Монгол Улсаас анх удаа Андоррагийн Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Энэ үеэр Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа Монгол, Андоррагийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв.
Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол орны тухай төсөөлөл, сэтгэгдлээ хуваалцсаны сацуу Монгол Улсаас анх удаа Андоррагийн Хант Улсад томилогдсон Элчин сайд М.Батсайханд ажлын өндөр амжилт хүсэв. Мөн Андоррагийн Гадаад хэргийн сайд ноён Жилбер Сабояа Элчин сайд М.Батсайханыг хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцож, хоёр улс харилцан бие биенээ таньж мэдэх, сурталчлах бүхий л санал санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Андоррагийн Хант Улсын Засгийн газрын Тэргүүн ноён Антони Марти Пети-д илгээсэн үндэсний баярын илгээлтийг гардуулав.
Монгол Улс Андоррагийн Хант Улстай 2011 оны 11 дүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын төрийн тэргүүний үүргийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч, Испаний Вант Улсын Каталон мужийн Урхелийн Хамба нар хамтран хашдаг, 84525 хүн амтай, аялал жуулчлалын салбар голлосон эдийн засагтай, худалдааны чөлөөт бүс бүхий улс юм.