Categories
гадаад мэдээ

Луизианад 1.1 сая орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй байна

АНУ-ын Луизиана муж улсыг “Ида” хар салхи дайран өнгөсний улмаас 1.1 сая орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй хэвээр байна гэж тус муж улсын захирагч Жон Бел Эдвардс орон нутгийн цагаар даваа гаргийн орой мэдэгджээ.

“Луизианагийн зүүн өмнөд нутгийн ихэнх хэрэглэгч гэрэл цахилгаангүй болоод буйтай холбогдуулан 25 мянган шугамын засварчин цахилгаан хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна” хэмээн Ж.Эдвардс мэдээлсэн байна.

“Юун түрүүнд бид эмнэлгүүдийн цахилгааныг сэргээх шаардлагатай. Ингэснээр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй, мөн амьсгалын аппаратанд орсон хүмүүс эмчилгээг үргэлжлүүлж чадна. Бүх цаг үед үүнийг эн тэргүүнд тавьсаар ирсэн. “COVID-19” халдвар тархаад буй үед энэ нь улам их ач холбогдолтой болоод байна” гэж захирагч нэмж хэлжээ.

Түүний мэдээлснээр, Луизианагийн гурван эмнэлгийн өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд дөрөв дэх эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Мөн шуурганы улмаас Асеншен пэришт 60 настай эрэгтэй амиа алдсаныг Ж.Эдвардс батлан мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *