Categories
гадаад мэдээ

Лондонд эсэргүүцлийн жагсаал боллоо

Их Британийн нийслэлд оюутнуудын эсэргүүцлийн цуглаан боллоо. Тус улсын эрх баригчид боловсролын салбарын төсвийг танасныг ийнхүү эсэргүүцсэн байна. Жагсагчид мөн сургалтыг төлбөргүй болгох шаардлага тавьжээ. Энэ үеэр Лондон хот дахь Консерватив намын байрыг хамгаалж байсан цагдаагийн ажилтан руу халдсан хоёр оюутныг баривчилжээ. Жагсаалын үеэр нийтдээ 11 оюутныг саатуулсан байна. Уг арга хэмжээ тайван жагсаалаар эхэлсэн боловч Парламентын талбай дээр очоод хамгаалалтыг сэтлэхэд эмх замбараагүй байдал үүссэн байна. Тэд “Starbucks” кофены газар руу дайрахыг завджээ. Дэлхийн улс орнуудад сүлжээтэй “Starbucks” нь Их Британид төлөх ёстой татвараа өгөхгүй байгаагаас оюутнууд ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн байна.

Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Аарон Килигийн ярьснаар оюутнууд ирэх онд болох бүх нийтийн сонгууль хүртэл эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Ингэх үндэслэл ч бий гэдгийг тэд дурдсан байна. Их Британид нэг оюутан дунджаар 40 мянган фунт стерлингийн өртэй аж. Тэд их, дээд сургуульд суралцахын тулд сургалтын төлбөрийн зээл авдаг бөгөөд үүний улмаас тэдний амьдрал нэлээд хүнд байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *