Өнгөрсөн ням гаригт Спорт ба допинг хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд болов.
Хэлэлцүүлэгт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Улсын аварга О.Балжинням, Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нар оролцов. Хэлэлцүүлгээр бөхчүүдээс явцын шинжилгээ авах уу, допингийн зөрчил гаргасан тамирчдын эрхийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд туулж ирсэн асуудлуудаа нэгтгэн хэлэлцэв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдээс явцын шинжилгээ авах эсэх талаар “МҮБХ-ны зүгээс цаашид допингийн шинжилгээ авна гэсэн байр суурьтай байна. Үүний тулд нэг л асуудал бий. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын бүтэц зохион байгуулалт, засаглалыг өөрчлөх. Явцын үеийн шинжилгээ, бэлтгэлийн үеийн шинжилгээг авахад тусдаа комисс байх ёстой. МҮБХ-ны дэргэд ч тусдаа комисс байх шаардлагатай. Өмнө нь бид бөхийн дэвжээдээр явж нэрс цуглуулаад, олон санал авсан бөхийг допингийн явцын шинжилгээнд хамруулж байлаа.
Түүнчлэн МҮБХ-нд ирсэн саналыг харгалзаж шинжилгээ авч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 148 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад есөн бөх зөрчил гаргасан. Цаашид шинжилгээ авахаас өөр арга байхгүй” гэв.
Түүний онцолж байгаагаар МОНАДА болон МҮБХ-ны дэргэд комисс байгуулсны дараа допингийн явцын шинжилгээ авах гэнэ. Тухайн комисс эмч, хүний эрхийг хамгаалагч, хуульчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээр бөхчүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх гэнэ. Тухайн баг явцын шинжилгээг хэнээс авах, допингийн зөрчил гаргасан тамирчинд хариуцлага оногдуулах үүрэгтэй байх гэнэ. Хэн нэгний хатгаасаар допингийн шинжилгээ авдаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үзэгдэл цэгцэрнэ гэдгийг бөхчүүд онцолж байна. МОНАДА-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж комисс байгуулагдтал бага биш хугацаа орох нь. Ямартаа ч ойрын хоёр жилийн хугацаанд бөхчүүдээс явцын шинжилгээ авахгүй юм байна.
Энэ асуудлын хүрээнд хуульч Э.Бат-Энхээс зарим зүйлийг тодрууллаа.
– Хэн дуртай тамирчнаасаа допингийн шинжилгээ авах эрх зүйн орчин бий юу. Энэ нь тамирчны эрхийн зөрчсөн асуудал уу. Зарим бөхчүүдийн зүгээс үүнийг хүний эрхийн зөрчил гэх байр суурийг илэрхийлж байна л даа?
– Манайх олон улсын допингийн эсрэг байгууллагад 2007 онд элссэн байдаг.
Ингэснээрээ ВАДА-ын стандартыг мөрдөх үүрэг хүлээсэн гэсэн үг. Допингийн шинжилгээ авахад нарийн стандарт бий. Энэ бүхнийг манайд мөрдөж ажиллахгүй байна. Зүгээр барилдахаар ирсэн бөхөөс шууд шинжилгээ авах нь тухайн тамирчны эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн. 2007 онд нэгдсэн ВАДА-ын дүрмээ зөрчиж байгаа үйлдэл.
– Яагаад зөрчил боддог юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
– Допингийн шинжилгээ авч байгаа байгууллага дэргэдээ үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой. Тухайн багт нь тамирчдаас хараат бус гэж гарын үсэг зурсан хүмүүс байх талаар Допингийн эсрэг үндэсний дүрэмд тодорхой заасан байдаг. Энэ хүмүүс допингийн шинжилгээнд хамрагдах тамирчдыг тодорхойлдог. Үүнд үндэслэж допингийн шинжилгээ авдаг. Үүнээс биш зүгээс нэг тамирчнаас хэн нэгний хатгаасаар ч юм уу шинжилгээ авдаг, өнөөх нь өвчин намдаах эм уусан явж таараад асуудал дагуулдаг. Ингээд шууд шонд өлгөдөг асуудал байж таарахгүй. Энэ бол тамирчны эрхэд халдсан ноцтой үйлдэл.
– МҮБХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд 148 бөхийг явцын шинжилгээнд хамруулсан талаар Ц.Магалжав тэргүүн хэлж байна. Үүний тодорхой хувь нь Баяр наадмын бус үеийн шинжилгээ. Энэ үйл ажиллагааг дотоод журмаараа явуулсан талаараа онцолж байна л даа?
– Би дахиад хэлье. Манайд ВАДА-д элссэн. Үүгээрээ дүрэм, стандартыг нь мөрдөх үүрэг хүлээсэн. Үндэсний бөхийн холбоо дотоод журам баталж бөхчүүдээс шинжилгээ авдаг субъект биш. ВАДА-ын дүрмийг зөрчиж, тамирчдын эрхэд халдсан үйлдэл. Хэрэв МҮБХ бөхчүүдээс явцын шинжилгээ авах бол үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой.
Хэн нэгний хатгаасаар ч юм уу хэдэн бөхөөс нэр цохож шинжилгээ аваад зөрчил гаргасан бөхийг тэргүүлэгчид нь өөрсдөө шийтгэж байгаа нь ноцтой ажиллагаа. Тэдэнд ийм эрх зүйн чадамж байхгүй. Шууд хэлэхэд энэ бол хэлмэгдүүлэлт.
– Э.Оюунболд, Б.Лхагвадорж. Ц.Мөнхбаяр нараас авхуулаад олон бөх ийм жишгээр эрхээ хасуулсан шүү дээ. Тэд хэлмэгдсэн гэсэн үг үү?
– Дүрмийн бус үйл ажиллагааны хохирогч болсон гэсэн үг.
– Тэд эрхээ яаж хамгаалах вэ?
– Үндэсний спортын арбитрт хандаад л сэргээх боломжтой. Арбитрын шийдвэр эцсийнх.
Энэ үеэр Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхан олны анхаарал татсан зүйлийг онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан. Улсын арслан М.Бадарч арбитрт хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ шинжилгээ өгсөн бүх бөхийн шинжилгээний хариуг арбитрын журмаар татуулах хүсэлт гаргасан гэж сонссон. Энэ асуудал шударга байдлаар шийдэгдвэл маш ноцтой асуудал” гэв.
Өнгөрсөн зуны баяр наадмын түрүү бөх М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Улмаар Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс түүний улсын арслан цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байгаа. Гэсэн ч М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандсан байна. Үндэслэл нь өнгөрсөн жилийн наадмын шинжилгээний хариуг татан төвлөрүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх шинжилгээний үйл явц шударга явагдсан эсэхийг нягтална гэсэн үг. Хэргийг Үндэсний спортын арбитраас шалгаж байгаа юм байна.
Энд онцлоход МОНАДА-ын тэргүүнээр ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ар гэр болон ажлын байранд шалгалт оруулахад бэлнээр 140 сая төгрөг олдсон байдаг. Түүнчлэн бөхчүүдийг допингийн шинжилгээний хариуг БНСУ дахь лабораториос хувийн и-мэйл хаягаараа хүлээж авдаг, үүнийгээ устгасан зэрэг нь эхний байдлаар тогтоогдсон. Яг одоо АТГ устгасан и-мэйлийг сэргээх, БНСУ дахь допингийн шинжилгээний лабораториос дахин авах ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний ард Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайханы онцолсон допингийн зөрчил гаргасан гэх 16 бөхийн асуудал тодорхой болох нь
Ж.Хатанбаатар нь допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг, үүнийхээ шанд авлигал авдаг байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа. Үүнд нь зарим нөлөө бүхий улстөрчид ч холбогдсон гэх мэдээлэл бий.
Нэр бүхий этгээдүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээс мөнгө нэхэж хариуг далдалдаг, шээсийг сольдог асуудал өнгөрсөн хугацаанд явж ирсэн, үүнд нь тухайн бөхийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд хутгалдаж ирснийг эх сурвалж онцолж байна. Зөвхөн өнгөрсөн наадмаар л гэхэд 16 бөх допингийн зөрчил гаргасан ч үүнийгээ аргалуулж, зөвхөн М.Бадарч л ойлголцож чадаагүйгээрээ “туг тахиулсан” асуудлыг мэдээллийн хамгийн ойр эх сурвалж Н.Цогтсайхан онцолж байна.
Тэрбээр “Допингийн шинжилгээний үед ямар нэгэн процессын алдаа гарахад тухайн шинжилгээ тэр чигээрээ хүчингүй болдог. Тухайн шинжилгээнд процессын алдаа гарсан эсэхийг арбитр тогтоодог. Спортын арбитрын шийдвэр эцсийнх” гэдгийг онцолж байна. М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандаад байгаа. Энэ өдрүүдэд шалгалтын үйл явц үргэлжилж байгаа.
Допингийн шинжилгээний завхралтай холбоотойгоор Улсын арслан М.Бадарчийн цолыг хураахгүй өнгөрөх боломжтой тухай хуульчид хэлж байна. Бүр цаашлаад 2019 онд допингийн зөрчил гаргаж Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболд ч хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулж буцаан авах боломжтой гэнэ.
Б.Сайнбаяр
8 replies on “М.Бадарчийн цолыг хураахгүй. Э.Оюунболд нар ч цолоо эргүүлж авах боломжтой DNN.mn”
Ямар допингийн шинжилгээ авах гэж муухай аргаар зохион байгуулдаг юм бэ арай арай тохиролцох гэнэ үү тохиролцоогүй нь бүрдэрдэг яана даа яана энэ хэн оногдох бол
Бадарч арслан Хатанбаатар гэх эрхэмд мөнгө өгч далдаганах хүчгүй бөх биш л дээ. Өөрийн чадлаар түрүүлсэн учраас л түүнтэй эвсээгүй нь тодорхой. Допинг хэрэглэсэн бол яагаад ч эсэргүүцэхгүй шүү дээ. Бадарч арслангийн буянаар хэлмэгдсэн бөхчүүд сэргээгдэх нь ээ. Ёстой зөв
Оюун болд гэдэг хүнээр Содном дорж увсынхантай нийлж тоглож өгсөн дө хамгийн харамсах юм энэ болсон үнэ ялдаг хорвоо юм да
За эрхэм хүндэт нөхөдүүдийн хэлж яриад байгаа асуудал буруу шийдвэр бас нэг хэрэгтэнд боломж олгосон шийдвэр гаргасан байна түрүүндэн МҮБХ ны баяр наадмын комиссын шийдвэр гаргасан нь зөв байдаг мөн бөхчүүдээс явцын шинжилгээ авахгүй бол Монгол бөхчүүд бүгд допеинг хэрэглсэн допеингийн орон болж өндөрлөж магдгүй зарим шудрага өөрийнхөө эрүүл мэндийг боддог бөхчүүд допеингтой бөхчүүдтэй барилдаж хохирох гээд олон төрлийн асуудал шил шилээ дагаад гарч ирэх зарим нэг бөхчүүд барилдахгүй гэж Монгол бөхчүүдийн нэгэндээ итгэх итгэл алдагдаж Монгол наадам бөхгүй наадам болж магдгүй шийдэлд хүрэх юм байна гэж ойлгогдохоор байна
Heden heruulch hovch avgai nar shig bna
Адьяахүү багш нь л Оюунболдыг допингтой орооцолдуулж аварга цолыг нь хураалгасан гэдэг яриа байдаг юм билээ
Театрчилсан улс төртэй адил Оюунболд гэдэг залуу Цэнгэлдэх хүрээлэнд театр үзүүлж байх шиг санагддаг. Толгой хаялаад гүйхээрээ түрүүлдэг зүгээр гүйхээрээ шөвгөрч чаддаггүй гэх мэт …
Үндэсний бөхийг спортын төрөлд оруулахгүй болгоод улсын цол олгохоо болих хэрэгтэй юм.Допингоо хэрэглэнэ үү больнуу тэдний л хэрэг.Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж цол олгодог нь үндсээрээ буруу байна.Хурдан морь,Үндэсний сур харваа,шагайн харваа гээд олон наадам нь спорт биш,наадам тул улс оролцох хэрэггүй