Categories
гадаад мэдээ

Ливаны III дайн эхлэв DNN.mn

Өчигдөр Израилийн арми “Бид Ливаны өмнөд хэсэг, Бекаа хөндийн зүүн хэсэг, Сирийн ойролцоох хойд бүс нутагт хамгийн том, өргөн цохилт хийж, 24 цагийн дотор Ливан дахь Хезболла бүлэглэлийн 1300 объектод цохилт өгсөн. Ливаны тосгодуудын дунд, энгийн иргэдийн гэрт байрлуулсан Хезболлагийн далавчит болон бусад янз бүрийн төрлийн пуужин, дронуудыг нь устгасан. Хезболла эдгээрийг Израиль руу чиглүүлж, манай ард түмэнд аюул учруулахаар төлөвлөж байсан” гэж мэдэгдэв.Харин Ливаны эрх баригчид “Наад зах нь 492 хүн, түүний дотор 35 хүүхэд амиа алдаж, 1600 гаруй хүн шархадсан” гэж мэдэгдэв. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ливаны нэгэн албаны хүний хэлснээр, энэ нь 1975-1990 оны хооронд дөрвөн шаттай явагдсан Ливаны ислам болон христийн шашинтны хооронд болсон иргэний дайн дууссанаас хойших хамгийн олон хүний амь үрэгдсэн явдал боллоо гэж онцолжээ.

Мөн Израилийн Батлан хамгаалах хүчний жанжин штабын дарга Херзи Халеви “Үндсэндээ бид Хезболлагийн сүүлийн 20 жилийн турш байлдаанд зориулан барьж бэлдсэн, дэд бүтцэд цохилт өгч байна. Бид онилсон байнуудаа онож, устгаж чадлаа. Энэ бол маш чухал зүйл. Үүний ачаар Израилийн зэвсэгт хүчин цохилтод өртөөгүй үлдсэн Хезболла бүлэглэлийн гишүүдийн эсрэг Ливанд хийх ажиллагааныхаа дараагийн шатанд орох боломж бүрдэж байна” гэж хэлжээ.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны оршин суугчдад хандан “аюултай бүсээс” гарахыг уриалаад “Израилийн цэргийн ажиллагаа дуусмагц хүмүүс гэр лүүгээ буцах боломжтой болно” гэж мэдэгдэв. Харин Ливаны Эрүүл мэндийн сайд Фирасс Абиад “Эдгээр халдлагын гол зорилго нь эдгээр бүс нутгаас энгийн иргэдийг дүрвээх явдал байсан. Учир нь Израилийн халдлагууд эхлээд ямар нэгэн байг онилж байсан бол дараа нь хамаа намаагүй цохилт болж хувирсан. Ливаны хүн амын дийлэнх олонх нь дайныг хүсэхгүй байна.Харин энэ дайн гаднаас орж ирж байна” гэж мэдэгдэв.

Бейрут дахь ВВС-ийн сурвалжлагч Нафис Коннавард “Өчигдөр өглөө Ливаны өмнөд нутгийн оршин суугчид Хезболлагийн зэвсэг хадгалахад ашиглаж буй орон сууцны барилгуудаас хол байхыг уриалсан мессэж болон дуут уриалга хүлээн авсан” гэж мэдээлэв. Олон нийтийн сүлжээгээр тархсан нэгэн бичлэгт Ливаны тосгоны оршин суугчид Израилийн ажиллагаа үргэлжилж, “шинэ үе шатанд” орсон тухай дуут шуудан хүлээн авч, уг бичлэгт “Хэрэв та Хезболлагийн ашиглаж буй тосгонд байгаа бол аюулгүй байдлын үүднээс эндээс нэн даруй яв” гэж байгааг харуулжээ. Ливаны Мэдээллийн сайд Зиад Макари түүний оффис ч ийм сэрэмжлүүлэг бүхий дуудлага хүлээн авсан гэж мэдэгдээд үүнийг “Израилийн явуулж буй сэтгэл зүйн дайны нэг хэсэг” гэж

нэрлэжээ. Ливаны үндэсний мэдээллийн агентлаг (NNA) мэдэгдэлдээ “Бейрут болон хэд хэдэн бүс нутгийн иргэд “Израилийн яаралтай нүүх хэрэгтэй” гэсэн анхааруулгыг суурин утсаар хүлээн авсан гэж мэдээлжээ. Ийнхүү Ливаны III дайн эхэлж буй нь тодорхой болов.

Ливаны I дайн 1982 онд болсон бөгөөд зорилго нь Ливанд буй Палестиныг чөлөөлөх байгууллагын цэргийн баазуудыг устгах явдал байв. Харин Ливаны II дайн 2006 онд эхэлж, долдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 14 хүртэл ердөө сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Шалтгаан нь долдугаар сарын 12-нд “Хезболла” бүлэглэл Израилийн хилийн харуул руу дайрч, цэргүүдийг нь барьцаалсан юм. Үүний хариуд Израиль долдугаар сарын 22-нд хуурай замын ажиллагаа явуулж, наймдугаар сар гэхэд Ливаны хэд хэдэн хотыг эзэлж, олзлогдсон цэргүүдээ суллаж авсан юм.

Г.АМАРСАНАА

One reply on “Ливаны III дайн эхлэв DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *