсны хэлснээр төр, засгийнхан бидний толгой дээр ялгадсаа асгасаар л байх болно. Учир нь Чингис хаан “Хэт хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж захисан гэдэг. Харин манай өнөөгийн төр бас засгийнхан маань хэнүүд билээ?!

Монгол хүн яаж амьдрах нь өөрөөс нь шууд хамаарах болов. Моодонд орсон Монголын ирж буй цаг гэдэг энэ буюу.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *