Categories
мэдээ цаг-үе

М.Баасандорж: Зураг төслийг өөрчилж орон сууц барьж байсан “Нийслэл Өргөө”-г АТГ-т шалгуулна

-ОН ГАРСААР БАРИЛГЫН
ОСЛООР 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Барилгын салбарын аюулгүй ажиллагааны талаар Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой ярилцлаа.

-Зуны
улиралд барилгын осол ихэсдэг. Энэ жил ч багагүй осол гарч байна. Ослын шалтгаан
нь юу байна вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хянан шалгалтын ажлыг хоёр
үе шаттай хийсэн. Үүнээс гадна зөвлөн туслах, сургалт сурталчилгааны ажлыг цөөнгүй
хийлээ. Гэвч он гарсаар барилгын салбарт найман осол гарлаа. Нэг хүн хүнд гэмтэж,
11 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна. Эдгээрийн 50 хувийг барилга дээр
хаалт, хамгаалалт хийгээгүйн улмаас өндрөөс унасан осол эзэлж байна. 

Харин 37.5
хувь нь хөдөлмөрийн аулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар сургалтын хөтөлбөр боловсруулж,
ажилтнуудад аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүйгэс үүдсэн осол болж байна. Тухайлбал,
энэ оны нэгдүгээр сарын 3-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг “Өндөрбуянт холдинг”
компанийн барьж байсан барилгын есдүгээр давхарт хөлдсөн паар гэсгээх үед секц задарснаас
хийн даралтад цохиулж нэг хүн нас барсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ нь хүчингүй,
гаг­нуурч­наар ажилд авсан хүнээр сантехникийн ажил гүйцэтгүүлж Хөдөлмөрийн тухай
хууль зөрчсөн байсан. Мөн гагнуурчин хүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахдаа сургалтад
хамруулаагүй, ажлын анхан шатны зааварчилгаа өгч, шалгалт аваагүй зэрэг зөрчлөөс
үүдэж хүний амь хохирсон байна.

-Дараа
нь машин дээр барилгын төмөр унаж жолооч нь нас барсан. Бас хөдөлмөр, аюулгүй ажиллагааг
хангаагүй байсан уу?

-Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны
өдөр “Макс-Өргөө” компанийн захиалгаар “Зун-Шин” компанийн барьж байгаа 22 давхар
барилга дээрээс дүүжин өргүүрийн бэхэлгээ төмөр салж, машин дээр унасан. Уг өргүүрийн
төмөр нь туслан гүйцэтгэгч “Мээж класс” компанийнх юм билээ. Ослын улмаас автомашины
жолооч газар дээрээ нас барж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан ажилчин хамгаалалтын
бүсэн дээр тогтож, хөнгөн гэмтсэн. Энэ осол нь өргүүр өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн
бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж,
зохих зөвшөөрөл аваагүй. Мөн засвар, үйлчилгээ, тохируулгыг хугацаанд нь хийгээгүй
зэргээс болсон байна. Үүгээрээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон
Барилгын тухай хууль зөрчсөн.

-Энэ
бүгд үйлдвэрлэлийн осол уу. Эсвэл гэмт хэрэг гэж үзэх үү?

-Гэмт хэргийн шинжтэй байгаа бол цагдаагийн байгууллага шалгаад явна.
Тухайлбал саяхан “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж
амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

-“Нийслэл
Өргөө” компанийн тухайд хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүй байсан
гэж байсан. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө”
компанийн барьж байсан барилгын лифтний хонгилд хэв хашмал хийж байгаад гурван хүн
унаж амиа алдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын
байгууллага мэргэжлийн талаасаа дүгнэлт гаргаж байна. Нэгдүгээрт, хөдөлмөр аюулгүй
ажиллагааны стандарт, шаардлага хангаагүй. Уг нь өндөрт ажиллах ажилчид хамгаалалтын
бүсээр хангагдаж, урьдчилан бэхлэгдсэн найдвартай бэхэлгээнээс хамгаалалтын бүсээ
бэхлэсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл хамгаалалтын бүс, бүсний бэхэлгээгүй байсан.
Мөн бороотой үед угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, бороотойд
шаардлага хангаагүй тавцан дээр ажиллаж байжээ. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг
хэрэглэсэн эсэх нь ч тодорхойгүй байна.

-Хөдөлмөр
хамгааллын аюулгүй ажиллагааг мөрдөөгүй нь тодорхой болсон юм байна. Ямар арга хэмжээ
авсан бэ?

-Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгын үйл ажиллагааг бүхэлд
нь хориглох шийдвэр гаргасан.

-Тэр
барилгын зориулалт нь цахим архивын барилга буюу офисс байсан бололтой юм. Гэтэл
орон сууцны барилга барьж байгаа гэх юм. Үүнд танай байгууллага хяналт тавьж байсан
уу?

-Яамны захиалгаар цахим архивын 10 давхар барилга барих зураг төсөл
хийлгэсэн байдаг. Гэтэл зургаан сарын дараа нэг блок нь архивын барилга, нөгөө блок
нь орон сууцны барилга байхаар зөвшөөрөл гаргуулчихсан байгаа юм. Энэ зөвшөөрлийг
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж өгсөн байна лээ. Ингэж барилгын
зураг төслийг дур мэдэн өөрчилсөн нь төрийн албан хаагчид нөлөөлсөн, албан тушаалаа
хэтрүүлэн ашигласан байж мэдэх асуудал. Барилгын зураг төслийг өөрчилсөн, магадгүй
улсын төсвийн хөрөнгөөр орон сууц барьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тэнд орон
сууц барих ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын эзэмшиж байгаа газар, ойр хавьд
нь яамдууд байрладаг. Тиймээс ослоос гадна дур зоргоороо аашилж барилгын зураг төсөл
өөрчилсөн нөхдүүдийг шалгуулах асуудал яригдаж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх
газарт энэ асуудлыг шалгуулна. Тэр үйлдэл нь тодорхой албан тушаалтнуудын үйлдэлтэй
холбоотой учраас АТГ руу материалыг нь шилжүүлж байгаа юм.

-Барилгын
зураг төслөө өөрчилсөн гэдгийг танай байцаагчид ослын дараа мэдсэн үү. Өмнө нь шалгалт
хийж, шаардлага хүргүүлж байв уу?

-Өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийж улсын байцаагчийн актаар үйл
ажиллагааг нь зогсоосон. Мөн улсын байцаагч хугацаатай үүрэг даалгавар өгч байсан.
Краныг нь зогсоочихсон байхад нууцаар ажиллуулсан. Харамсалтай нь “Нийслэл Өргөө”
компани шаардлага биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан.

-“Нийслэл
Өргөө” бол төсвийн хөрөнгөөр баригдсан цөөнгүй барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан.
Өмнө нь бас тус компанийн барьж байсан барилгаас хүн унаж амиа алдаж байсан. Удаа
дараа зөрчил гаргаад байхад арга хэмжээ авдаггүй юм болов уу?

-Манайхаас тухай үед нь шалгалт хийгээд Барилга, хот байгуулалтын
яам, Нийслэлийн Засаг даргад асуудал тавьж байсан. Тэр хэрэг өнөөдөр ямар шатанд
явж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг нь
тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг 2013 онд хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч барилгын
салбарт үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа.

-Барилгын
ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө хамгаалах хэрэгсэл, хувцас шаардаж авдаггүй. Өгөхөөр
өмсдөггүй гэж ярьдаг. Энэ бас ослын шалтгаан болж байна уу?

-Он гарсаар барилгын салбарт гарсан ослын 65 хувь нь хувь хүний зан
төлөв, буруу хэвшлээс үүдсэн байна. Харин 25 хувь нь удирдлага зохион байгуулалт,
төсөв санхүүгээс болсон гэдэг судалгаа гарсан.

-Тэгэхээр
барилгачдад мэдээлэл дутуу байгаа юм биш үү?

-Энэ асуудалд онцгой анхаарч ажилчдыг аль болохоор сургалтад хамруулахаар
ажиллаж байна. Өнгөрсөн хавар ажил олгогч 500 хүн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны
сургалт зохион байгууллаа. Зургадугаар сард “Автобустай сургалт” гээд том том компанийн
барилгын талбай дээр очиж нэг сарын хугацаатай сургалт зохион байгууллаа. Хэвлэл,
мэдээллийн хэрэгслүүд ч багагүй анхааруулж мэдээлдэг. Гэвч барилгын салбарын осол
буурахгүй байна. Ажил олгогч, ажилчид, иргэд гээд бүгд аюулгүй ажиллагааны талаар
хамтарч ажиллаж мэдээлэлтай баймаар байна. Баянгол дүүргийн Засаг дарга “Нөхөрлөл”
гэдэг ажил зохион байгуулаад хоёр, гурван хорооны барилгын ажил дээр туршилт хийсэн
байна. Үр дүнд нь Баянгол дүүргийн 12 дугаар хороонд барилгын ямар ч осол гараагүй.
Ингээд хамтраад ажиллавал үр дүнд хүрэх боломжтой.

-Мэргэжлийн
бус хүмүүс барилгын салбарт ажиллаж байгаа нь осолд нөлөөлөх юм уу?

-Сургалтын төвүүдийг цэгцлэхгүй бол осол буурахгүй байна. Түр сургалтын
чанар үнэхээр муу, зохион байгуулалтад орохгүй байна. Нэг бол Хөдөлмөрийн яам, эсвэл
Боловсрол шинжлэх ухааны яам дэргэдээ авах шаардлагатай. Сургалт зохион байгуулж
байгаа нэрийн дор шаардлага хангахгүй боловсон хүчин бэлтгэдэг. Нөгөөдүүл нь ажлын
байран дээр ирээд аюулгүй ажиллагааны наад захын мэдлэггүй байдаг. Краны дохиочны
сургалтад суугаад гэрчилгээтэй ирсэн хүн буруу дохиод аваар осол гаргадаг. Туслах
ажилчид сургалтад хамрагдсан хэрнээ өөрийгөө хамгаалах наад захын мэдлэггүй байдаг.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *