Ойрын өдрүүдэд хур бороо орох нь багасч, ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.
Өчигдрийн байдлаар Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Төв аймгийн Лүн сум орчмын Туул гол, Мөнгөнморьт суманд байх Хэрлэн голын эх болон дунд, Хэнтий аймгийн Дадал сум орчмын Онон гол үерийн түвшинг 5-25 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см давсан байдалтай байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх магадлалтай байгааг Ус, цаг уур судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн юм.
Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, голын ойр орчимд архидан согтуурахгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.