Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Сонгуулийн бүсчилсэн тойргийн тогтолцоотой болох ёстой DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх асуудал яригдаж эхэллээ. Сонгуулийн тойргийг томсгосноор Монгол Улс сэхээнээс гарна гэж нийтлэлч Баабар хэлсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Сонгуулийн тогтолцооны асуудал бол ардаа олон том асуудлын суурь болдог. Энэ бол нэг нам сонгуульд ялах, ялагдах тухай асуудал биш. Ялангуяа манай улс шиг газар зүйн байршилтай орны хувьд, геополитикийн өнөөгийнх шиг хурцадмал үед маш болгоомжтой хандах ёстой асуудал мөн. АН сонгуулийн тогтолцооны асуудлыг парламентын засаглал бүхий ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн бодлогыг тэтгэх, төрийн нэгдмэл байдлыг хадгалах үүднээс авч үзэж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд ч сонгуулийн пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх, Үндсэн хуулийн цэцийн дур зоргын шийдвэрээс гарсан алдааг залруулахад чиглэгдсэн улс төрийн болон эрх зүйн орчны хүрээнд түүхэн шийдвэрүүд гаргаж байсан. Сонгуулийн тогтолцоотой олон санаачилга гардаг. Бидний анхаарах ёстой зүйл бол цогцоор нь шийдвэрлэж, тууштай хэрэгжүүлэх явдал юм.

Өнгөрсөн ням гаригт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөг хүртэл явж ирсэн бидний зам хариуцлагын зуд дагуулж, эрх зүйт ёс гажуудахад хүргэсэн. Хөгжлийн бодлого улам бүр алсарч, өдөр тутмынхаа асуудалд зүдэрсэн ард түмэн болж хувирлаа. АН-ын улс төрийн зөвлөл асуудалд нухацтай хандаж олон цагаар хуралдсан. Мэдээж хэрэг эрх баригчид ялахын төлөө юу ч хийхэд бэлэн болж байна. Гэхдээ, АН-ынхан ирэх сонгуульд ялах эсэхээ биш улс оронд ямар сонгуулийн тогтолцоо, тойрог алс хэтдээ хэрэгтэй вэ анхаарч ярилцаад бүсчилсэн тойргийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн. Товчхондоо, өөрсдийнхөө ялалт, ялагдлын асуудлыг биш улс орныхоо хувь заяаг бодсон эх оронч шийдвэр гаргалаа.

-Бүсчилсэн тойргийн ач холбогдлыг яаж харж байна вэ?

-АН ийм шийдвэр гаргах болсон гурван шалтгааныг дурдъя. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжил, төсвийн бодлого оновчтой болж хот хөдөөгийн болон бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох боломж бүрдэнэ. Сүүлийн үед сонгууль мөнгөний сонгууль болсон. Улстөрчид бодлогоороо биш, хэр их мөнгө тараах вэ, хэр олон танилын сүлжээтэй байх вэ гэдэгт л анхаарч ирсэн. Цаашдаа мөнгөний сонгууль үргэлжлээд байвал энэ улс орны оршин тогтнохуйд заналхийлэх түвшинд хүрлээ. Тиймээс бүсчилсэн сонгуулийн тойрог нь мөнгөний нөлөөллийг бууруулна гэж үзсэн. Гуравдугаарт, сонгогчдын сонголт өргөжих юм байна гэж үзсэн.

Улс төрийн намуудын тулгадаг сонголтгүй сонголтоос биш олон сонголтоос төлөөлөгчөө сонгох юм байна гэж үзсэн. Тиймээс, эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай улс орноо бодсон шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудлыг анхаарах ёстой. Монгол бол нэгдмэл улс. Монгол Улсын төрийн нэгдмэл байдал, газар нутгийн нэгдмэл байдлыг бодолцох ёстой. Дараагийн асуудал бол сонгууль шударга болох ёстой. Энэ тал дээр улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Ногоон автобусны сонсголыг явуулах түр хороо байгуулахаар Ардчилсан нам гарын үсэг цуглуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Ногоон автобусны асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах тогтоол санаачлан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Түр хороо байгуулах шаардлагад хүрсэн. Одоо УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулж, түр хороо байгуулах ажил УИХ-ын дарга Г.Занданшатараас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна. Ер нь цаашдаа ганц ногоон автобусны биш нууцад хамруулсан олон гэрээ байгааг ил болгох, шалгах шаардлагатай байна. Үүнд нүүрсний оффтэйк гэрээнүүдээс эхлээд төмөр зам, улаан автобус, сургуулийн автобус, цагдаагийн машин хүртэл олон арван гэрээ байна. Эрх баригчид эдгээр асуудал дээр ус балгачихсан юм шиг л яваад байгаа. Нууцаас гаргая гэсэн ч Засгийн газрын л шийдэх асуудал. Эрх баригчид нууж байгаад сонгуульдаа орчихъё л гэж асуудалд хандаж байгаа.

-Нүүрсний сонсголын хоёр дахь шатны хэлэлцүүлэг эхэллээ. Б.Энхбаяр жинхэнэ бүүм болно гэсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Нүүрсний хулгайн олон их наядын асуудал дэлгэгдсэнтэй зэрэгцүүлээд эрх баригчид олон нийтийг төөрөгдүүлэх кампанит ажил эхлүүлсний нэг нь нүүрсний сонсгол.

-Яагаад. Харин ч төрийн том, том хулгайг нэртэй устай нь зарлаад байгаа юм биш үү?

-Намынх нь нэр хүнд шалан дээр унаад ирэхээр эрх баригчид “дэр авч үхье” гэдэг тоглоом тоглож байна. АН-ын баахан хүнийг дуудсан, хувьцаа нь бирж дээр арилжаалагддаг компанид бүрэн эрхт төлөөлөгч гэж хууль дээр гишгэдэг хүн томилж үзсэн. Эцэст нь өндөр ашигтай ажилладаг орон нутгийн өмчтэй компанийг борлуулалтгүй болгочихсон сууж байна. Харин төрийн өмчтэй системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийсэн хамгийн том авлига, хулгайн хэргийнхээ гүйцэтгэгчийг шоронд хийчихээд сонсголд оруулахгүй байгаа. Амыг нь барьж байгаа хэрэг л дээ. Хэргийн жинхэнэ захиалагч нь, зохион байгуулагчид нь ордонд хурал хийгээд, эх орончийнхоо дүрд тоглоод байж байгаа. Хулгайн хэрэг яригдаад эхлэнгүүт баахан хүний нэр зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч оруулж ирэхгүй байна. Тэгэхээр энэ засаг хулгайтай тэмцэж байна уу, сайн бодоод үз. Дөрөв хоног жүжиг тоглоод, тэрэндээ АН-ынхныг хавчуулаад л өнгөрнө. Энэ сонсголын зорилго бол МАН ганцаараа хулгайч биш юм шүү л гэж иргэдийг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн шоу. Оффтэйк, төмөр замын гэрээнүүд, баяжуулах үйлдвэр барьсан, газрын тосны хоолой барьсан гээд тус бүрдээ хэдэн их наядын дүнтэй хулгай байгаа. Яагаад эдгээрийг ярихгүй байгаа юм бэ. Яагаад эдгээр гэрээнүүдийг нууцаас гаргахгүй байгаа юм. Засгийн газарт, УИХ-д бүх эрх нь бий. Хулгайтай тэмцэж, хулгайг ил болгох гэж байгаа юм бол АН-ын бүлэг санаачилсан ковидын ерөнхий хяналтын сонсголыг яагаад зогсоов. ковидын үеэр Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон. нэрээр хорин их наяд төгрөг хулгайн замаар орчихсон байна. Гэтэл Эдийн засгийн байнгын хороо нэг жилийн хугацаанд сонсгол зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Сонгууль хүртэл ярихгүй л гэсэн үг.

-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд шатахуун, түлш хомс боллоо. Бас Оросоос авдаг эрчим хүч хязгаарлана гэж байна. Сөрөг хүчний дуу хоолойг ард түмэн үгүйлж байна. Энэ цөвүүн цагт бид яах ёстой вэ?

-Сөрөг хүчний дуу хоолой байхгүй байна гэдэг бол эрх баригчдын пропагандагийн нэг хэсэг. АН-ын бүлгийн хурал дээр сарын өмнөөс л холбогдох сайд, албан тушаалтнуудаас мэдээлэл авч, шийдвэрлэхийг шаардаж ирсэн. Цас их орж зудын байдалтай байна, дизель түлш 5000 төгрөг боллоо гэхэд эрх баригчид тасалдахгүй л гэцгээж байсан. Гэтэл бодит байдалд ямар байгааг харж байгаа биз дээ. Ардчилсан нам хэвлэлүүдийг худалдаж авдаггүй, тролл баг ажиллуулдаггүй. Асуудлыг судалдаг, хууль санаачилдаг, шийдэл санал болгодог, хүмүүст түүнийгээ хүргэдэг. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой ажил нь. Оросоос түлш орж ирэхгүй боллоо, дайнаас боллоо л гэдэг. Гэтэл оны эхэнд нүүрсний экспорт нэмэгдэж байхад шатахууныхаа захиалгыг нэмэгдүүлээгүй л байхгүй юу. Ногоон автобусны хулгай гараад өвөл суух автобус байхгүй болох нь тодорхой л байсан. Автобусгүй хүмүүс машинд суугаад бүгдээрээ бөглөрч байна. Зам дүүрэн бөглөөтэй хэдэн цагаар зогсож байгаа автомашины шатахууны хэрэглээ өсөх нь тодорхой шүү дээ. Товчхондоо хулгай нүүрлэснийх нь гайгаар шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Энийг ч олж харж чадахгүй бензинээ захиалаагүй л байхгүй юу. Нэг бүдэрвэл долоо бүдэрдгийн үлгэр болж байна. Цаашаа авлига хулгайдаа бүдрэх явдал үүгээр зогсохгүй.

-Саяхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хууль батлагдлаа. Энэ хуульд түгжрэлээс ангижрах ямар шийдлүүд байна вэ?

-Эрх баригчид аанай л хорьчихоор асуудал шийдэгдчихнэ гэж боддог хэвээрээ. Захиргааны аргаар л асуудалд хандаж байна. Иргэдийн 65 хувь нь газраа зарчихаар үлдсэн газрыг нь хураагаад авчих юм гэнэ. Ингэж хүний өмчид халдаж болдог юм уу. Яахаараа МАН-ынхан эзэнгүй газар гарын үсгээр авч тэр рүүгээ төсвийн мөнгөөр дэд бүтэц бариад хэдэн тэрбумаар зарж ашиг олоод сууж байхад өмчилж авсан алга дарам газрыг нь хууль гаргаж хурааж авдаг юм. Ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна төлбөр тогтоосон бүсэд зорчсоны төлбөрийг иргэний данснаас шууд гаргуулж авдаг болох зохицуулалт оруулж ирсэн. Магадгүй бидний олонх нь зөв гэх байх. Гэхдээ энэ бол таны дансанд төрийн эрх мэдэлтэн дур зоргоороо халддаг хаалга үүдийг нээж байгаа юм. Ийм ухвар мөчид байж болохгүй. Энэ хууль хүний өмчлөх эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэц дээр яригдах ёстой. Ардчилсан нам Улаанбаатарын хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэх бодлого боловсруулаад явж байгаа. Гэхдээ иргэнээ төвдөө тавьсан, иргэдийнхээ эрхийг хадгалсан, утаа, хөрсний бохирдлыг бууруулах цогц бодлого боловсруулж байна.

-Сонгууль дөхөж байна Ардчилсан намын бодлого хэр цэгцэрч байна?

-Ардчилсан нам үзэл баримтлалдаа тулгуурласан бодлого дээрээ ажиллаж байна. Бид суурь бодлогын асар том ялгаатай нам. Бид хүмүүст, иргэддээ итгэдэг. Өөрсдийнхөө ахуй амьдралыг өөд нь татах гэж хичээж зүтгэж яваа иргэдийнхээ өмнөөс орж зүгээр байж бай, төр тэжээж тэтгээд өгнө, та нарын амьдралыг өөрсдөөс чинь илүү бид мэднэ гэж хэлэхгүй. Харин ч энэ хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлэхгүй, хааж боохгүй байхыг бодлогынхоо цөмд тавьж явна. Энэ бол АН-ын улс төрийн философийнх нь үндсэн асуудал юм. Харин өнөөдөр нэгэнт бий болж Монголын төр, нийгмийн бүх тогтолцоонд гүн шингэчихээд байгаа энэ картелийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг бидний маш чухал асуудал. Энэ картелжсэн, төрийг бүхэлд нь хувьчлаад авчихсан клептократик тогтолцоо тийм амархан алга болчихгүй. Бид үүний үр дүнг замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэнд, боловсролын салбарын дампуурлаас бэлхнээ харж байна. Цаашилбал энэ улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйд заналхийлж байна. Улстөрчийнхөө хувьд зарим талаар итгэл алдармаар дүр зураг ч харагддагийг нуугаад яах вэ. Гутрангиар харвал нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх аргагүй ч байж магад, бүр сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх боломжгүй болтол сүлжчихсэн ч байж магадгүй.

-Тэгвэл үүнийг засч залруулахын тулд юу хийх ёстой вэ?

2024 оны сонгууль маш чухал сонгууль болно. Хэрэв сонгуулийн үр дүнгээр байдал дээрдэхгүй болчихвол бид нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Зүгээр нэг бодлогын реформын түвшинд биш, сэтгэлгээний илүү гүнзгий түвшинд өөрчлөлт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг улстөрчдийн гомдлоор шалгадаг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Сэтгүүлчдийн ажил бол мэдээллийг эрэн сурвалжлах, олсон мэдээллээ нийгэмд түгээх. Энэ ажлаа хийснийхээ төлөө яллагддаг байж болохгүй. Чөлөөт хэвлэл, эрх чөлөөтэй иргэн, иргэний нийгмийн байгууллага бол ардчилсан тогтолцооны даацын багана. Зөвхөн улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг байгаагаар ардчилсан байна гэж ойлгож болохгүй. Харин ардчиллын суурь институциуд байж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэж байж ардчилал оршин тогтдог, хөгждөг. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээлэлд ярилцлага ч өгдөггүй, шаардсан мэдээллийг нь ч гаргаж өгдөггүй. Урьдчилж бэлтгэсэн асуултаа холбоо харилцаатай хэдэн хүнээр асуулгаад түүндээ хариулаад явдаг болсон. Сүүлийн үед эрх баригчдын бусармаг, хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг ил болгосон хүмүүс шоронд явдаг боллоо. Бүр эрх баригчдын хүсээгүй асуултыг асуусан хүн шоронд явдаг боллоо. Товчхондоо үзэл бодлоо илэрхийлсэн хүн, үнэнийг олж мэдэх гэж оролдсон сэтгүүлчид эрх баригчдын улс төрийн дайсан болчихлоо. Ямар ч хамаагүй аргаар барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг, эцэст нь хэрэг тохдог тогтолцоо бий болж байна. Энэ бол харгис төрийн шинж. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ харгис тогтолцооны золиос болон хоригдож байна. Н.Өнөрцэцэг өнөөдөр сэтгүүлч гэхээсээ эрх баригчдын заавраар явдаггүй, нийгэмд нөлөө бүхий субъект гэдэг утгаараа эрх баригчдын дайсан болчихсон учраас хоригдож байна гэж үзэж байна. Шуудхан хэлэхэд, улс төрийн хоригдол болчихлоо. Сайн ажиглавал эрх баригчид эхлээд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллээр эхэлж гэмт хэрэгтэн болгож нийгэмд яллаад, дараа нь хорьж цагддаг. Эцэст нь ямар нэг хэргээр ял өгдөг боллоо.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Юуны өмнө сэтгүүлчдийг яллаад байгаа эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна. Цаашдаа улс төр, төрийн алба хашиж байгаа хүмүүс гүтгэлээ гэдэг заалтаар сэтгүүлчдийг шалгуулж, залхаан цээрлүүлэхэд ашигладаг тогтолцоотой байж болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *